С.Уртнасан 
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор бэлэгт өгөх шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Хуурамч мөнгөн тэмдэгт хийн олон хүнийг хохироосон тохиолдлууд манай улсад нэлээд гарч байсан.  “Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 ам.долларын мөнгөн тэмдэгт илэрлээ” гэх дуудлага хоёрдугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг мөнгөн тэмдэгтээ солиулахдаа гарт тэмтрэгдэх товгор тоо, тусгай үнэт цаас, нууцлалын тэмдгүүдийг сайтар шалгаж байхыг ЦЕГ анхаарууллаа.
 Мөн хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөлөө. Жинхэнэ болон хуурамч мөнгөн дэвсгэртийг танихад илүүдэхгүй хэдэн санаанаас дурдъя. Ихэвчлэн 5-20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хийдэг бөгөөд 5-10 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь нууцлалыг таних зургаан тэмдэгтэй. Үүнд: Мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна, дэвсгэртийг хоёр талаас нь хурууны үзүүрээр хавчин гүйлгэж татахад нүүрэн талд байх Монгол Улс гэсэн бичиг болон тухайн мөнгөний үнийн тоо үл мэдэг товгор байна. Дэвсгэртийн хоёр талд байрлах Чингис хааны гэрэгийн дээд хэсгийн дугуй дүрсүүд зөрүүгүй давхцаж харагдана.

Эх сурвалж:www.zms.mn