С.САРУУЛ
Элчин сайдуудтай холбоотой асуудалд ямар бодлого баримтлах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Засгийн газрын комиссыг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Нүүрсний экспорт болон эдийн засгийн бусад үйл ажиллагаа хамаатай учир БНХАУ-ыг Сангийн сайд хариуцаж, газрын тос гэх мэтчилэн асуудал бий тул Энэтхэг улсыг Г.Ёндон сайд хариуцах гэх мэтээр явна. Элчин сайдуудын томилгоог ч мөн анхаарна. Элчин сайдууд ерөнхий юм их ярьдаг. Иймд бизнесийн суурьтай байх шалгуурыг тавина. Тухайн улсад очоод ийм төсөл хэрэгжүүлнэ, энийг хий, голлож ажилла гэдэг болно. Монгол Улсын ашигт үйлийн коэффицентийг маш бага ашиглаж байгаа санагддаг. Манайх хэт нүсэр зүйлээр бага бүтээмж үйлдвэрлэдэг бүтэцтэй. Гэхдээ энэ бүхнийг шалтаг болгон тоочилгүй туулаад л гарах учиртай. Жишээлбэл, Соёлын яам мөнгө зардаг байгууллага гэхээс илүү Холливудын нэг киног яаж Монголд хийх талаар бодох учиртай. Түүнд тулгуурлан наадмын үеэр дэлхийн том шоуг хийх вэ гэх зэргээр агуулгаар нь харна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn