Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг хүргэсэн билээ. Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: 50.9 тэрбумын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ
-Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөнд иргэдийнхээ саналыг эрэмбэлэн, бүх сумдад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгаж, нийт 50.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөлөө. Эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэсэн монгол хүнийг хөгжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, хувь хүний ур чадвар олгох ажлуудыг шат дараатай зохион байгуулна. “Чадварлаг эмч”, “Чадварлаг багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, багшийн хөгжлийн загвар төвүүд байгуулна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангана. Арван сумын сургуулийн барилга, дотуур байр, спорт заалны барилгууд, зургаан сумын цэцэрлэгийн барилга, нэг сумын эрүүл мэндийн төвийн барилга, дөрвөн сумын соёлын төвийн барилгуудыг барьж, засвар үйлчилгээ хийнэ. Соёлын өвийг хашиж хамгаалах, аялал жуучлалын мэдээллийн төвийн тохижилтыг сайжруулах зэргээр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөлөө. Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт хийх инкубатор төвийн ТЭЗҮ-г боловсруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хөнгөлөлттэй зээлд хамруулж дэмжиж ажиллана.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2021.1.4 ДАВАА № 1 (6478)