Г.ХУЛАН
Одоогоос яг 40-н жилийн өмнөх өдөр Монгол Улсын түүхнээ сансар судлалын гайхамшигт алтан хуудсыг нээсэн билээ. Монголын сансар судлалын түүхийг бичилцсэн нэгээхэн хэсэг нь Монголын радиогийн баг байлаа. Энэ багийг удирдаж явсан сэтгүүлч Д.Хасбазар гуайтай ярилцлаа.
- Монгол-Зөвлөлтийн сансрын нисгэгчдийг сурвалжлах ажилд яаж яваад оролцов оо?
-Тэр үед чинь манай улс телевизийн ганцхан сувагтай, радиогийн ганц долгионтой, арав хүрэхгүй төрөл сонинтой, гадаад руу МОНЦАМЭ л мэдээ мэдээлэл цацдаг байлаа. Тэгэхдээ Монголын Үндэсний Олон Нийтийн Радио бий болсон 87-н жилийн түүхэндээ хүн төрөлхтний сансар огторгуйн уудмыг судлах их хүсэл эрмэлзлийг түүхчлэн ярьж бичсээр ирсэн. Америк, Орос зэрэг улс орны сансар судлалын ололт амжилтыг манай сэтгүүлч сурвалжлагч нар цаг тухай бүрд нь ард олондоо мэдээлж байсан. Монгол Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг бүр 1978 оноос бэлтгэж эхэлсэн түүх бий. Тэрхүү түүхэн үйл явдалд бэлтгэх, оролцох, сурвалжлан мэдээлэх хүмүүсийг тусгайлан судалж, намын төв хорооноос нууц тогтоолоор нэр зааж, томилж, бэлтгүүлж эхэлсэн. Монголын Радиогийн уран бүтээлчид инженер, техникийн багийг надаар ахлуулан Г.Одхүү, Я.Сүхбаатар, тоймч Ч.Чагдар, Д.Базарваань, инженер Ч.Цэндбазар, телетайпчин Ж.Бямбажав нарыг баталсан юм. Телевизийн уран бүтээлчдийг сэтгүүлч М.Чойжил ахалсан. Ер нь радио телевизийн гучаад хүний бүрэлдэхүүнтэй, онцгой даалгавар биелүүлэх баг бий болсон доо. Бид чинь өглөө гэрээсээ ажилдаа яваад, орой ажлаасаа ирдэг нууц ажилтай байлаа.
- За ингээд, сурвалжлах мэргэжилтэн нараа нууцаар баталсан байж, бэлтгэл юу байв даа?
-Хамгийн чухал нь орос хэл ээ. Намын төв хорооноос Г.Адъяа, Ч.Түмэндэлгэр, Ч.Даваадаш, Г.Дашдаваа, академич Б.Чадраа, мөн сансар одон орон судлалын эрдэмтэн нар чухал мэдээллээр цэнэглэж байлаа. Үүний хажуугаар физик-техникийн хүрээлэн, одон орон зэрэг газарт уулзалт хийх, хичээлд суух зэргээр, сансар огторгуйн мэдлэгийг түргэн шуурхай олж авч байлаа. 1980 оны намар, Зөвлөлт-Унгарын сансрын хамтарсан нислэгтэй танилцахаар бид Москвад очиж, Зөвлөлтийн Радио телевизийн удирдах нөхөдтэй нислэгийн үеэр хамтран ажиллах, яриа хэлэлцээр хийж байсан.
- Түүхт үйл явдлаас өмнө та нар Москвад очсон билүү?
-Тиймээ. Бид өргөн бүрэлдэхүүнтэй урьдчилан очиж, Останкины өндөр цамхагийн дэргэдэх төв телевизийн техник хэрэгслээр сайтар тоног-логдсон танхимд байрласан. Тэндээс Зөвлөлтийн сансар судлалын ололт амжилтын түүхээс нэвтрүүлэг бэлдэж, сонсогч олондоо хүргэж байлаа.
- Хөх огторгуйд дүүлэн нисэх хугацаа ойртсоор тэр энэ ниснэ гэсэн таамаг сонсогдож байв уу?
-Сансар судлал нислэгийн бүх ажиллагаа хатуу дүрэм, журамтай. Минут секундээр хэмжигдэж, хүн бүр маш өндөр хариуцлагатай байдаг юм билээ. Ямар ч дарга цэрэг илүү дутуу яриа хөөрөө гаргахгүй, маш нууц байдалд бүх юм бэлэн болж байсан. Ер нь хариуцлага гэдгийг тэнд л би маш сайн ойлгож авсан юм. Нислэг болохоос 48-н цагийн өмнө, Ж.Гүррагчаа, М.Ганзориг, В.Жанибеков, В.Ляхов, Г.Береговой нар хэвлэлийн хурал хийлээ. Тэр хурал дээр Зөвлөлт Холбоот Улсын баатар сансрын туршлагатай нисгэгч В.Жанибеков хөлгийн даргаар сонгогдож, Монгол Улсын иргэн нисгэгч Ж.Гүрррагчаа, хамтран нисэх эрх авсныг зарласан билээ. Сансрын нислэгийн үеэр Монголын эрдэмтэн мэргэжилтнүүдийн хийсэн, “Туяа”, “Туйлшрал”, “Биоритм”, “Чацаргана” зэрэг сорил туршилтын ажлууд багтсан байлаа.
- Сансрын хөлөг хөөрөх тэрхэн агшин ямар байв?
-Үгээр хэлэхийн аргагүй ээ. 1981 оны 3-р сарын 20, 21-нд Байко-Нурын орчин нэг л тайван, нам гүн, бүх зүйл бэлэн, амар амгалан санагдаж байвч, сэтгүүлч бидний нойр хүрдэггүй, зүрх дэлсээд л, мэдээ дамжуулах аппаратаа байн байн шалгаад, ер нь их сонин байсан даа.Арван тавны тунгалаг саран дор “Ар хөвчийн унага” дуулаад задгай хатируулж явсан монгол эр, мөнгөн цагаан хөлөг жолоодоод, уяхан замбуутивийг тойрно гэж бодохоор сэтгэл огшоод ирдэг л юм даа. 22-ны үдэш Москвагийн цагаар 17 цаг 59 минутад Зөвлөлтийн сансрын хөлгийн буудал Байка нуураас 9-н давхар байшингийн дайтай “Союз-39” хөлгийг хорин сая морины хүчтэй пуужин тойрог замд оруулсан билээ. Ингэж л Монгол улсын иргэн Ж.Гүррагчаа, сансрын 101 дэх нисгэгч, манай улс сансарт хүнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсон.
- Та бүхэн, нислэгийн улаан шугамын хаанаас шууд нэвтрүүлэг хийж байв?
-Ер нь гадаад дотоодын бүх сэтгүүлч, сурвалжлагч нар яг дүрэм төлөвлөсөн программын дагуу байх ёстой газраа л байна. Телевизийн зураглаач, зурагчин нар, арай ойр, 200-гаад метрийн зайд, тусгай байрт байлгаж байв. Г.Одхүү бид хоёр Останкины төвд Байка нуураас дамжуулсан шууд сурвалжлагыг ТАСС-ын мэдээ дамжуулмагц Улаанбаатар руу нэвтрүүлж байлаа. Москвагийн намуухан урин хаврын үдэш, асар том мөнгөн хөлөг нүргэлэн асч, улаан дөл бадруулан дүүлэн одохуй дор “Анхаараарай, Байко-Нураас ярьж байна. Монгол-Зөвлөлтийн хамтиарсан нисэгчид “Союз-39” хөлгөөр амжилттай хөөрлөө...” гэж Монголоор зарлан тунхаглахад яасан сайхан байсан гэж санана аа.
- Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуайтай хамгийн анх хэн нь ярилцав даа?
-Тийм сайхан сэтгэл хөдөлсөн бадрангуй үед нисэгч нартай газар дэлхийгээс хамгийн түрүүнд ярилцах хувь надад оногдсон юмаа. Нислэгийн удирдах төвийн ярайсан телевизийн өмнө чихэвчтэй микрофон зүүж байгаад, амар мэндийг нь асууж, эх дэлхийдээ эсэн мэнд буухын ерөөл хэлсэн дээ. Яг тэр агшинд Булганы Гурванбулаг сумын Хөгнөхаанд, Жүгдэрдэмид гуайн гэрт Г.Мэнд-Ооёотой холбогдож, аав ээжийнх нь мэндчилгээг надаар дамжуулж байлаа. Ж.Гүррагчаа “Бид эрдэм шинжилгээ, туршилтын ажилдаа ороод байна. “Туяа” туршилтын төхөөрөмжийг хөлгөөс станцад оруулан угсарч бэлэн болголоо. Яг одоо Монгол орны дээгүүр өнгөрч байна. Үүл ихтэй байна, дараа дахин тойрохдоо тодорхой хэлье гэж анхлан ярьсан нь санаанд байна. Сансрын долоо хоног сансрын хурдаар өнгөрч, сансрын нисэгчид эх дэлхийдээ буух цаг болжээ. Сансрын хөлөг Сахалин, Курилын арал, Атлантын далай, Африк тивийг өнгөрч, Каспин тэнгис дээгүүр нисэж, Казакстаны Кзыл-Орда мужийн өргөн тал хөндийд Жамбул хотоос холгүй буулаа. Буух үеийн эрэн хайх нисдэг тэрэгний нэгэнд манай Я.Сүхбаатар, Т.Галдан, зурагчин Батсүх нар сууж, агшин бүрийг бидэнд дамжуулж байлаа. Хамтарсан “Союз-39” хөлгийн нислэг амжилттай болж, монгол хүний оюун ухаан сансрын хязгааргүй холд хүрснийг дэлхий дахинаа бахдан харж байлаа. Ингэж л Монгол хүн сансарт нисэх “Онцгой томилолт”-ыг сурвалжлан дамжуулж, онцгой даалгавраа Монголын радиогийн баг нэр хүндтэй биелүүлж билээ. Миний хувьд сансрын нислэг, сансрын нисэгчдийг сурвалжлах хүндтэй үүрэг дууссангүйээ. Москвад МОНЦАМЭ агентлаг, Радио Телевизийн тусгай сурвалжлагчаар ажиллах хугацаандаа, Зөвлөлт Холбоот Улс, Монгол улсын баатар Ж.Гүррагчаагийн анд-сансрын ахан дүүс, В.Гарбатко, Г.Береговой, В.Леонов, В.Жанибеков, В.Савиных, В.Ляхов болон сансар судлалын эрдэмтэн мэргэдтэй уулзаж, олончиг нэвтрүүлэг бэлтгэж, Монголынхоо сонсогч үзэгчдийн сонорт хүргэж байлаа. Энэ миний эргэн дурсаж, бахархан явах сайхан үйлсээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.26 БААСАН № 60 (6537)