Б.Дамдин-Очир
Эх, нярайн эрхийг зөрчсөнд дургүйцсэн хүмүүсийн жагсаал өчигдөр /2021.1.20/ бүтэн өдөржин Сүхбаатарын талбайд үргэлжилсэн. Оройхон Шадар сайд, Эрүүл мэндийн сайд хоёр нь огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл өнөө өглөө /2021.1.21/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорч байгаагаа мэдэгджээ.
Энэ тухайгаа өнөө өглөө Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж танхимынхаа гишүүдэд зарлажээ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж хэлэлцүүлээд огцрох шийдвэр гаргуулсан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит бус хуралдаан, намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр огцрох шийдвэр гаргах болсон шалтгаанаа тодорхой тайлбарлажээ.
Тэрээр “...Жагсаалыг Ерөнхийлөгчийн зүгээс зохион байгуулсан байна. Ийм мэдээлэл авлаа. Улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ерөнхийлөгчтэй хамтарч ажилласан. Төмөр замаас эхлээд олон том төсөл, арга хэмжээн дээр хамтарч ажилласан. Харин ингэж олон нийтийн бухимдлыг ашиглаж төр засгийн тогтворгүй байдлын төлөө үйл ажиллагаа зохион байгуулж байгааг цаашид хараад сууж болохгүй. Ерөнхийлөгч ингээд зогсохгүй. Энэ нь Ерөнхийлөгч цаашдаа надтай хамтарч ажиллахгүй гэсэн үг байна гэж ойлголоо. Тиймээс хүссэнийг нь хийе. Ийм цаг үед улс орны тогтвортой байдал чухал, тиймээс би огцрох шийдвэр гаргаж байна” гэжээ.
Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2-т “...Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно”, Дөчин гуравдугаар зүйлийн 2-т “...Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, одоо УИХ-аар энэ асуудлыг эцэслэнэ гэсэн үг.
Эх сурвалж: Polit.mn