Т.САЙХАН

Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 137 саналаар санал хураалт явуулж дууслаа. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуульд заасан албан тушаалтан. Төслийн 27 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг томьёолсон. Ажлын хэсгээс Улсын дээд шүүхийг аль нэг танхимд харьяалуулна гэсэн агуулгаар оруулж ирж байгаа. Би Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч бол ерөнхий шүүгч гэдэг агуулгаар ажиллах ёстой гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч аль нэг танхимдаа харьяалагдана. Тиймээс миний гаргасан саналыг дэмжээд кнопоо дарахгүй байвал энэ асуудал гарч ирнэ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч гэдэг бол бэлгэдлийн шинж чанартай байна гэдэг агуулгыг ажлын хэсгийг оруулж ирээд байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: - Энэ хуулийн гол концепц бол нэгд, шүүх эрх мэдлийг улс төрийн нөлөөллөөс салгах, хоёрт, шүүхийн дотоодод байгаа дарга хэв шинжээс нь салгах. Өөрөөр хэлбэл, хонгилыг нураах. Хонгил томилсон албан тушаалтан буюу Ерөнхийлөгч түүний дор Монгол Улсын Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч гэсэн пирамид тогтолцоогоор явж байгаа. Энэ тогтолцоог нураая гэхээр үүнийг эргэж амилуулна гээд л байх юм. Нэг гараараа хонгил нураах гэж байгаа ч юм шиг нөгөө гараараа хонгилыг нураалгахгүй гэх юм. Гаргаж байгаа санал нь хонгилыг нураалгахгүй гэсэн санал байна. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дуртай хэрэг дээрээ орж  хэрэг шийдэж байсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан Зориг гэж хүн С.Зориг агсны хэргийг өөрөө орж удирдаад шийдчихсэн. Ерөнхий шүүгч гэдэг хүн дуртай танхимдаа ороод дуртай хэргээ шийддэг хаан биш. Адилхан шүүгч. Үүнийг хаан болгох гээд санал гаргаад байгааг ойлгохгүй байгаа. Тиймээс байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж тийм гэсэн санал өгөхийг гишүүдээсээ хүсье.

Гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн 66.2 хувь нь тус саналыг дэмжиж санал хураалт дэмжигдсэн. Ингэснээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр гаргасан Х.Нямбаатар сайдын санал унаж ажлын хэсгийн санал дэмжигдсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn