А.ДОРЖХАНД

 

“Зууны мэдээ” сонин “Өв соёл: Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаад бид “Нарийн сайхан хээр” уртын дууны талаар хүргэж байна.

 

...Нарийн сайхан хээрийгээ

Аргамжин сойж унаарай

Настай болсон ээжтэйгээ

Намрынхаа сард золгоорой...

хэмээн шуранхайлах “Нарийн сайхан хээр” уртын дуу бий. Уг дууны нэрний учрыг ухаж үзвэл монголчууд адуугаа хэрхэн унаж эдлэх чивхрээн сойдог байсан нь ойлгогдоно. Өдгөө ч намрын шөнө хол замд унах морио уяж хонон идэш хоолыг нь тааруулдаг. Харин энэхүү дуунд олон хоног уяж сойсон хүлэг мориороо аав ээждээ энх эсэн золгохыг захин дуулжээ. Хамгийн сонирхолтой нь “Намрын сардаа золгоорой” хэмээх үг. Энэхүү үгний утгыг эртний ном судраас үзвэл “Монголчууд жилийн дөрвөн улиралд нэг удаа малын идээ цагаа элбэг цагаар ёслол хийж түүнийгээ “үрс сар”, “сүүн сар”, “цагаан сар” гэж нэрлэдэг байжээ” хэмээн бичсэн байв.

“Нарийн сайхан хээр” дуу нь ихэвчлэн найран дээр дуулагдах бөгөөд нутаг нутагт өргөн тархсан аж. Уг дууг Монгол Улсын Гавъяат жүжигчин, уртын дуучин Д.Баттөмөр, мөн нэрт уртын дуучин Ё.Нямлхагваас гадна олон дуучид дуулжээ. Тэдгээр дуучдын нэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Дүгэрсүрэн юм. Тэрээр “Манай удамд уртын дуу дуулдаг 1800-аад оны үед амьдарч байсан зузаан Вандан гэж хүн байсан. Тэрээр хошууныхаа бүх л найр хуриманд уригдаж дуулдаг байсан гэдэг. Би бол хөдөөний хүн, төрж өссөн орчноосоо л уртын дууг анх сурсан даа. “Нарийн сайхан хээр” дууг би 15 настайдаа дуулж сурсан. Урт уурга бариад адууны бэлчээрт аялахад нулимс аяндаа гармаар сайхан дуу. Энэ дууг манай аймгийн Нарийн тээлийн Ё.Нямлхагва гэж хүн их сайхан дуулсан. Энэ дууны онцлог нь дан давхар шуранхай, цохилго их гоё ордог, хоолойны чадал чансаа уран хийц зэргийг гаргаж донжтой дуулдагт байдаг. Хэрэв ингэж дуулахгүй бол “Нарийн сайхан хээр” дуу утгаараа сонсогдохгүй байж мэдэхээр. Хэр баргийн хүн дуулаад байхааргүй дуу юм. Ё.Нямлхагва гуайн хийдэг гурван удаагийн цохилгыг хийхгүйгээр дуулвал “Нарийн сайхан хээр” биш ч болж мэдэх. Түүний дуулсанаар сонсох тун ч тансаг,  ёстой л сэтгэл хөвсөлзүүлдэг. Ё.Нямлхагва гуай дөрвөн түрлэгийг дуулдаг. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн уртын дууг сайн дуулах хэрэгтэй. Түүнээс хоёрын хооронд ая аялаад байж болохгүй. Тиймээс дуулах хүслээ гүйцээхээр нутгийн ах Монгол Улсын Гавьяат жүжигчин уртын дуучин Д.Баттөмөр ах дээр очиж шалгуулж байлаа. Тэгээд үгийг нь засуулж аваад дуулсан. Би энэ дууг өөрийнхөө хэмжээнд хичээж дуулсан. Их урт дуу, би эхний хувилбараар нь зургаан бадгаар дуулдаг.

“...Нарийн сайхан хээрийгээ

Аргамжин сойж унаарай

Настай болсон ээжтэйгээ

Намрынхаа сард золгоорой

Эрэвгэр жороо хээрийгээ

Эмээллэн сойж унаарай

Эмгэн буурал жороо хээрийгээ

Эмээллэн сойж унаарай

Эмгэн буурал ээжтэйгээ

Эргэж буцахдаа золгоорой

Хангал бага харыгаа

Хазаарын сольж унаарай

Хайртай бага түүнтэйгээ

Ханьсан жаргаж яваарай

Өлссөн туринга морийг

Өлөн дээр тавиарай

Өлөн хар нүдийг

Ээж дээрээ тусгаарай

Ундаассанхан морийг

Усан дээрээ тавина

Усан хар нүдийг

Ээж дээрээ тавина

Цээл их говийг

Цэнхэр бороороо туулаарай

Баруун их говийг

Бага л бороороо туулаарай...” гэж дуулдаг. Үгийнх нь утга агуулга их сайхан, тэр чигээрээ гүн ухаан. “Нарийн сайхан хээрийгээ аргамжин сойж унаарай” хэмээсэн нь дөнгөж адуунаас барьсан цатгалан мориор хол замыг туулах аргагүй учир малчин хүн хол замд унах морио хэрхэн эдлэж байсныг илэрхийлж буй юм. Харин “Настай буурал ээждээ намрын сардаа золгоорой” гэсэн нь монголчууд цагаан сараа намар есдүгээр сард хийдэг байсантай холбоотой юм болов уу ч гэмээр санагддаг” хэмээн ярилаа.

Харин судлаачид энэ дууны талаар хэлэхдээ “Нарийн сайхан хээр” бол эртнээс дуулагдсан. Хоёр хувилбартай их урт дуу. Үүний нотолгоо нь Архангай аймгаас олдсон 300 дуу дотор бий. Мөн 1959 оны “Уртын дуу” хэмээх номонд мөн Б.Смирнов гуайн 1967 онд бичсэн номонд орсон байдаг. Энэ дууг халхчууд дуулахдаа цээжний цохилго,төвөнхний нарийн цохилгыг илүүтэй хийж дуулдаг гэв.

Өөр нэг хувилбар нь мөн л утга төгс юм. Үүнийг сонирхуулвал:

“...Нарийн сайхан хээрийгээ

Аргамжин сойж уяарай

Нас нь бага дүүтэйгээ

Амрагаар сууж золгоно бий

Хар халзан морь

Хан буурал ээж нь

Нүдэн дороо нулимстай

Товхгор баахан хээр нь

Тохмон дороо хөлстэй

Торомгор бяцхан дүүтэйгээ

Одоо нэг золгоном бий

Эрэвгэр баахан хээр нь

Эмээл дороо хөлстэй

Эмгэн буурал ээж минь

Нүдэн дороо нулимстай

Хоёр хадны хооронд

Халгай юунд ургаа вэ

Хоёр хадны хооронд

Хов юунд хэлээ вэ

Энгэрийн ганц модонд

Элээ юунд эргээ вэ

Эр ганц хүнд

Элдвийн санаа төрнө

Хаданд өссөн зурмыг нь

Харцага шүвуун барьлаа

Хаандаа зорьсон дайсны нь

Шонхуу баатар дарлаа

Бооринд өссөн зурмыг нь

Бор харцага барилаа

Богддоо зорьсон дайсны нь

Шонуу баатар дарлаа

Эргэн төрсөн зурмыг нь

Эрээн харцага барилаа

Эзэндээ зорьсон дайсны нь

Шонуу баатар дарлаа

Гавад төрсөн зурмыг нь

Гавшгай харцага барилаа

Газарт минь халдсан дайсныг нь

Шонуу баатар дарлаа...” хэмээн бичигдсэн байх юм. Энэхүү дууг судлаж бичихэд голын ус зайрмагтаж шувууд буцах сэрүүн унасан намар цагаар хүлэг морины нуруун дээр ачлалт аав ээждээ очиж золгохоор яаран буй хүдэр эр нүдэнд дүрслэгдэх шиг. Ая аялгууг нь сонсоход алхаатай морин дээр галгиулж явах шиг санагдана.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.23 БААСАН № 82 (6559)