А.ДОРЖХАНД

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, УБТЗ-ын “Замчин” спорт хороо, “Янгир хайрхан” компани, Дархан ус суваг компанийн бөх, аймгийн арслан, боловсрол судлалын магистр С.Ерөөлттэй ярилцлаа. Тэрээр номтой нөхөрлөдөг бөхчүүдийн  нэг бөгөөд “Бөх”сонины бүх дугаарыг цуглуулдаг ажээ.

-Таны бага насны дурсамжаас ярилцлага эхэлье. Хэзээнээс барилдах болов?

-Бага нас маань Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит өртөөнд өнгөрсөн. Миний аав ээж, ах эгч бүгд төмөр замчин хүмүүс. Би багадаа үеийнхээ хөвгүүдтэй барилдаж ноцолддог хүүхэд байлаа. Манай удамд авга ах А.Жанлав, Батдэлэг нар аймгийн начин цолтой бөхчүүд байсан. Намайг барилдахад их нөлөөлсөн хүн бол Б.Бямбадөл гэдэг найз маань юм. Найзыгаа бараадаж хамт бэлтгэлд нь явна. Тэгээд л барилдаж эхэлсэн. Харин анхны дугуйландаа 2000 онд Дархан хотын 18 дугаар сургууль дээр очиж Спортын төв ордонд Баярсайхан, Насанжаргал багшийн дугуйланд явснаар барилдаж эхэлсэн. Тухайн үед хүүхдүүд бүгд сайн барилддаг байлаа.

-Анхны  бүхэн сэтгэлээс гардаггүй. Анхны тэмцээн уралдаандаа хэрхэн оролцож байв?

-Өө тэгээд л жижиг тэмцээнүүдэд оролцдог байлаа. Ямар ч зүйл шууд амжилт үзүүлээд эхэлнэ гэж үгүй. Улсын аваргын тэмцээнд эхний тойрогтоо л ялагдана. Дандаа чөлөөтийн мундаг хүүхдүүдтэй таарна. Харин  анхны медалиа 2000 онд Хөтөлд болсон олон хотын тэмцээнээс чөлөөтийн 63 кгд хүрэл медаль хүртэж их урам авч байлаа. Өөрийгөө их мундаг болсон юм шиг их хөөрсөн дөө.  Анхныхаа медалийг зүүгээд арван жилийнхээ хонхныхоо баярт орж байв. Мөн 2000 оны зун манай нутагт овоо тахилгын  наадам болж 32 бөх зодоглоход үзүүрлэн 50 ам.доллараар шагнуулаад мөн л их баярлаж билээ. Учир нь тухайн барилдаанд дандаа өөрөөсөө ах сумын цолтой бөхчүүдийг давж үзүүрлэсэн.

-Ингээд л таны бөхийн амжилтын буухиа эхэлжээ тийм, үү?

-Түүний дараа жил нь буюу 2001 онд Шонхор БТДС-д орсноор би үндэсний бөхөөр түлхүү барилдаж эхэлсэн л дээ. Манай сургууль дээр сар бүр барилдаан болно. Тэр барилдаанд өөрөөсөө цолоор илүү ах нарыг хаяна. Тэнд барилдаж бага багаар сайжирч эхэлсэн. Ер нь цолоор илүү хүн даваад ирэхээр урам орж сэтгэл зүй ч дагаад сайжирна л даа. Бэлтгэлээ ч сайн хийхийг бодно. Үүний дараа жил 2002 онд сумандаа түрүүлж байлаа. Тус наадамд түрүүлэхдээ аймгийн цолтой бөхчүүдийг хаяж түрүүлсэн. Залуу бөх байхад аймгийн цолтой хүн ч их том цолтой хүн шиг санагдана. Улсын цолтой бөх бол бүр хүндлүүштэй. Бидний үед зургаан залуу заан ид барилдаж байсан дэргэдүүр нь явахад хийморь сэргэлээ гэж ярьдаг байсан. Мөн үзэгчид ч өргөө дүүрэн, байлаа.

-Хамгийн их сэтгэл ханасан барилдаануудаа дурсвал?

-Олон сайхан барилдаан сэтгэлд үлджээ. Хамгийн их баярласан нь гэвэл 2005 онд бөхийн өргөөнд улсын цолтой бөхийг хаяж үзээд бөөн баяр болж байв. Тэр бөх нь улсын начин Цэвээн ах байлаа. Харин хамгийн дурсамжтай сайхан барилдаан  гэвэл 2008 онд Төмөр замын салбарын 70 жилийн ой гэж том барилдаан болоход би сумын заан цолтой их шөвгийн гуравт үлдэж байлаа. Олон сайн бөхийг хаясан болохоор санаанаас гардаггүй юм. Би сумын заан цолтнуудаасаа нэлээн хоцорч 2012 онд аймгийн арслан болсон. Зовж авсан цол учраас их амттай санагддаг. Учир нь 2005 оноос УБТЗ-д ажиллаж байна. Ажлын хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг бэрх л дээ. Тиймдээ ч би хожуу цол хүртсэн. Үүн дээр нэмээд нэг зүйл хэлэхэд үндэсний энэ соёлыг хөгжүүлэхэд ивээн тэтгэж байгаа компаниуд их үүрэг гүйцэтгэдэг. Миний хувьд Ц.Чинзориг захиралтай “Янгир хайрхан” компанийн хамт олондоо талархаж явдагаа дамжуулъя.

