Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн “Залуу уншигч” буландаа “Орчлон” сургуулийн XI ангийн сурагч Л.Тэнүүнийг урилаа.

 

-Уншсан номынхоо талаар бичсэн тэмдэглэлийг чинь уншсан. Анх хэрхэн ном уншиж эхэлсэн бэ?

-Би сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан байсан. Аав ээжийнхээ ном уншдаг зуршлыг нь дуурайж уншиж сурсан. Үүнээс өмнө хүүхдийн зохиолч Д.Дашдондогийн “Долоон бөхтэй тэмээ” үлгэрийн номыг уншсаар номонд дурлаж байсан. Надад олон гоё ном авч өгдөг учраас тавиур дүүрэн номтой, номонд их хайртай болчихсон. Өнгөрсөн хавар тогтоосон хөл хорионы үеэр дүүтэйгээ номнуудаа тоолоход 1000 гаруй  байсан.

-Ямар чиглэлийн ном сонгож уншдаг вэ?

-Одоо уран зохиолын болон шинжлэх ухааны ном уншиж байна. Мөн яруу найрагт их дуртай. Гэхдээ уншсан номнуудаасаа эшлэл цээжилж байсан нь ховор. Харин  Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Би нүүдлийн цахилгаан станц” шүлгийг унших дуртай. “Арьсгүй гараар хорвоог тэмтэрч, аль харанхуй руу судсаараа гэрэл өртөөлөх, би нүүдлийн цахилгаан станц” гэсэн шүлэг бий. Унших номоо сонгохдоо шинээр хэвлэгдсэн болгоныг авдаггүй. Ээж, багш нарынхаа уншиж байгаа номнуудыг сонжиж байгаад унших болон авахыг хүсч байгаа номынхоо чиглэлийг гаргадаг. Мөн интернэтээс уншигчдын сэтгэгдэл, зөвлөмжүүдийг харж байгаад ном сонгоход их амар, хэрэгтэй байдаг. Түүнээс гадна монгол хэлний багш нарт болон Э.Батдэлгэр багшдаа баярлаж явдаг.

-Өөр сонирхдог зүйл бий юу?

-Ойрын үед хөгжимд их шимтэж байна. Би зургаан настайгаасаа ятга тоглож эхэлсэн. Түүнээс хойш хөгжим, хөгжмийн урлагт их хүндэтгэлтэй ханддаг болсон. Сүүлийн жилүүдэд ардын болон сонгодог хөгжмөөс гадна олон төрлийн хөгжим, хамтлаг дуучдын уран бүтээлийг сонирхож байгаа. Түүнээс гадна хөгжмийн чанар, түүх болдог учраас пянзны соёл их таалагдсан. Тиймээс пянз цуглуулж эхлээд байна.

-Үндэсний сурыг сонгож хичээллэдэг байхаа?

-Сурын спорт сонирхолтой санагдаж хоёр жил гаруй ээжийгээ шалсаар 12 настайдаа анх харваж эхэлсэн. Үндэсний сур надад монгол өв уламжлал, соёлын талаар олон зүйлийг зааж сургадаг. Түүнээс гадна харваачдын нэгэндээ үзүүлдэг хүндлэл, харилцааны ёс жаягийг энэ спортоос мэдэрдэг. Тиймээс үндэсний сурын харваанд эргэлт буцалтгүй орсон. Мөн харвах мэдрэмж их гайхамшигтай. Миний хувьд нум яг ном шиг эрхэм нандин санагддаг. Амжилт гэвэл 12-14 насны ангилалд  өсвөрийн улсын аварга болж байсан. Надад аймгийн наадам, нээлт, хаалтын харвааны шагналууд бий. Үндэсний сурын спортод амжилт гэдэг нь шагнал авахдаа биш, тухайн  уламжлалд суралцаж, өв соёлын тээгч болдогт байдаг юм болов уу.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

-Одоогоор сонгоогүй ч биохими эсвэл түүх, антропологийн чиглэлээр суралцахыг сонирхдог. Мэдээж хичээлдээ шамдан, олон зүйлд суралцаж, эх орондоо хэрэгтэй зөв хүн болохыг мөрөөддөг. Мөн үндэсний өв соёлоо тээгч монгол хүн байх нь миний хамгийн том зорилго.Тусгай олимпын хамтарсан фитнесс хөтөлбөрт сайн дурын ажилтан авна гэсэн байсныг ээж хараад надад хэлсэн. Ингэснээр  сургалтанд нь хамрагдсанаар   их зүйлийг  мэдэж, ойлгож суралцсан. 13 настай байсан учраас тэнцэхгүй байх гэж бодож байсан ч тэнцсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.31 ЛХАГВА № 64 (6541)