А.ДОРЖХАНД
Монголчууд гүүгээ барьж айргаа хөхүүрэнд хийж исгэдэг билээ. Энэ удаа нутаг орондоо хийсэн хөхүүрээрээ алдартай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Ж.Сайнбилэг гуайн хүү Тэгшжаргалтай уулзлаа. Тэрбээр “Манайх гурван үеэрээ хөхүүр хийсэн айл. Аав минь залуудаа сумын таван удаагийн аварга мөн аймгийн аварга малчин болж байсан. Мөн улсын XVIII Их хуралд урилгаар оролцож 1980 оны олимпод ч явж байлаа. Харин манай ээжийг Д.Гүндэгмаа гэдэг. Аав ээж хоёр хийсэн хөхүүр, исгэсэн айргаараа намар болгон зохиодог үзэсгэлэнд оролцож хоёр ч удаа түрүүлж байлаа. Миний багад аав ээж минь найман хүүхдээ өсгөх гэж ёстой л зогсолтгүй хөдөлмөрлөсөн санагддаг юм. Тэр бүхнийг дэргэдээс нь харж өссөн болохоор суралцахаас өөр аргагүй. Ээж минь ширмэл ширдэг ширж борлуулдаг байлаа. Хүүхэд байсан болохоор санаанд их тод байдаг. Шөнө унтаж байгаад сэрэхэд ээж ширдэгээ оёод сууж байдаг байлаа. Тухайн үед ээждээ зүүг нь сүвлэж өгнө, сүүлдээ оёж байгаа зүйлийг нь хамт оёж эхэлсэн. Ээжийнхээ хажууд бага багаар юм оёж суран гутал улладаг, эсгий гуталны хоншоорыг нь аваад том хоншоор оруулаад оёдог болсон. Ингэж л биднийг өсгөсний хүчинд зургаан хүүхдээ их, дээд сургууль төгсгөсөн. Миний хувьд 13 настайгаасаа сургуулиас гарч аав ээждээ тусалж малчин болсон. Тиймээс хөхүүр, унаганы зэл, ямааны арьсаар дах хийхийг сурсан. Манай дүү ч бас надтай адил энэ бүхнийг хийдэг” гэж байлаа.
Ж.САЙНБИЛЭГ ГУАЙН ХӨХҮҮРИЙН НУУЦ
“Хөхүүр хийхэд хамгийн эхэнд арьсаа зөв сонгохоос эхэлнэ. Бага үхрийн шир болон үнээний шир байвал сайн. Бага үхрийн ширээр хийсэн хөхүүр том багаасаа хамаараад 80-120 литр айраг багтаадаг. Хөхүүрийг их том хийвэл дээд тал нь хатаад айрагтай хэсэг нь сунаад жаахан онцгүй харагдана. Өнгө нь улаан, ягаан, саарал, цагаан байвал илүү гоё байдаг. Ийм арьсаар хийсэн хөхүүрэнд айраг хийхээр айраг нь гэрэлтэж харагддаг. Хөхүүрийг хийхэд дөрөв, тавдугаар сар их тохиромжтой. Зун хийж болдоггүй. Учир нь арьс муудчих гээд байх талтай. Хөхүүрээ сайн өдөр харж эсгэдэг. Манайх ээжийн хэлсэн өдөр эсгэдэг. Үхрийн ширнийхээ арьсыг авахдаа сайн иртэй хутгатай байх хэрэгтэй байдаг. Эсгэсэн хөхүүрээ эвлүүлж, тэмээний ноосон утсаар оёдог. Тэмээний ноосыг сонгохдоо тэмээний зогдорын ноосыг ээрч утас болгодог. Ийм утсаар оёсон хөхүүр илүү бат бөх эдэлгээ удаан. Мөн хөхүүрнийхээ модыг нарсаар хийнэ. Бэлэн болсон хөхүүрээ адууны хомоолоор утна. Харин намар хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашлахад зун хураасан айргаа хөхүүртэй нь хадгалдаг. Ингэж хадгалахдаа салхины өөд харуулан нар үзүүлэхгүй хөхүүрнийхээ амыг хоёр талаас нь боож хатаадаг. Зөв хадгалсан хөхүүр нэг айлд 20 жил болдог гэдэг. Ингэж хадгалсан айргаа өвөл сар шинээр задалж уудаг байна.
ДУРСАМЖ
Нэг өвөл өвөөгийнд Ж.Мөнхбат аваргыг ирэхэд өвөө маань хадгалсан айргаа оёдлоор нь задлаж гэсгээж өгч байсан гэдэг. Хөхүүрт исгэсэн айрагны амт гойд сайхан. Монголчуудын мал аж ахуйтайгаа яаж харилцаж ирсэн түүнийг дагаад уламжлалт өв соёл маань улам их дэлгэрээсэй гэж хүсдэг. Надаар хөхүүр хийхийг заалгах, авах гэсэн хүн олон ирдэг. Багаас хийж сурсан ажил болохоор түүртэж байгаагүй. Эхнэртэйгээ элбэж оёод өдөрт таван хөхүүр гараас гаргаж байлаа. Би өөрийнхөө мэдэж байгаа бүхнээ хэлж өгөхийг хичээдэг. Энэ өв соёлоо залуу үедээ үлгэр дууриалалтай зааж үлдээх юмсан гэж хичээж явдаг” гэж байлаа. Нүүдэлчин монголчууд бидний эртний их соёл үеийн үед түүчээлэн үлдэж байх болтугай. Зохиолч Ж.Лхагва гуайн “Ээжийн явуулсан хөхүүрэнд аавын адуу багтаад ирсэн мэт санагдана” хэмээн бичсэнчлэн хөдөөний хөх өвгөдийн минь ухаан их билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.21 ЛХАГВА № 80 (6557)