Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 4-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Оросын улс төр, нийгмийн зүтгэлтэн Александр Федорович Керенский 1881 оны тавдугаар сарын 4-нд төржээ.Симбирск буюу өнөөгийн Ульяновскт төрсөн тэрээр Петербургийн их сургуулийг хуульч мэргэжилээр төгсчээ. Тэрээр голцуу улс төрийн хэргүүдийг өмгөөлж байснаараа олонд алдаршжээ. 1912 онд тэрээр Төрийн дөрөвдүгээр думд Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшин сонгогдсноос хойш түүний илтгэх болон дипломат авъяас нь улам тодорсон байна.1917 оны хоёрдугаар сарын хувьсгалын дараа тэр Хууль зүйн сайдаар томилогджээ. Тэрээр мөн оны тавдугаар сард Цэргийн яамыг толгойлон дэлхийн I дайны фронтод байлдааны ажиллагааг зохион байгуулжээ. Зургадугаар сарын довтолгоонд ялагдсаны дараа большевикууд төрийн эргэлт хийхээр оролдсон боловч бүтэлгүйтэж Троицкий, Зиновьев, Каменев нарын  зэрэг эргэлтийг толгойлж байсан хүмүүс баривчлагджээ. Түр Засгийн газрыг шинэчилсний дараа тэрээр ерөнхий сайд болсон ба Корниловын үймээнийг дарахын тулд ажилчдыг зэвсэглэж, большевикуудыг шоронгоос чөлөөлсөн байлаа. Есдүгээр сарын 1-нд Керенский Орос улсыг Бүгд найрамдах улс хэмээн тунхаглажээ.Большевикууд засгийн эрх авсаны дараа  тэрээр Франц, Англи руу дүрвэн гарсан байна. Түр Засгийн газарт ажиллаж байсан учир тэрээр хожим цагаантны хөдөлгөөнд чухал үүрэгтэй байж чадаагүй юм. Керенский 1970 онд Нью-Йорк хотноо нас баржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1945.05.04. Дэлхийн хоёрдугаар дайн - Британийн арми Германы Хамбург хотод байрлах Нойенгаммын бөөнөөр хорих лагерийг чөлөөлжээ.

1953.05.04. Америкийн нэрт зохиолч Эрнест Хемингуэй алдарт "Өвгөн тэнгис хоёр" зохиолоороо Пулитцерийн шагнал хүртжээ.

1959.05.04. Америкийн хөгжмийн урлагийн дээд шагнал "Гремми"-гийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа анх удаагаа зохион байгуулагдав.

1961.05.04. АНУ-ын тэнгисийн цэрэг Малкольм Росс, Виктор Пратнер нар агаарын бөмбөлөгөнд сууж өндөрт ниссэн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэд агаарын бөмбөлөгтэй 34.6 метрийн өндөрт гарчээ.

1972.05.04. Канад улсад хүрээлэн буй орчныг хамгаалах зорилготой "Don't Make a Wave Committee" хөдөлгөөн "Greenpeace Foundation" болж нэрээ өөрчлөв.

1982.05.04. Фолклендын дайн: Аргентинийн тал алсын тусгалтай пуужин харваж Британийн армийн "Шеффильд" бөмбөгдөгч хөлгийг устгав.

1988.05.04. АНУ-ын Невада мужийн Хендерсон хотод орших сансар судлалын Шаттл хөтөлбөрийн шатахуун хадгалаж байсан агуулах дээр уулын чулуу нурж 100 сая ам.долларын хохирол учирчээ.

1989.05.04. Цагаан ордны төлөөлөгчөөр ажиллаж байсан Оливер Нортын хэргийг давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэж гурван хэрэгт холбоотой гэж үзэн, есөн гэмт хэргээс цагаатгажээ.

1990.05.04. ЗХУ Латвийн нутагт хяналтаа чангатгасны дараа Латвийн эрх баригчид ЗХУ-аас салан тусгаарлаж байгаагаа тунхаглав.

Эх сурвалж www.zms.mn