Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /01.08/ чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.  Хуулийн төсөлд шүүхийн сахилгын хороо байгуулахаар тусгасан билээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -Шүүхийн сахилгын хороо гомдол шалгах чиг үүрэгтэй гэж ойлгож, хариуцлагатай байгууллага гэж ойлгож байгаа. Бэлгэдлийн чанартай байгууллага болох вий гэж санаа зовж байна. Мөн Шүүхийн сахилгын хороо, ерөнхий зөвлөл нэг дор байгуулагдаж, нэг дор бүрэн эрх нь дуусах нь залгамж чанар талаас нь анхаарч хараарай.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:-Хяналтын тогтоолтой холбоотойгоор гомдлыг сахилгын хэргийн хороо хэлэлцэж, эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж өгнө гэдэг нь эрх ашгийн зөрчил гэж хараад байгаа юм. Сахилгын хороо байгуулчихаад гаргасан шийдвэрээ Улсын дээд шүүхдээ өгөх нь буруу. Энэ нь эрх ашгийн зөрчил үүсэх нөхцөл үүсээд байна. Сахилгын хороо бий болгочихоод өөрсдөөр нь асуудлыг нь шийдүүлэх нь буруу юм шүү.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:-Сахилгын хороо агуулга хянахгүй, процессын алдаа гарсан эсэхийг хянахаар санал оруулсан. Дээд шүүхийн хяналтад байх нь зөв байх гэлээ.  Шүүхийн хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Эх сурвалж:www.polit.mn