Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын дуучин, СТА Д.Ганбаатар.

А.ДОРЖХАНД

“Зууны мэдээ” сонин “Өв соёл: Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаад ”Мандал жуужаа” уртын дууны талаар уншигдадаа толилуулж байна.

 

“...Малгай дарах нь маягтайхан байна

Мандал жуужаа минь мөн үү дээ хөө

Мандал жуужаа чинь мөн бол доо хөө

Миний жуузанд оруулаарай даа хөө...” хэмээн дуулах “ Мандал Жуужаа” уртын дуу нь эртнээс нааш эдүгээ хүртэл олон зуун жил дуулагдан иржээ. Энэ дуу нэрнээсээ эхлээд их л өвөрмөц сэтгэгдэл төрүүлэх аж. Мандал хэмээх үгийг тайлж үзвэл хоёр гурван утга илэрхийлэгдэх бөгөөд мандан бадрах, мөн аливаа зүйлийн гадаргууг хэлнэ гэжээ.

Харин шашны талаасаа мандал өргөх гэж нэрлэдэг. Энэ үйл явцыг “Их хот Мандал сударт” дараах зүйлсийг бичжээ. Үүнд мандалыг өргөж тахисан бүхэн өвчин зовлонгоос гэтэлж, алтан өнгөтэй болно, тэнгэр бээр тахиж, саран адил бадрангуй туяаран эд болон алтат эрх баялагт хаан болж төрнө. Зургаан баримад тэргүүтэн эрдэм бүхнийг олно гэжээ.

Үүнээс гадна мандал хэмээх шар өнгөтэй гоёмсог цэцэг байдаг. Үүнээс үзвэл энэ дууг үзэсгэлэнт нэгэн бүсгүйд зориулжээ гэж бодогдоно. Харин “жуужаа” хэмээсэн нь авгайлсан нэр байх магадлалтай. Монголчуудын дотны хүнээ авгайлж дууддаг нь өнөө ч бий. Хамгийн сонирхолтой нь “...Мандал жуужаа чинь мөн болдоо хөө, миний жуузанд оруулаарай даа хөө...” гэж дуулагддаг хэсэг юм. Жуузанд гэдэг үг нь сонирхол их л татах ба жууз гэдэг үг нь дамнуурган сүйх тэрэг гэсэн утга илэрхийлэгдэх бөгөөд уг тэргэнд сурвалжит язгууртнууд ба сүйт бүсгүй суудаг байсан тухай Монголын нууц товчоонд гардаг. Тиймээс ч энэ ёсыг уртын дуундаа шингээн дуулжээ.

Харин энэхүү дууг хуучнаар Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн Дэмчигваанжил ноёны дууч хатан Лувсангомпил уянгалуулан дуулдаг байсан байна. Энэ талаар уртын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин М.Дорждагва гуай “Их дуучийн яриа II” номондоо дурссан байна.

Үүнийг сонирхуулбал “ Би Лувсангомпил хатны дэргэд гурван жил уртын дуу заалгасан хүн юм. Хүмүүс багшийг минь нэрээр нь хэлэхгүй “чавганц багш” гэж авгайлдаг байлаа. Багш минь гурван жил уртын дуу заачихаад хамгийн сүүлд “Мандал жуужаа”-г зааж өгсөн юм. Чавганц багш минь дууны урлагт чанга, сул, дуулах нь хамаагүй. Харин уран аялгуу хэрэгтэй гэдэг хүн байсан. “Мандал жуужаа” дууг багш минь заахдаа “Би чамд нэг нандин дуу зааж өгье. Энэ дууг Даншигийн аварга Мөррэнцэн бид хоёр өөрийн багш Шүхэртийн Дамба гэдэг хүнээс сурч байлаа.

Миний хувьд энэ их гоё дуу, сурахад нэлээн төвөгтэй, их гүнзгий шигтээтэй, шигтгээ гэдэг нь уртын дууныхаа төгсгөлд цэг хатгахыг хэлж байгаа юм. Энэ дууг барагтай дуучин ухаарч дуулахааргүй гүн дуу, нотны харьцаанд их хол. Дуун дотроо бөнжигнөх, төвөнх хоолойн хөдөлгөөн, амьсгалын хөдөлгөөн, ердийн хөдөлгөөн зэрэг бүгд багтдаг онцлогтой. Энэ дууг Жамъян хуурч бусдаас онцгой тун сайхан хуурдсан юм даа”гэж дурсжээ.

Дуучин хатан Лувсангомпил 
1870-1967 он хүртэл амьдарсан.

Харин Лувсангомпил хатны тухай цухас дурдвал эл дууч хатан Богд хааны дэргэд олон жил дуулсан төдийгүй дууны хоолойны гайхамшиг нь маршал Чойбалсаны ч сонирхлыг гойд татаж байсан гэдэг. Дууч хатныг нас дээр болсон хойно нь Д.Намдаг зохиолч очиж уулзаж байсан бөгөөд “Шинэ Монголын шинэ театр” номондоо тэмдэглэн үлдээжээ. Уг номонд “Үзтэл амандаа шүдгүй мөртлөө нүүрэндээ үрчлээгүй ёстой толь мэт тунгалаг царайтай нь гайхалтай. Дуулахдаа хоолой засасхийн гэдийсхийж намуухнаар аялана. Тэгээд ч чанга дуулахын оронд үгийг тод хэлж эргэлт, нугалаа, шуранхайлал тэр бүхнийг урсгалаар хийдэг онцлогтой” хэмээн бичжээ.

“...Энэ биёийг минь асуувал

Эхийн төрөл гээрэй дээ чи

Эргүүлж сөөргөнө асуувал даа

хөө

Энэ манан нагац л гээрэй дээ хөө

Дүүрэн гэгчийн адуунаас

Дөчөөд шарга туусан гэе

Нархан бөөхий хотод

Бүгдийг бараснаас дүйсэн гэе хөө

Ажиг сэжиг авсан бол

Аргы нь олоод гарна би

Ахан дүүгээ саналаа гээд

Алмайтал саатуулж орхиё доо би

Төрсөн орон нутагтаа

Түмэн хүрэх нь магад шүү

Таньж мэдсэнээ эднээс нууж

Та өөрөө бууна гэе

Урьд үзээгүй болохоор

Олохын шинж алга...” гээрэй хэмээн дуулах уртын дууг он жилүүдийн уртад олон дуучид дуулсан ба түүний нэг нь Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын дуучин, СТА Д. Ганбаатар юм.

Тэрээр олон сайхан уртын дууг амилуулж дуулсан нэгэн бөгөөд тайз дэлгэцийн бүтээлд ч хэд хэдэн дүр бүтээсэн авьяаслаг нэгэн юм. Түүний нэг нь “Зүрхэнд шивнэсэн үг” киноны төлөөлөгчийн дүр юм. Харин дуулсан уртын дуунуудын нэг нь “Мандал жуужаа” бөгөөд түүний дуулсанаар сонсголонтой сайхан ажээ. Тэрбээр энэ дууны талаар “Би энэ дууг С.Чойсүрэн дуучны дуулсаныг хөгжмөөс сонсож сурч байлаа. “Мандал жуужаа” нь хоёр үндсэн аялгуутай зүүн аймагт илүүтэй дуулагдсан. Би бол төв халх аялгуугаар дуулж сурсан. Халх аялгуу нь хоёр дэвсгэр аятай, өнгө тональность шаарддаг юм. Энэ дууны утга нь нэгэн шилийн сайн эр амраг бүсгүйдээ очихоор тэмүүлэн буй тухай юм уу гэж бодогддог. Учир нь уг дуунд “дүүрэн гэгчийн адуунаас дөчөөд шаргыг туусан гэе” гэж дуулагддаг. Хуучны найран дээр их дуулагддаггүй байсан нь шилийн сайн эрийн тухай гардагтай холбоотой байх. Миний бодлоор С.Цоодол, Ж.Бадраа, С. Чойсүрэн гуай энэ гурав их найзууд байсан, гурвуулаа хөгжмийн хүмүүс учир үгийг нь жаахан өөрчилсөн ч байж мэдэх талтай. Би энэ дууг 2003 оноос хойш дуулсан, сүүлд дүрсжүүлсэн. Надад уг дуу “Бор борын бялзуухай” дуутай утга ойролцоо санагддаг гэж байлаа.

Өөр нэгэн Ойрадад дуулагддаг хувилбар нь “Хүлгийн арван гурван дуун” номонд байх ба үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мандал жийжүү:

Мандал жийжүү

Ай аав амар сайхан?

Амраг Жуужлан хайчив?

Ээж, ээж, мэнд сайхан?

Эрхэм Жуужлан хайчив?

Эцэг нь:

Заргат бээсийн хошуу

Жамсран нэрт туслагч

Энэ сарын хорьд дээр

Хүүдээ эхнэр болгох гэнэ

Мандал жийжүү:

Бэлэн цай байвал

Нэгэн аяга ууя

Бэлэн бэрх бол

Бэрийн хойноос хөөе

Жаахан шарга нь муудавч

Унаа юугаа алдахгүй

Залуу бидэн хоёрыг салгасныг

Жамсран туслагчийн толгой дээр

гэж хэлээд

Өнчин шаргаа унаад

Өвхийс гэж суугаад

Өрөөсөн дөрөөгөө дөрөөлж

Өнчин нулимсаа унагаагаад

Мандал Жийжүү

Манаруулсаар хатируулсаар

хүрлээ

Жуузанд нь лээ яваа хүүхэн нь

Жуужланлан Дэмээ байжээ

Жуужлан Дамаа:

Манараад тоосон гарнаа

Манчин шаргын тоосон

Малгайгаа дарсан байдал нь

Мандал жийжүү:

Түрүүлээд явах тожин

Жамсрай нэрт туслагчийх

Дараачийн явах тожин

Жуужлан Дэмээгийнх

Жуужлан Дэмээ:

Манчин шарга нь мөн бол

Миний сүйхэнд хөллөөрэй

Мандал Жийжүү мөн бол

Миний тожинд оруул гэж хөтөч

нартаа захихад нь

Энэ юухан хүн бэ? Гэж

Энэтэй тал нь асуувал

Тэр юухан хүн бэ гэж

Тэртэй тал нь асуувал

Жуужлан Дэмээ:

Аавын минь төрөл

Алс холын нагац ах

Ижийн минь төрөл

Энэ биеийн төрөл

Гэж хариулж байна

Жуужлан Дэмээ:

Гаансаараа нэрсэн тамхийг

Татсангүйдээ гомдсонгүй

Урьд сардаа ирнэ гээд

Ирсэнгүйд чинь гомдов

Мандал Жийжүү:

Дүүрэн бэлгийн адуунаас

Дөчин шаргаа ялгалаа

Нанжин Бүүкээ хотод

Бүгд юмыг төхөөрлөө

Цэнхэр торгон дээлэнд

Чимхээрэй нь тааруулж авлаа

Номин чичлэн хоёрт

Хэлхээрий нь тааруулж авлаа

Нанжин Бүүкээ хотод

Нисэх мэт явсаар

Наран саран харанхуйд тэнэсээр

явлаа

Хүүдий хүүдий тамхиа

Хүрэн хүртэлээ тат

Хүрснээс хойш

Хүнд сэтгэлээ бариарөй

Өвсөн гэрийн үүдэнд

Хоёр хул дэнгээр яах юм вэ?

Өөрийн биш хүнээс цааш

Өнгө рүү санаагаар яах вэ?

Хулсан гэрийн үүдэнд

Хоёр хул дэнгээр яах вэ?

Хоёулаа амьдрах болсноос хойш

Хувьсах тэр зангаар яах вэ?

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.30 БААСАН № 89 (6564)