-Г.Үүрийнцолмон: Гийрийн спорт бүх нийтийн биеийн тамир болж хөгжиж байна-
Б.ТУУЛ
Хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа энэ өдрүүдэд өглөө эрт Богд уул, Зайсан, Яармаг руу гүйх, дугуйтай явах иргэд олон байна. Мөн гэрийнхээ ойролцоох талбайд өглөө эрт дасгал хөдөлгөөн хийх хүн ч цөөнгүй харагдах юм. Тиймээс энэ удаагийн “Онцлох зочин”-оор Монголын самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, Гирийн спортын холбооны ерөнхийлөгч, гавъяат тамирчин Г.Үүрийнцолмонг урьж, спорт сонирхогчиддоо түүний ажил амьдралын түүх, спортоор хичээллэхын давуу талыг хүргэхийг зорилоо.
ӨДИЙ ДАЙТАЙ ЯВАА МИНЬ ӨВГӨН БАГШИЙН МИНЬ АЧ ТУС
-Таныг уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй гэж сонссон. Спортын салбартай ажил, амьдралаа холбосон үеэ дурсаач гэвэл сонирхолтой түүх өгүүлэх байх?
-Би 1984 онд аравдугаар ангиа төгсөөд ил уурхайн цахилгаанчны курст сурахаар Орос руу явсан юм. Нэг өдөр хичээлээ тараад иртэл байрны зэргэлдээх зааланд орос залуус самбо бөхийн бэлтгэл хийж байсан. Тэгээд хэл мэдэхгүй хэрнээ сонирхолдоо хөтлөгдөөд яваад орлоо. Тэр үед орос хэл сайн мэдэхгүй, “папа, мама, хлеб” гэсэн үгнээс цаашгүй л байлаа. Нөхдүүд надтай дохиж зангаад яриад л байх юм. Би ойлгох биш, тэгтэл өөдөөс нэг юм хэлээд хувцас өглөө. Бодвол бэлтгэл хийхийг зөвшөөрч байгаа бололтой. Би тэгээд л оросуудтай барилдсаар байгаад сүүлдээ найз болж, хэл, яриагаа сайжруулж, чамгүй барилдаж сурсан. Тэр үед бас өөрийгөө тамирчин болно гэж төсөөлөөгүй явлаа. Монголд ирээд самбогоор хичээллэхэд аав минь дэмжиж “Миний хүү сайхан барилддаг бөх бол. Өрсөлдөгчөө ялахын тулд өөрт байгаа бүхнээ дайчилдаг, сайн тамирчин болоорой” гээд урам их хайрладаг байсан.
-Орост суралцаж байхдаа хэр удаан бэлтгэл хийсэн бэ. Мэдээж, Монголд ирээд самбогоор хичээллэхэд сүрхий арга эвээ олчихсон бөх ирсэн байх?
-Хойд хөршид зургаан сар бэлтгэл хийсэн. Монголдоо ирээд Багануурын уурхайд нэг хэсэг ажилласан. Тэгээд цэрэг татлагаар Эрдэнэтийн цэргийн ангид хуваарилагдаж алба хаасан. Армид алба хааж ирээд “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч Ч.Өвгөнхүү багшийн шавь болж, самбо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэсэн дээ.
Багш нь минь хээгүй сайхан монгол эр байлаа. Намайг Орост сурч байхад аав минь бурхан болсон. Эцгийн хайр, нөмөр нөөлгийг нь үгүйлж байсан тэр үед багш аав шиг минь л санагдаж билээ. Бүх хүүхэдтэй адил тэгш харилцана. Биднийг барилдуулж, нэлээд зүгшрүүлж байгаад шавиа болгодог байсан. Багшийнхаа хэлсэн ярьсан, заасан эрдмээс суралцаж, өдий дайтай ажилтай, амжилттай яваагаа өвгөн багшийн минь ач тус, тууштай хөдөлмөрлөсний минь үр дүн гэж л боддог доо.
