С.САРУУЛ

 Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиудад 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүр мөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.07) холбогдох албаныхантай уулзлаа.  Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238 мянган ахмад хамрагдана. Түүнд 216 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан" гэж ярилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй байна гэж ахмуудад санал хүсэлтдээ дурдаж байгаа юм. Тиймээс ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх Даваа гарагаас эхлэн яаралтай зохион байгуулах шаардлагатай. Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn