А.ДОРЖХАНД
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээ, "Хилчин" спорт хорооны бөх уран барилдаант сумын заан Э.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа
-Та хүчтэний өлгий хэмээх арын сайхан хангай нутгаас төрж буй залуу бөх. Ярилцлагаа таны нутаг ус, удам судрын талаар эхэлье?
-Тийм ээ. Манай нутаг бол бөхийн өлгий нутаг. Энэ сайхан нутагт төрж өссөндөө баярлаж явдаг. Манай сумаас улсын хоёр аварга, даншигийн арслан мөн хүчит заан Хишигдорж болон энэ жилийн шинэхэн харцага Б.Зоригтбаатар ахтай нийлээд улсын таван харцага төрж гарсан. Үүнээс гадна улсын начин цолтой бөх ч олон бий. Харин миний удамд үеэл ах аймгийн арслан Х.Мэндбаяр мөн үеэл ах аймгийн начин Б.Содномдэлгэр, төрсөн ах Э.Эрдэнэ-Очир гэсэн бөхчүүд бий. Харин миний хувьд багадаа энэ ах нартайгаа Тамирын голынхоо хөвөөн дээр барилдаж өссөн. Барилдаад уначихаараа шарандаа уйлдаг, дахин барилдъя гэдэг их шартай хүүхэд байсан. Нутгийн ах нар маань намайг бөх болох хүү гэдэг байлаа.
-Ах нартайгаа ана мана үздэг байсан хүү хэзээнээс эхэлж барилдах болов?
-Анх есдүгээр ангиасаа ах нарыгаа дагаад л барилдаж эхэлсэн дээ. Барилдаж эхлээд өсвөрийн аймгийн аварга хоёр удаа болж байсан. Түүнээсээ их урам авч барилдах улам их хүсэл тэмүүлэлтэй болсон. Тиймээс арван жилээ төгсөөд үеэл ахаа дагаж хотод ирж “Хилчин” спорт хорооны Д.Пүрэвдорж багшдаа жүдо бөхөөр шавь орсон. Жүдо бөхөөр үзүүлсэн амжилт гэвэл 2018 онд залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль мөн Боржин кап, Үндсэн кап тэмцээнээс медаль хүртсэн. Хамгийн сүүлд “World judo day” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.
-Та сумын заан цолыг хэзээ хүртэв. Таныг уран барилдаант заан гэдэг шүү дээ?
-Сумын заан цолыг 2018 онд Төв аймгийн Алтанбулаг суманд түрүүлж хүртсэн. Тус наадмын дөрвийн даваанд аймгийн начин Х.Баттөмөр, тавын даваанд аймгийн харцага Ч.Чойжилсүрэн, зургаагийн даваанд сумын заан Эрхэмбаяртай барилдсан. Харин уран барилдаант бөхөөр гурван удаа шалгарсан. Дарханы УАШТ-ээс мөн 2018 оны сумын цолтнуудын бөхийн өргөөнд зохиосон барилдаанаас. Гурав дахь нь “Бөхбилэгт” дэвжээний нээлтийн барилдаанд одоогийн улсын харцага М.Бадарчаар хоёр давж уран барилдааны шагнал авч байсан.
-М.Бадарч харцагыг давсан тань сонирхол татаж байна. Хэрхэн давсан бэ?
-Тухайн барилдаанд би улсын аваргаас ирээд удаагүй байсан үе л дээ.Бадарч харцага миний хөлийг авахаар би далбааных нь араас аваад давсан. Анх удаа улсын цолтой бөх давж үзсэн барилдаан маань учир их урам зоригийг авч байлаа. Мөн тэр жил зааланд Д.Анар харцагатай нэгийн даваанд таараад тун ойрхон тусч байсан.
-Таны барилдааны онцлог мөн хүрэхийг хүсдэг цол юу вэ?
-Миний барилдааны онцлог гэвэл сэрвүүнээс барилддаг мөн хонгодох, давхар хамах, хөл авах мэхүүдийг сайн хийнэ. Мэхийг анхнаас нь зөв техниктэй гүйцэтгэлтэй сурахыг мөн олон давтах нь сайн үр дүнтэй. Би ихэвчлэн багштайтайгаа их барилддаг. Манай багш их гоё мэдрэмжтэй уран барилдаантай хүн. Самбо бөхийн дэлхийн аварга бөх шүү дээ. Ер нь бөх хүн, сэтгэл зүй хоёр ижил түвшинд байж амжилт үзүүлнэ. Мэх байгаад сэтгэл зүй дутуу бол дэвжээн дээр барилдаанаа 100 хувь гаргаж чадахгүй. Хүрэхийг хүсдэг цол гэвэл үндэсний бөхөөр улсын заан, харин жүдо бөхөөр олимп, дэлхийн аварга болохыг хүсдэг.
-Залуу бөхийн хувьд таньд сургамжтай үлдсэн барилдаан бий юу?
-Байлгүй яах вэ. Өнгөрсөн зуны наадам байна. Дөрвийн даваанд сумын заан Тэмүүлэнтэй тунаж барилдаад унасан. Учир нь би учраа бөхөө дутуу үнэлж яарч мэх хийж байгаад унасан хэрэг. Ахиж тийм алдаа гаргахгүй гэж хичээж байгаа. Үеийн залуус бүгд л чанга, бүгд л том цолонд хүрэхийн тулд хичээллэж хөдөлмөрлөж байгаа.
-Та өнөөгийн бөхийн хөгжлийг юу гэж дүгнэдэг вэ?
-Миний бодлоор үндэсний бөх маань сайхан хөгжиж байна. Эртнээс нааш ирсэн энэ өв соёлоо тээж буйдаа баяртай байдаг. Амжилттай барилдаад аав ээжээ баярлуулж нутаг усныхаа нэрийг дуудуулна гэдэг мэдээж юутай ч зүйрлэмгүй сайхан. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантралгүй шаргуу хөдөлмөрлөнө гэж боддог.
Эх сурвалж:www.polit.mn