ТАМИРЧИД НЭГНЭЭ ХҮНДЛЭХ, АМЖИЛТААР НЬ БАХАРХАХ УХААНД ДАВХАР СУРАЛЦДАГ
-Спортоор хичээллэх нь хүнд тэвчээртэй байх, өөрөө өөрийгөө ялах, өрсөлдөгчөө таньж мэдэх, үг сонсох гээд олон арга ухаанд сургадаг гэж ярьдаг. Та самбо бөхөөр олон жил хичээллэж, амжилтад хүрсэн хүн. Спортын салбараас өөрт суусан зан чанарын тухай яриач гэвэл?
-Бусдаас суралцах, өөрийгөө ялан дийлэхээс эхлээд олон чухал зүйлийг энэ салбараас олж авдаг даа. Намайг анх шигшээ багт хөл тавихад дэлхийн аварга болчихсон 20 гаруй шижигнэсэн тамирчид хамт бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Ч.Насантогтох, Г.Пүрэв-Очир, Ш.Чанрав гээд багш нар маань тэднийг дасгалжуулдаг. Надад хүчтэй өрсөлдөгчид их л олон байдаг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОУХМ Н.Баатарболд, Ж.Ганболд гээд дэлхийн аварга тамирчидтай хүч сорино. Эдгээр мундагуудтай хүч үзэж, УАШТ-д түрүүлнэ гэдэг миний хувьд том амжилт байсан. Тэднийг ялж, дэлхийн дэвжээнд барилдсан маань ч ховор боломж байсан гэж боддог. Хамгийн гол нь шилдгүүдтэй барилдах ДАШТ-д өрсөлдөхөөс хэцүү санагддаг байж билээ. Тэр бүгдээс суралцаж байж л жинхэнэ бөх болсон гэж боддог. Ер нь тэгээд спортын салбараас суралцах зүйл маш их. Бэлтгэлийн зааланд тамирчин хүн нэгнээ хүндлэх, амжилтаар нь бахархах ухаанд давхар суралцсаар л явдаг. Энэ бүхнээсээ спортын салбарын зовлон, жаргал, баяр гуниг, эрч хүч, сэтгэлийн тэнхээг мэдэрч явдаг. Миний хувьд, багш нартаа зэмлүүлж, магтуулж, заавар зөвлөгөөг нь дагаж барилдсаар самбо бөхийн дэлхийн аварга болсон.
-Анхны юм бүхэн сэтгэлд тод үлддэг. Та Монголд зохион байгуулагдаж байсан хамгийн том тэмцээн, дэлхийн цомын тэмцээнд түрүүлж байсан үеэ дурсаач. “Алдар” нийгэмлэгийн шинэхэн тамирчин байсан үе байх аа?
-Тэр жил миний медалийн хур далласан жил байсан. Самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд зохион байгуулагдана гэдэг том боломж байв. Би тэр үед “Алдар” нийгэмлэгт харьяалагддаг тамирчин цэрэг байлаа. Дасгалжуулагч багш нар багийн хурал хийж, өмнө нь 57 кг-ын жинд Монголоос медаль хүртэж байгаагүй болохоор өрсөлдөх тамирчдынхаа нэрийг амжилт гаргаснаар нь жагсаалаа. Миний хувьд дотоодынхоо тэмцээнд хамгийн цөөн оноо алдсан тамирчин байсан. Тэр үед Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Л.Энэбиш гуай Самбо бөх сонирхогчдын холбооны ерөнхийлөгч байсан. Тэгээд нэрсийн жагсаалт харчихаад “Г.Үүрийнцолмон гэж ямар тамирчин бэ” гэхэд дасгалжуулагчид “Алдар нийгэмлэгийн цэрэг байгаа юм” гэхэд “Цэрэг нь хамаагүй ээ. Тэмцээнд сайн барилдаж, оноо бага алддаг тамирчин байна. Түүнийг оролцуулъя” гээд, шигшээ багийн багш нар дэмжсэн гэдэг.
