Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.  Хуралдааны дараа гишүүд хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуулийн салаа мөчир. Шүүхийн тухай хууль шүүхийн засаглал, шударга ёсны үндэс. Шударга шүүгч болон шүүгч хэнээс ч юунаас хараат бус ажиллах боломжийг бид энэ хуулиар бүрдүүлж чадлаа. Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн энэ Үндсэн хуулийн зарчим Шүүхийн тухай энэ хуулиар бодитой хэрэгжих боломж бүрдэж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна. Шүүгчид хуулиас өөр дарга байхгүй. Энэ цагаас эхлэн эзэнтэй, эрх мэдэлтэй, эдийн засгийн хараат шүүгч хэрхэвч байж болохгүй гэдгийг хуулиар хааж хязгаарлаж өгсөн. Шүүгч нар бие биедээ нөлөөлдөг явдал энэ хуулиар эцэс болж байна. Шүүгч нарын томилгоо нэг хүний гарт төвлөрч хонгил үүсгэх асуудал энэ цаг үеэс төгсгөл болж байна. Хариуцлага алдсан ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо энэ хуулиар ажиллаж эхлэх бололцоо бүрдлээ. Шүүгчийн шийдвэр бүхэн үндэслэлтэй байх, шийдвэр үндэслэл болгон ил тод байхыг энэ хуульд зааж өгсөн. Сайн хуулийг муу хэрэгжүүлж амийг тасалдаг алдаа болохгүй гэдгийг энэ хуулиар дамжуулан шүүгч нартаа сануулж байгаа. Шүүхийн тухай багц хуулийн хувь заяа шүүгч нарын гарт байна. 

Эх сурвалж:www.polit.mn