Мэдэгдэл

МАХН-аас нийт Ард түмэндээ хандан гаргаж байгаа

-Хонгилын шүүх, Оюутолгойн асуудлаар-

2021 оны 1 дүгээр сарын 25                                                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Монгол Улсад улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдал бий боллоо. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгыг эв нэгдлийг илэрхийлэх үүрэгтэй боловч иргэдийг ил далдаар турхирч тогтворгүй байдал бий болгож, шүүхэд үүрэг даалгавар өгч улс төрийн зорилгоор ашигладаг хэмээн мэдэгдэв. Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Сү.Батболд тэргүүтэй бүлэглэл төрийн эргэлт хийлээ хэмээн мэдэгдэж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар: шүүгчид Ерөнхийлөгчийн ажлын өрөө байрладаг Төрийн ордны гурван давхарт очиж үүрэг даалгавар авч биелүүлдэг гэсэн ноцтой мэдэгдлийг хийв. Эдгээр мэдэгдлийн аль нь ч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, Үндэсний Аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулсан үйлдлүүдийн тухай байгаа юм. Одоо эдгээр албан тушаалтан хэлж мэдэгдсэнээ баталж баримтуудыг дэлгэн гаргаж ирэх ёстой. Ард түмэн тэднээс ингэхийг нь хүлээж байгаа. Хэрэв тэгж чадахгүй бол хүн гүжирдсэн мөн төр, засгийн хямралыг хариуцлагагүй үг, үйлдлээрээ өдөөн турхирсан болж аль аль нь огцрохоос өөр зам байхгүй. УИХ тэднээс эдгээр мэдэгдлээ тодорхой хугацаанд багтаан баримтаар батлахыг шаардах үүрэгтэй.
Мөрөөрөө ажил, амьдралаа зохицуулж, коронавирусын цар тахлын хүнд үед орлого нь багассан ч төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийг ёсчлон дагаж иргэний журамт үүргээ биелүүлж байгаа жирийн иргэд өнөөгийн төр, засагт итгэх итгэл суларсан нь саяхан Улаанбаатар хотод болсон эсэргүүцлийн цуглаанаас тодорхой харагдав.
Төр, засаг хямарч байгаа энэ үед албан тушаалтан, байгууллага бүр өөрт хуулиар оногдсон үүргийг ягштал баримтлан биелүүлбэл хямрал өргөжин гүнзгийрэхгүй байх магадлалтай. Харамсалтай нь өнөөгийн төр, засгийн шат шатны байгууллга, албан тушаалтнууд хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээрээ бухимдлыг улам дэвэргэж, жирийн иргэдийн уур уцаарыг улам өдөөн дэвэргэж байна.
    2021 оны 1 сарын 25-ны өдөр Засгийн газар өөрчлөгдөн солигдож байгаа энэ үед “чоно борооноор” гэгчээр Дээд шүүх эздийнхээ даалгаврыг биелүүлж онлайн нэртэй хаалттай хуралдаан хийж эрх баригчдын иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан гэмт үйлдэл буюу МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгогдох эрхийг 11 жилийн турш хаан боогдуулж байгааг зөвтгөсөн хууль бус шийдвэрийг гаргав. Энэ бол зөвхөн Н.Энхбаярын асуудал биш юм. Харин Үндсэн хуулийн суурь зарчим болох “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн зохицуулалт, энэ эрхээ “сонгох, сонгогдох” байдлаар хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг зөрчсөн гэмт шийдвэр мөн. Ингэснээр өнөөгийн шүүхийн шүүгчид улс төрийн захиалгаар ажилладаг, шүүх нэртэй шударга бусын хонгил хэвээр байсаар байгааг нотоллоо. 
МАХН-ын дарга Н.Энхбаяр ийнхүү өөрийнхөө эрхийг гэхээсээ илүү монголчуудын сонгох, сонгогдох заяагдмал эрхийг хэнээс ч зөвшөөрөл авалгүй өөрсдөө итгэл үнэмшлийнхээ дагуу эдлэх эрхийг бүрэн сэргээлгэхийн төлөө тууштай тэмцэж байгаа нь Монгол Улсад Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд бүрэн эгүүлэн өгөхийн төлөө тэмцэл мөн. Энэ тэмцлийн үр дүнд эрт орой хэзээ нэгэн цагт Монголын ард түмэн Монгол Улсын жинхэнэ эзэн болох нь дамжиггүй. Иргэн бүр энэ тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэвээс энэ их үйл хэрэг хурдан бүтэх нь тодорхой. Ингэж эс чадваас Та бид эх орноо гадаад, дотоодын олигархиудад алдах аюул занал учирч байгаа тул энэхүү ариун тэмцлээс хойш суух эрх хэнд ч байхгүйг анхааруулан сануулж байна.
    Монголын ард түмэн улс орныхоо эзэн болж чадаагүй байгаагийн бас нэгэн нотолгоо бол нийт иргэдийн эрх ашигт нийцээгүй Оюутолгойн ордыг ашиглах талаар үндэстэн дамнасан “Рио Тинто” компанитай байгуулсан гэрээ юм. Энэ гэрээ байгуулагдаад 11 жил болж байгаа ч одоо хүртэл Монголын талд ногдол ашиг өгөөгүй, ногдол ашгийг 2050 он гарч байж буюу гэрээ байгуулагдсанаас хойш даруй 40 гаруй жил өнгөрсний дараа өгөхөөр ярьж байна. Гэтэл Оюутолгой ордод 40 орчим сая тонн зэс, 2000 орчим тонн алт, 6000 мянга гаруй тонн цалин цагаан мөнгө байгаа билээ. Эдгээр эрдэнэсийн өнөөгийн зах зээлийн үнийг харгалзан тооцвол нийт 350-400 тэрбум ам.доллартай тэнцэх баялаг байна гэсэн үг юм. Албан ёсны тооцоогоор нийт иргэдийн 30 гаруй хувь нь ядуу, коронавирусын цар тахлын хүнд үед иргэдийн орлого тасарсан учир энэ тоо нэмэгдэж нийт иргэдийн 50 орчим хувь нь ядуу амьдарч байгаа тул монголчууд өвөг дээдсийнхээ асгаруулсан цус, дуслуулсан хөлсөөр өвлөгдөн ирсэн эх орныхоо нутаг дэвсгэрт байгаа энэ их баялгаас дорвитойхон орлого авч чадахгүй байгаа. Тэр битгий хэл энэ их баялгаа гадныханд найр тавин өгсний уршгаар өдөр бүр улам их өр ширэнд баригдаж байгаа нь амьдралын хууль гэхээсээ илүү ард түмнээ огт боддоггүй эрх баригчдын даажигнал юм. Өнөөгийн эрх баригчдын дохио зангааг нь дагаж хөдөлдөг үндэстэн дамнасан “Рио Тинто” компани Монгол Улсын жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг үзүүлэхийн тулд Монголын талыг Олон улсын Арбитрын шүүхэд өгч олон сая ам.долларыг нэхэмжилж байгаа юм. Монголын төр засаг энэхүү нэхэмжлэлийн хариуг энэ сарын 31-ний өдөрт багтаан өгөх, сөрөг нэхэмжлэл гаргах үүрэгтэй. Гэтэл Засгийн газар энэ эгзэгтэй цаг мөчид огцорч төр, засгийн өндөр албан тушаалтнууд нэг нэгийгээ буруутган хэн нь төрийн эргэлт хийсэн тухай мэдэгдэн маргалдаж байх хооронд Монгол Улсын эсрэг шийдвэр гарах магадлал улам бүр өсөн нэмэгдэж байна. 
Тийм учир 1 сарын 25-ны өдөр өнөөгийн төр, засаг Монголын ард түмний дундын хамтын өмч байх ёстой байгалийн баялаг болсон Оюутолгойн ордыг хууль бус аргаар өмчилж авсан “Рио Тинто” компанийн нэхэмжлэлийн хариу болон сөрөг нэхэмжлэлийг энэ сарын 31-нд багтаан гаргахгүй байгаа, ингэснээр Монгол Улс, үнэн хэрэгтээ Монголын ард түмнийг олон сая ам.долларын өрөнд оруулах аюул заналд учруулж буй, эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалын төлөө өдөр шөнөгүй тэмцэлдэж, хуйвалдаж байгаа өндөр албан тушаалтнуудын арчаагүй эс үйлдлийг эсэргүүцэн МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж өлсгөлөн зарлан Сүхбаатарын талбайд суулт хийж эхэллээ. Энэ тэмцэл нэг хүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө явуулж байгаа үйл ажиллагаа яавч биш. Харин нийт ард түмнийгээ эх орны газар нутаг,  баялагт эзэн суулгах гэсэн амь нас эрссэн их үйл хэрэг мөн.
Нийт Монгол ахан дүүсээ! Шударга ёсыг хүсэн эрхэмлэгч нийт иргэдээ!
Та бүхэн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, “Ард түмэн энэ эрх мэдлээ сонгох, сонгогдох замаар хэрэгжүүлнэ”, ингэснээр Монголын ард түмэн эх орон, хувь заяаныхаа эзэн болно гэсэн зорилгын төлөө тууштай тэмцэж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын тэмцэл, Оюутолгойн ордыг үндэстэн дамнасан “Рио Тинто” компани, түүний ил далд гар хөл болсон олигархиудаас салган авч ард түмэндээ өгч, монголчууд эх орныхоо баялагт эзэн болох цагийг ойртуулахын төлөө шаргуу тэмцэж байгаа МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын амь эрссэн тэмцлийг шийдвэртэй дэмжихийг уриалж байна.
Сайн үйс дэлгэрэх болтугай!

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