Б.ДАМДИН-ОЧИР

Дахиад л дурдъя, “...Улс төрд мөнхийн нөхөрлөл, бас мөнхийн дайсагнал байдаггүй” гэдэг. Энэ бол хууль юм байна. Бас тооны хүрд шиг гарцаагүй юм байна.

2017 оноос олны нүднээс нуулгүй, холбоотой явсан хоёр дарга түнжин хагараадахжээ. Тэр жилийн зун Х.Баттулга Ерөнхийлөгч, намар нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон юм.

Түүнээс хойш “...Төрийн өндөрлөгүүд эв түнжинтэй байгаа” гэж байн байн зарлаж, арга хэмжээнүүдэд хамт орж, түүнийгээ нотолсоор ирсэн. Хамгийн гол нь төрөөс явуулж буй том акцуудын хоёр талд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр л байдаг байв. Тэтгэврийн зээлийг тэглэсэн , төмөр зам барьсан зэрэг ажил Х.Баттулгынх, бас У.Хүрэлсүхийнх гэж болно.

Ер нь бол хэн нь Ерөнхийлөгчийн сэнтийд сууж, хэн нь Ерөнхий сайдын ажлыг хийж байна вэ гэдэг бүрхэг байсаар өнөөдрийг хүрсэн юм.

Одоо харин Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхөж, улаан хөх “булан”-даа сууцгаасан байна.

Тэгээд унаган намуудынхаа баримтлал, баруун зүүний үзлээрээ “байлдаад” эхэлжээ. Энэ “харилцаа”-гаа бас л олноос нуухгүй байна. Тэд нэг нь нөгөөгөө, нөгөө нь нэгийгээ маш сайн мэднэ. Ийм хүмүүс муудалцах нь илүү бие биедээ аюултай дайсан болдог ч гэдэг. Юутай ч бие биеийнхээ эмзэг цэгийг дарцгааж эхэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойг “ухаж” эхэлсэн байна.

Тэрээр уржигдар /2021.1.18/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ.

Ингэхдээ “....Ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.

...Миний бие Оюутолгойн асуудлыг Монгол Улсын ҮАБЗ-өөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ бичигт Ерөнхий сайд У.Хүрэлсүх заасан хугацаанд нь ямар нэг хариу өгсөнгүй. Тэгж байгаад “сая” төгрөгийн хариу шиг нэг шийд гаргах биз.

Мөн өмнө нь 2020 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүсч, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн. Энэ хууль гарвал Оюутолгойн орлого манай Монголбанкаар дамжих юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга ингэж Оюутолгойн асуудлыг “ухаж” байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замыг “маажиж” эхэлжээ.

Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгийг гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгах үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт өгсөн байна.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гарч байгаа том төслүүдийн мөнгө төгрөг “хаашаа яаж ороод” байгааг шалгах шаардлагатай. УИХ-ын гишүүдийн дунд иймэрхүү хардлага, сэрдлэгтэй янз бүрийн яриа гарсан. Тэгэхээр үнэн зөвөөр нь сайтар шалгуулаад хэл ам, хардлагад хариулт өгөөд явах нь зүйтэй. Бүх зүйл хууль, дүрмийн дагуу байх ёстой. Нууц гэсэн материалуудыг нууцаас гаргаад шалгачих гэсэн үүргийг өгчээ.

Ийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр Оюутолгой, төмөр зам хоёрыг ухаж төнхөөд эхэллээ. Тэдний энэ толхилцоон тохиролцоо болоод дуусах уу, зодоон болж өргөжих үү. Аль нэгээр нь ойрын өдрүүдэд шийдэгдэнэ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.20 ЛХАГВА № 14 (6491)