-Харин таны хувьд сургамжтай барилдаанаа эргээд нэг дурсаач гэвэл?

-Сургамжтай барилдаан гэвэл 2004 онд аймгийн наадам. Тэр наадмын дөрвийн даваанд би маш хариуцлагагүй барилдсан. Тэр жил түрүүлж болохоор байсан санагддаг юм. Ахмад бөхийг басамжилж байж унасан юм. Тухайн бөх маань 40 дөхсөн бөх байсан. Манай нутгийн аймгийн заан Сэргэлэн гэж. Би хариуцлагагүй хэнэггүй барилдаад унасан том сургамж болсон. Миний хувьд монгол эр хүний дээд нь бөхчүүд гэж боддог. Барилдсанаар тэвчээр сууна. Ёс жудагт суралцана, эрэмбэ дараагаа мэддэг болно. Ялна ялагдана.Зорилготой болно. Зөв явбал сайхан хүндлэл хүлээнэ. Бие сэтгэлээ хөгжүүлнэ гэх мэт их олон сайхан зүйлийг олж авна

-Та багшилдаг шүү дээ. Шавь нартаа юуг түлхүү их зааж сургадаг вэ?

-Би 2019 онд “Мон алтиус” их сургуульд боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. Харин нутгийнхаа дүү нарыг дагуулаад овоо хэдэн жил болж байна. Хурц арслан С.Очирбат миний анхны шавь. Миний хувьд сүртэй их мэх текник хүчний дасгал гэхээсээ илүү тууштай тасралтгүй тогтмол бэлтгэлтэй байхыг мөн сахилга баттай байхыг л үлгэрлэхийг хичээдэг. Барилдана, бөх байна гэдэг бол залуу насны л зүйл. Хамгийн чухал зүйл бол боловсрол, хүмүүжил. Мөн энэ уламжлалт спортыг сонгосон л бол бичигдээгүй хуулийг дагаж мөрдөн үндэсний бөхийн нэр хүнд, ёс жудгийг сэвтээхгүй авч явах үүрэгтэй. Миний бодлоор Монголын бөхийн холбоо хариуцлагаа өндөрсгөж, дүрмээ сайжруулж, шийтгэлийг нь чангаруулах хэрэгтэй. Үндсэн дархлаанууд нь огт хөндөгдөхгүйгээр жижиг дүрмийн өөрчлөлт хийх нь зөв байх. Аль аль талдаа хичээж явах хэрэгтэй байх.

-Таныг “Бөх” сонин цуглуулдаг гэж сонссон. Цуглуулгаасаа сонирхуулаач?

-“Бөх” сонины тухайд бол анхны дугаараас нь хойш бүх дугаарыг алгасалгүй цуглуулсан. “Бөх” сонин бол бөхийн бүх мэдээллийг агуулсан. Тэр утгаараа миний сонирхлыг их татсан. Миний гар дээрээ анх авсан дугаар нь 1993 оны дөрвөн хуудас найман нүүр сонин бий. “Бөх” сонин цуглуулж эхэлснээр барилдах хүсэл маань улам их нэмэгдсэн болов уу гэж боддог. Харин номын амтанд бол хүүхэд байхаасаа орсон. Хонинд явахдаа ээжийнхээ цуглуулсан олон номноос өвөртлөөд явдаг байлаа. Анх уншсан зохиолуудаас гэвэл Жек Лондоны “Цагаан соёо”-г хоёр удаа уншиж байлаа. Мөн А.Дюмагийн “Монте Кристо гүн”-г уншаад сэтгэл их хөдөлсөн Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн”-ийг уншсан. Энэ гурав миний  хувьд гадаадын сонгодог зохиолын гурван оргил гэж хэлж болно. Монгол зохиолчдын бүтээлээс гэвэл Л.Түдэв “Хорвоотой танилцсан түүх”, Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”-ыг шилдэг нь гэж боддог. Яг одоо гэвэл Д.Төрбатын “Маршалын нууц товчоо” хэмээх номыг уншиж байна. Ярилцлагынхаа төгсгөлд бөхийн эрдэм заасан багш нартаа, улсын харцага Г.Элбэг багшдаа мөн бэлтгэл хамт хийдэг хамтрагч нартаа баярлаж явдагаа илэрхийлье.

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)