Т.САЙХАН

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ болон АН-ын дарга М.Тулгат нар цаг үеийн асуудлаар өнөөдөр /05.06/ мэдээлэл хийлээ.

АН-ын дарга М.Тулгат: -Ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна.  Тэд талбай дээр монгол залуу өөрийгөө шатааж байхад ингэж өлссөн юм уу. Цар тахлын үед хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байхад тэд ингэж жагссан юм уу. Бизнесийн салбарынхан унаж байхад тэд өлссөн юм уу. Одоо юуны төлөө өлсөж байгаа юм бэ. Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм. Хууль ёсны ардчилсан нам биднийг луйвар хийсэн гэж хэлж байгаа. Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор намдаа элсүүлээд маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байдаг юм. АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Энэ дүрмийг уландаа гишгэсэн. Яагаад 2020 оны сонгуулиар АН-ын гишүүдтэй өрсөлдөж бие дааж гарсан Н.Алтанхуягийг нэг өдрийн дотор бүлэгтээ авч хууль зөрчин нэр дэвшүүлдэг юм бэ.  Ийм мэт нөхдүүд, ийм мэт дүрмийн бус үйлдлүүд Ардчилсан намыг ийм байдалд хүргэсэн. 

Ерөнхийлөгчийн сонгуульд  АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ: -Улсын дээд шүүхийн тогтоол болон Улсын бүртгэлийн гэрчилгээ бүгд миний нэр дээр байсан. Эрхзүйн чадамж хэвээр байсан учраас дүрмийн зөрчлийг арилгах ажилдаа орсон. Хууль эрх зүйн чадамж буюу эрх зүйн бүх акт, баримт бичиг надад байсан тал харамсалтай нь олуулаа байвал хууль дүрэмгүй авирлаж болно гэдгийг харуулсан үйлдэл газар авсан. Үүний зогсоох гэж ч оролдсон. Миний хувьд 30 гаруй жил журмын нөхдийнхөө хамт ардчиллын үйл хэрэгт зүтгэсэн.  2020 оны УИХ-ын сонгууль үнэхээр луйврын сонгууль болсон. Энэ сонгуульд манай намаас гарсан Ерөнхийлөгч гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр хүний захилга, хуйвалдаан өнөөдөр Монголын төрд АН-ын эзлэх байр суурийг байхгүй болгосон. Өөрийн захиалгын хүмүүсээ гаргаж ирсэн. Тэр хүмүүс нь өнөөдөр эзэндээ яаж үнэнчээр зүтгэж байгааг ойрын өдрүүдийн үйл явдал бүр тод харуулж байна. Аливаа улс төрийн нам үнэт зүйл, үзэл санаа дээр тогтдог. Хэн нэгний төлөө явдаг нам гэж байдаггүй. Тавдугаар сарын 08-нд СЕХ шийдвэрээ гаргаснаар нэр дэвшүүлэлт эцэслэгдэнэ.Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байгаагүй, хэдхэн хоногийн өмнө ч тэр. АН-ын удирлагын багаас надад санал тавихад би шийдвэр гаргаагүй байсан.АН-ын хувь заяа болон ардчиллын суурь зарчмыг үгүй хийх гэсэн үйлдлүүд гаарсан учраас би Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлье гэж шийдсэн гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn