Т.САЙХАН

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.  Өнгөрсөн хоёр жилийн  хугацаанд шүүх эрх мэдлийг зохицуулах хууль олон нийтийн  анхаарлын төвд байж ирсэн.  2019 онд ҮАБЗ-ийн хэмжээнд хуулийн өөрчлөлтийг санаачлан, парламентаар батлуулж, хэрэгжүүлсэн.  Улмаар эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа ч шүүх эрх мэдэлтэй холбоотой заалт нэмэв.  Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга зүгээс, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч Шүүхийн хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр хувилбараа оруулж байсан.  Гэвч УИХ дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцээгүй, буцаасан.  Харин УИХ-ын нэр бүхий 13 гишүүн Шүүхийн багц хуулийг өргөн барьснаар, ийнхүү хэлэлцэж эхлээд батлах тийшээгээ болж байх шиг байна. Өмнөх хуулиар шүүх эрх мэдлийг  ҮАБЗ-ийн гурван гишүүн “атгаж” шинэ хонгил үүсч байна гэх асуудал яригдаж байсан.  Харин одоо яригдаж байгаа хуулийн өөрчлөлтөөр МАН өөрийн талд ашигтайгаар баталж, хууль шүүхийн байгууллагыг гартаа оруулж эхэллээ гэх байр суурийг ч зарим гишүүн илэрхийлээд байна.    Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлгээс  хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -Энэ хууль 2020 оны дөрөвдүгээр сард өргөн баригдсан.  Түүнээс хойш хоёр ч чуулган дамжаад хэлэлцэгдэж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Шүүхийн тухай хуулийн төслийн талаар буруу ойлголт явж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж авч байна, ялангуяа УИХ дахь олонхи гэсэн ийм мэдээлэл гарч байна.  Өмнө нь  17 шүүгчийг чөлөөлсөн нэг асуудал бий. Томилогдоогүй үлдсэн шүүгчдийн асуудлыг ажлын хэсэг дээр ярилцсан уу.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

- Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлж, буцаад томилохдоо 13 шүүгчийг эгүүлэн томилоогүй. 13 шүүгч дахин томилогдох хүсэлтээ ШЕЗ, Ерөнхийлөгчид мөн ҮХЦ, Захиргааны хэргийн шүүхэд удаа дараа хандсан.  13 шүүгчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тийм хүнд байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-2013 онд 13 шүүгчийг Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдөхдөө Үндсэн хуульд заасан хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөөгүй юм. Тэр утгаараа Үндсэн хуулийг  Ерөнхийлөгч зөрчлөө гэдэг агуулгаар тухайн үед би иргэнийхээ хувьд Цэцэд хандаж байсан. Цэц маргаан үүсгээгүй буюу Ерөнхийлөгчийг хамгаалж, хаацайлж үлдсэн. Миний хувьд Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдэг итгэл үнэмшил маань одоо ч хэвээрээ. Үүнийг залруулах ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд явагдах ёстой.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-МАН-ын олонхийн санаатайгаар Үндсэн хуульд оруулсан хуулийн буянаар хараат бус шүүх засаглал, хууль тогтоох засаглалын дор орсон гэж үзэж болох уу.  УИХ-аас сахилгын хорооны гишүүдийг сонгож байгаа нь шүүх засаглалыг хараат болгож хэрэг биш үү. Оюутолгойн буруу шийдвэр гарсан асуудлыг засахаар дарга нар ажиллаж байна. Нар дөнгөж гарч байсныг буцаан болиулах гэж байна. Шүүх засаглалыг улс төрийн нөлөөлөлгүй болгоно гэж байнга ярьдаг. УИХ улс төрийн байгууллага. Энэ байгууллага томоохон лобби бүлгүүдийн нөлөөлөлд үргэлж шаналж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакер:

-Шүүгч нарын цалин хөлсний асуудал хэвээр үлдсэн үү, эсвэл өөрчлөгдсөн үү. Нийгэмд буруу ойлголт байна. Шүүгчдийн цалинг гэж үзэхгүй зөвхөн нөхөн олговор гэж үздэг.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Байнгын хорооны хуралдааны үеэр хамгийн олон жил буюу 32 жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин 4.2 сая, нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авдаг юм билээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Хуулийн төслийн зорилго, зорилтыг харахад шүүхийн тогтолцоо,  зохион байгуулалт, шүүгчид тавигдах болзол, шаардлага, эрх зүйн байдал, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах, холбогдох байгууллагуудын эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна гэж тусгасан байна. Гэтэл хэлэлцүүлгийн явцад шүүгчийн томилгоо болон цалин хөлстэй холбоотой асуудал хэт давамгайлсан байдал гарч байгаа нь хуулийн гол зорилгыг нийгэмд буруу ойлгуулж байна. Цалин мөнгө, томилгоог хэтэрхий их давамгайлж ярих нь хуулийн зорилгыг хойш нь татаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

- Шүүхийг яаж шударга , хараат бус байлгах уу гэдэг чиглэлээр нь бүрэн оруулж ирсэн. Өмнө нь байгаагүй томоохон заалтууд орсон. Тухайлбал, шүүгчийг томилох, сонгон шалгаруулахдаа хэн нэгний дохио, нөлөөгөөр томилох бус мэдлэг чадвартай хүнийг хараат бусаар шалгаруулдаг байх, шүүгч ажлаа хийхдээ хэн нэгний нөлөөнд автахгүй, хариуцлагатай, чин шударгаар ажиллах. Ингэж ажиллаж чадахгүй бол шүүгчид хүлээлгэх хариуцлагыг нь мөн оруулсан. Энэ хууль гарснаар шударга, хараат бус шүүгчтэй байх нөхцөл боломж бүрдэнэ. Хэн нэгнээс эдийн засгийн хувьд хараат бус байлгахын тулд цалингийн асуудал ярьж байгаа.

 

2024 ОНООС ХЭРЭГЖИХ БАНКНЫ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хууль санаачлагчаас оруулсан төсөл дээр банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмших дээд хэмжээг 20  хувиар тогтоохоор, банк нээлттэй компанийн хэлбэртэй байхаар туссан. Банкны хувьцааг эзэмших 20 хувийн хязгаарлалт нь компанийн удирдлагыг нэг этгээд дангаар хэрэгжүүлж болох доод босго 20 хувиас эхэлдгийг харгалзан тогтоожээ. Одоогийн байдлаар манай улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн шинэ зохицуулалтаар банкууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр гадны банкууд хувьцаа эзэмших боломжтой болох аж. Анх өргөн барьсан төсөлд зургаан жилийн дараа гэхэд банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар тусгасан байжээ. Харин  ажлын хэсэг гурван жилээр нааш татаж, 2023 оны эцэс гэхэд бүх банк хувьцаат компанийн хэлбэрт бүрэн шилжсэн байхаар зохицуулжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.15 БААСАН № 11 (6488)