Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаас “31 дэх” болон улирсан У.Хүрэлсүх 2021 оны нэгдүгээр сарын 21-нд засгаа аваад огцорсон. Огцорсон шалтаг, шалтгаан хоёр огт өөр байсан түүний дараагийн Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорсон. 22-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас нь нэр дэвшүүлж, саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Харин Ерөнхийлөгч 27-ны өдөр Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн 87.9 хувийн саналаар 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Улмаар нэгдүгээр сарын 29-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нараа УИХ-д танилцуулж, тангараг өргүүлэв. Ингэж түүний тэргүүлсэн Засгийн газар ажилдаа орж байв. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажиллаж буй ийм хүнд цаг үетэй Монгол Улс, дэлхий ертөнц урьд өмнө тулж байгаагүй юм. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ шиг танхимаа дөнгөж бүрдүүлчихээд том ам гарч байсан Ерөнхий сайд байхгүй л болов уу. Тэрээр 2021 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын чуулганы индэр дээрээс “Манай Засгийн газар цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй олон асуудал, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төржилт зэрэг олон асуудалтай нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байна” гээд Засгийн газрынхаа өмнө тавьсан дөрвөн зорилтыг танилцуулж байв.
Тэр өдрөөс хойшх 100 хоногт Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар юу амжуулав?
... Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
/2021.1.29. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
2021.2.11. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хатуухөл хорио тогтоолоо.
2021.2.22. БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "АстраЗенека" вакцины 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Синофарм" компанийн "Вероселл" вакцины 300 мянган тунг хүлээн авлаа.
2021.2.23. Монгол Улсад вакцинжуулалт эхэлж, Ерөнхий сайд анхны тунг тариулав.
2021.4.7. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли утсаар ярив. Ерөнхий сайд нар хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
2021.4.10. Дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хатуухөл хорио тогтоов.
2021.4.22. Тасраад байсан вакцин ирэв. 950 орчим мянган тун вакцин татаж авлаа.
2021.4.25. Хатуу хөл хориог тавдугаар сарын 8-ны өдрийг хүртэл сунгав.
2021.4.28. Монгол Улсын нийт иргэдийн 37 хувь нь вакцинжуулалтад хамрагдав.
2021.4.29. Our World in Data-д Монгол Улс вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлсэн талаар мэдээллээ.
2021.5.3. “The New York Times” вакцинжуулалт амжилттай явж буй 68 орны жагсаалтыг гаргажээ. Монгол Улс вакцинжуулалтаараа дэлхийд 17 дугаарт бичигдэв.
2021.5.7. ДЭМБ-ын тэргүүн Др.Тедрос Адханом Гребесесус “БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн коронавирусын эсрэг вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглээний жагсаалтад оруулж, аюулгүй байдал, үр дүн, чанарын баталгаажуулалтыг хийсэн зургаа дахь вакцин боллоо” гэв.
2021.5.9. Нийслэлийн иргэдийн 93 хувь, орон нутгийн иргэдийн 70 хувь нь вакинжуулалтад хамрагдав.
...Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ.
/2021.1.29. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
2021.2.17. Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлав. Төлөвлөгөөнд ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, залуучуудад хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг, “Залуус I, II, III” хорооллын бүтээн байгуулалт, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, ХАА-н үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөг, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэхээр тусгасан юм.
... Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана.
/2021.1.29. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
2021.4.9. “Оюутолгой” ХХК-аас татварын актаар тушаагдсан төлбөрөөс иргэн бүрт 300 мянган төгрөгийг Оюутолгойн ордын хишиг болгож тараав.
2021.4.30. “Оюутолгой” ХХК-ийн арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ тус компанийн хувьцааны олонхийг эзэмшигч “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”, “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлт гаргасан байна. Мөн “Рио Тинто” компани Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн, Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах зэрэг сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Мөн Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй гурван удаа уулзсан байна.
... Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ.
/2021.1.29. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
2021.2.10. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг Төрийн ордон дахь өрөөндөө хүлээн авч уулзав. Тэр үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-аас шинэ Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулсан. Тэр уулзалтаар удтал яригдсан хоёр нам нэгдэх асуудал яригдаж, удалгүй ажлын хэсгүүд томилогдож, уулзалт хэлэлцээр үргэлжилсэн. Улмаар МАН, МАХН нэгдэх шийдвэрт хүрчээ.
... Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно.
/2021.1.29. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
2021.3.8. Засгийн газар ээлжит бусаар хуралдаж С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Тэрээр "Шүүхийн гэм буруугийн асуудлыг гүйцэтгэх засаглал ярьж болохгүй. Гагцхүү шүүн таслах ажиллагаа шударга явагдсан эсэх, хүний эрх зөрчсөн эсэх асуудлыг эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр хөндөж байна” гэж мэдэгдсэн.
... Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно.Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно.
/2021.1.29. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
2021.3.31. Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргалаа.
Мөн өдөр Дээд шүүх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр 1.5 жилийн хорих ял оноов.
... Хувь хүн биш, хууль засагладаг шударга төртэй байхын төлөө өөрт байгаа бүх боломжоо дайчилж, хичээнгүйлэн зүтгэх болно.
/2021.1.29. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
2021.4.16. Цэц Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэсэн шийдвэр гаргав.
2021.4.27. Дээд шүүх АН-ын хоёр тусдаа дарга тодруулж, Үндсэн дүрмээ баталсныг алийг ч бүртгэсэнгүй. Татгалзаж шийдвэрлэв.
2021.5.5. ҮАБЗ-ийн хурал дээр Ерөнхийлөгч Х.Баттулгад “АН-ыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр хоёр Ерөнхийлөгч өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал. Битгий төрийн асуудал болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнуулсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш” гэжээ.
...Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. ...Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. ...Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно.
/2021.1.29. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
2021.5.6-7. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллаж,“Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” барих ажлыг эхлүүлэв. Нүүрсэнд нэмүү өртөг шингээх үйлдвэр 2023 онд ашиглалтад орно. Үйлдвэр жилд 30 сая тн нүүрс баяжуулж нэмүү өртөг шингээн экспортод гаргана. Мөн “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар тогтсон. Түүнчлэн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр боллоо. Үүнээс гадна Тавантолгойд цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай энэ цахилгаан станцыг 2024 он гэхэд ашиглалтад оруулах юм байна.
..."E-Мongolia" цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ.
/2021.1.29. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/
2021.5.9. Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн нэг давхарт үүдээ нээв. “E-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа авах боломжтой юм.
Одоогийн байдлаар тус системээр нийт 516 төрлийн үйлчилгээ авах боломжтой байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын эхний 100 хоногийг тоймлоход ийм байна.
Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 29-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ... Манай Засгийн газар цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй олон асуудал, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөржилт зэрэг олон асуудалтай нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байна" гэж байв.
Мөн СГЗ, сэтгүүлч Г.Жамьян гуайн нийтлэлдээ “...Ардчиллын жилүүдэд хүнд үе туулсан Засгийн газар бий. П.Жасрайн Засгийн газрын үе амар байгаагүй юм. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийхээс ялгаатай нь тэр үед дэлхий эргэдгээрээ эргэж байсан. Ийм чичиргээтэй байсангүй” гэж бичсэнчлэн дэлхий нийт коронавируст цар тахал Монголд ч айхтар нөлөөлж байна.
Олон хүний амь хохирч, багагүй хохирол амслаа. Гэхдээ түүний тэргүүлсэн Засгийн газар 100 хоногтоо амжиж иргэдээ бүрэн вакцинжуулж чадав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.10 ДАВАА № 93, 94 (6570, 6571)