Б.Баяр
Өнөө /2021.5.5/ орой ҮАБЗ хуралдлаа. УИХ дахь АН-ын бүлгээс үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Гишүүдэ хүсэлтдээ “УИХ-д 13 гишүүн бүхий бүлэгтэй АН дотоод дүрэм, журмынхаа дагуу нэр дэвшигчээ тодруулан бүртгүүлэх гэсэн боловч СЕХ улс төрийн намд хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн бус аргаар зохион байгуулахаар эрх баригч буюу 62 суудалтай МАН-тай хуйвалдан улайрч байгаа” гэж бичжээ.
Үүнийг дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг хуралдуулах зар тараасан юм. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гишүүд хуралд очжээ.
Уг хуралд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцсон байна.
Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, албаны бусад хүмүүс байжээ.
Хурал эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн хурлын агуулгыг “УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Энэ талаар ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулга хийе. СЕХ-г дуудъя. Тэгээд ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэх утгаар танилцуулжээ.
Энэ талаар ҮАБЗ-ийн хоёр гишүүнийг үг хэлэхийг хүсэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Алтанхуягийг бүртгэх болоод болж буй үйл явдлуудтай холбоотой асуудлаар өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж худлаа мэдэгдэл хийсэн. Би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдъя гэж бичиг хүртэл явуулсан. Та яагаад худлаа мэдэгдэл хийсэн юм бэ. АН-ыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр хоёр Ерөнхийлөгч өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал. Битгий төрийн асуудал болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнуулсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. Сая СЕХ-той холбоотой асуудал ярьж байна. СЕХ-ны хараат бус байдалд халдаж болохгүй. Хуулиар хориотой. ҮАБЗ хэрвээ зөвлөмж, шийдвэр гаргавал энэ нь СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. А.Гансүх даргад нэг зүйл хэлье. Та намайг аавыгаа албаар мөргүүлсэн гэж онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Би энэ талаар хууль хяналтын байгууллагад хандана” гэсэн зүйлүүдийг ярьжээ.
Улмаар Л.Оюун-Эрдэнэ, А.Гансүх нар ам зөрж, Ерөнхийлөгч оролцсоноор хэрүүл маягийн юм болоод хувирсан байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд АН-ын хагаралд Ц.Элбэгдорж бид хоёр ямар хамаатай юм бэ. Тэгж яривал та нар намайг Цэц дээр унагасан биз дээ гэсэн аж.
ҮАБЗ-ийн энэ “хурал” 40 орчим минут үргэлжлээд тодорхой шийдэлгүй таржээ.
Хуралдаанд албан ёсоор байлцсан хүмүүс ч “ҮАБЗ яг юу хэлэлцсэн бэ” гэдгийг сайн ойлголгүй гарцгаасан байна.
Эх сурвалж: polit.mn