Тэгээд энэ тэмцээнд оролцоод яг ид барилдаж байтал цаг дуусахад дөрөвхөн секунд дутуу байхад Л.Энэбиш дарга над руу хараад толгой дохидог юм. Тэр нь сайн байна, боломж байвал хож, ял гэсэн үг юм. Тэгээд дэлхийн аварга ОХУ-ын тамирчинд хожигдож явсан би төр дөрвөн секундэд дөрвөн оноо авч хожиход манай үзэгчид хашхираад л суудлаасаа босч билээ. Хөгжөөн дэмжигчийн хашхираанд Спортын төв ордон нурах шиг л санагдсан. Энэ их урам зориг надад маш их эрч хүчийг өгсөн. Миний найз хүртэл намайг аварга болохыг хараад баярласандаа зурагтаа аваад шидчихсэн гэдэг. Хожим түүнийгээ ярьж бөөн инээдэм болж билээ.
-Амжилтын хур бууж, араас нь та Америкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байх аа?
-Тэгсэн. Намайг дээрх тэмцээнд түрүүлэхэд л Л.Энэбиш дарга баяр хүргэж, дараагийн тэмцээнд амжилттай оролцох итгэл найдварыг өгч намайг их хурцалсан. Тэр үед “За хүү минь, арваннэгдүгээр сард АНУ-д ДАШТ болно. Чи залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөнө. Чамд нэг аз тохиох нь. 1979 онд Д.Тэгшээ, Ц.Дамдин хоёр залуучуудын дэлхийн аварга болоод маргааш нь насанд хүрэгчдийнхэд оролцон түрүүлж байсан. Ах нарынхаа амжилтыг 10 жилийн дараа давтах, эсэх нь чамаас шалтгаална. Хэрвээ чамайг дэлхийн аварга болбол гурван өрөө байраар шагнана. Би чиний амьдралыг мэднэ. Би ч чам шиг өнчин өссөн. Амжилт гаргасан нь ДАШТ-д оролцдог юм. Энэ цагаас эхэлж чи миний бөх боллоо шүү” гэж хэлсэн. Тэр том дарга жирийн цэрэг намайг ингэж тоосонд нэг л итгэхгүй байлаа. Тэгээд л дараагийн тэмцээндээ оролцохоор шаргуу бэлтэж, тэр их хичээл зүтгэл минь намайг амжилт руу хөтөлсөн.
-Тэр үеийн спорт сонирхогчид одоо ч бас ярьдаг. Таныг Америкт болсон залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д эхнээсээ одтой, эрч хүчтэй оролцсон. Дараалаад аваргалсан гэж ярьдаг юм билээ?
-Манай монголчууд спортод элэгтэй, ээлтэй сайхан ард түмэн дээ. Тэр их сэтгэлийг дааж явна гэдэг өөрөө асар том үүрэг хариуцлага, хүндлэл юм. Би 1989 оны намар самбо бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д хүч сорихоор АНУ-ыг зорилоо. Естой л эхний өдөр барилдаад залуучуудын ангилалд дэлхийн аварга болсон. Маргааш нь насанд хүрэгчдийн тэмцээнд өрсөлдөж, аваргын төлөө барилдахаар дэвжээнд гарах гэж байтал нэг хүн ард ирээд нуруун дээр алгадаж байна. Гайхаад эргээд хартал Л.Энэбиш дарга “За, миний хүү яаж байна. Одоо ганцхан даваа үлдлээ. Дарга нь амласандаа шүү. Монголд очоод байрныхаа түлхүүрийг аваарай” гэсэн. Ингэж л би АНУ-д Төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлсэн дээ. Дэлхийн аварга болж ирээд, Л.Энэбиш даргын бэлэглэсэн байранд ханьтайгаа гал голомтоо бадрааж байсан. Тэгээд 1992 онд Англид зохион байгуулсан самбо бөхийн ДАШТ-д өрсөлдөн, дэлхийн дөрвөн удаагийн аварга болж, 1993 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар Гавьяат тамирчин цол хүртсэн дээ. Энэ түүх миний спортын салбарт амжилтаар жигүүрлэсэн хамгийн оргил үе байлаа. Эргэн дурсахад бас сайхан байна.
ГИЙРИЙН СПОРТ ОДОО БҮХ НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР БОЛОН ХӨГЖИЖ БАЙНА
-Таныг одоо самбо бөхийн дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ гийрийн спортоод давхар хичээллэдэг. Тамирчдаа бас давхар энэ спортоор бэлтгэдэг гэж сонссон. Энэ спортын давуу тал, та хэзээнээс эхэлж хичээллэсэн гээд олон л асуулт зэрэгцэж орж ирээд байна?
- Би самбо бөхийн дасгалжуулагчаас гадна Монголын гийрийн спортын холбооны тэргүүнээр ажилладаг. Гийрээр 2010 оноос хичээллэж, тамирчдын бэлтгэл сургуулилалтад хэрхэн нөлөөлж болохыг судалж эхэлсэн. Гийрийн спорт их эрт үүссэн гэж үздэг. Жишээ нь, Орос гүрэнд XVII зууны сүүлчээр хөгжсөн гэж үздэг. Тэр үед дээрэмчдийн довтолгооноос гэр бүлээ хамгаалахын тулд тариачид туухай өргөж, биеэ хөгжүүлдэг байж гэх мэтчилэн сонирхолтой үүх түүхтэй. Тиймээс би ч бас тамирчдаа гийртэй нөхөрлүүлж, бэлтгэл хийлгэдэг. Манай шигшээ багийнхан үүгээр хичээллэснээс хойш олон тэмцээнд амжилт гаргаж, оросуудтай эн тэнцүү өрсөлддөг болсон. Тухайлбал, 2018 онд Индонез улсад болсон “Жакарта-2018” Азийн спортын наадамд самбо бөхийн тамирчид багаараа амжилттай оролцож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор самбо бөхийн холимог багуудын “Мазаалай” дэлхийн цомын анхдугаар тэмцээнд манай тамирчид багаараа түрүүлсэн. 2019 онд БНСУ-ын Чунжү хотод болсон ДАШТ-д манай эрэгтэй тамирчид хоёрдугаар байрт жагссан. Өмнө нь 1989 онд Монголын самбө бөхийн шигшээ багийнхны II байр эзэлж байсан амжилтын түүхийг 20 жилийн дараа давтсан гэх мэт амжилтын түүх арвин бий.
-Гийрээр хичээллэсэн тамирчид гарын хүч сайтай болдог гэж сонссон. Спорт сонирхогчид, жирийн иргэдийн хувьд энэ спортоор хичээллэвэл өнөөгийн цаг үедээ ч тохиромжтой юм шиг санагддаг. Та энэ тухай юу гэж боддог вэ?
- Гийрийн спорт одоо бүх нийтийн биеийн тамир болж хөгжиж байна. Өөрийн биеэр үр дүнг нь мэдэрсэн болохоор олон хүнийг энэ спортоор хичээллээсэй гэж боддог. Дасгалжуулагч хүний үүрэг бол тамирчдаа спортоор хүмүүжүүлж төлөвшүүлэхээс гадна олон нийтийг биеийн тамираар хөгжүүлж эрүүл, урт удаан наслуулахад чиглэдэг. Манай монголчууд сүүлийн жилүүдэд хөдөлгөөний дутагдлаас үүдэж олон өвчинд өртөж байна. Миний ажигласнаар хүмүүс боловсрол мэдлэгээ эхэнд, эрүүл, урт наслахаа хоёрдугаарт тавиад байна. Өнөө цагт эмээр хооллодоггүй хүн ховор болсон байна. Амьдралын саад бэрхшээлийг сэтгэлийн тэнхээ, биеийн хатуужил, тэсвэрээр даван туулдаг. Гэтэл өнөөгийн залуус хөдөлмөрийн бүтээмж муутай, ажил, амьдралын ачаалал даахгүй болсон байна. Туухайгаар хичээллэхэд биеэ хөгжүүлэхээс гадна сэтгэлийн тэнхээтэй байхад суралцдаг. Монголд олон хүн энэ спортоор хичээллэдэг болсон. Тэр дундаа цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудын алба хаагчид маш их хичээллэдэг. Мөн манай самбо бөхийн тамирчдаас гадна чөлөөт, жүдогийн шигшээ багийн тамирчид үндсэн бэлтгэлийнхээ хажуугаар гийрээр хичээллэж, амжилт гаргаж байна.
Залуу байхад, ид тамирчин байх үедээ дэвжээнд барилдахаар гарч ирсэн турьхан биетэй, хариугүй өрсөлдөгчөө хараад “Энэ нөхрийг ялахад юухан байх вэ” гэж боддог байсан. Гэтэл барилдахаар дийлдэхгүй хүчтэй. Надаас доожоогүй харагддаг хэрнээ энэ тамирчны хаанаас ийм их хүч гараад байгааг нь их судалдаг байлаа. Тэгээд гийрийн спортоор давхар хичээллэдгийг нь олж мэдсэн. Тэгээд хожим нь энэ спортоор өөрөө хичээллэж үзээд ач тусыг нь мэдэрсэн. Тийм болохоор аль болох олон хүн энэ спортоор хичээллэж ач тус, үр дүнг нь мэдрээсэй гэж боддог доо.
-Танай гэр бүлийнхэн бас гийрийн спортоор хичээллэдэг гэж сонссон. Энэ спортоор хичээллэхын давуу талыг та хэлээч?
-Манай эхнэр гийрийн спортын тамирчин. Монголд болсон гийрийн спортын тэмцээний ахмадын ангилалд өрсөлдөж, олон удаа түрүүлсэн. Энэ жил ДАШТ-д өрсөлдөнө. Хүү минь 18 настай, цэргийн алба хаагаад ирсэн. Армийн цэргийн ангиудын дунд зохион байгуулсан гийрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлээд “Дайчин тамирчин” шагнал хүртсэн. Би хүүгээ энэ спортоор багаас нь хичээллүүлсэн. Энэ мэтчилэн тамирчин хүн өөрийгөө, гэр бүлээ ч спортоор хөгжүүлдэг. Одоо манай эхнэртэй хамт 40-50 насны эмэгтэйчүүд хамт бэлтгэл хийдэг. Эрүүл мэнд, бие бялдарт нь олон өөрчлөлт гарч байгааг ч хэлдэг. Жишээ нь, бөөр, давсаг нь өвддөг эсвэл шээс нь задгайрах асуудалтай, олон цаг сууж ажилласнаас болж цагаан мах нь эргэдэг болсон хүмүүс туухайгаар хичээллээд, одоо эм уухгүйгээр эрүүл болж байна. Эмэгтэйчүүд энэ спортоор хичээллээд, өгсөх замын булчингаа хөгжүүлж, хэвийн байдалд орж байна. Архаг хууч өвчнийг спортоор хичээллэж, биеэ эмээр хордуулахгүйгээр анагааж болдгийн жишээ энэ. Мөн энэ мэтчилэн дурдвал олон өвчнөөс салж, эдгэж эрүүлжсэн хүн олон бий. Тиймээс цар тахал дэгдсэн, хөл хорионы дэглэм хэрэгжиж буй энэ өдрүүдэд энэ ярилцлагыг минь уншин суугаа олон хүн гийрийн спортоор хичээллэж үзээсэй, үр дүнг нь мэдрээсэй гэж хүсч байна. Спортоор хичээллэхэд хүн хэзээ ч оройтдоггүй гэдгийг л хэлэхыг хүсч байна.
Эх сурвалж: www.polit.mn