Т.БАТСАЙХАН
Парламент Шүүхийн багц хуулийг хэлэлцэж эхлээд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шүүх эрх мэдлийг зохицуулах хууль олон нийтийн анхаарлын төвд байж ирсэн. 2019 онд ҮАБЗ-ийн хэмжээнд хуулийн өөрчлөлтийг санаачлан, парламентаар батлуулж, хэрэгжүүлсэн. Улмаар эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа ч шүүх эрх мэдэлтэй холбоотой заалт нэмэв. Түүний дараа Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлэв. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч ажлаа аваад удаагүй байхдаа Шүүхийн хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр хувилбараа оруулж байсан. Гэвч УИХ дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцээгүй, буцаасан. Харин УИХ-ын нэр бүхий 13 гишүүн Шүүхийн багц хуулийг өргөн барьснаар, ийнхүү хэлэлцэж эхлээд байгаа юм. Шүүх эрх мэдлийг хэрхэн өөрчилж, хуульчлах вэ гэдэг нь мэдээж өргөн хүрээтэй асуудал. Үүний хажуугаар улс төрийн эрх ашиг ч яригдах нь ойлгомжтой. Өмнөх хуулиар шүүх эрх мэдлийг ҮАБЗ-ийн гурван гишүүн “атгаж” шинэ хонгил үүсч байна гэх асуудал яригдаж байсан. Харин одоо яригдаж байгаа хуулийн өөрчлөлтөөр МАН өөрийн талд ашигтайгаар баталж, хууль шүүхийн байгууллагыг гартаа оруулж эхэллээ гэх байр суурийг ч зарим хуульч илэрхийлээд байна. Шүүхийн хууль барын амнаас арслангийн аманд оров уу гэсэн нь ч ийм учиртай. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шүүхийн хууль ямар зам туулав,ямар өөрчлөлт оруулж, хэрхэн хэрэгжүүлэв. Өнөөдөр ямар учраас өөрчлөх гээд байна гэдгийг “Time line” -ээр хүргэж байна.
2019.03.25
ҮАБЗ хуралдан зөвлөмж гаргалаа. Ингэхдээ бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч Х.Баттулгад өгчээ. Мөн зөвлөмжид УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэн батлахыг тусгасан байдаг.
2019.03.26
Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаж уг хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон юм. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг энэ өдөр ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх зүйтэй гэж үзлээ.
2019.03.26
Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж, гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Хэд хэдэн гишүүн эсрэг саналтай байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Та нар бэлэн байгаарай, энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн цэц рүү явна” гэсэн байр суурь илэрхийлж байв.
2019.03.26
УИХ-ын чуулган яаралтай горимоор хуралдаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Харин АН-ын бүлгээс эсэргүүцэн дүгнэлт гаргаж байв. Уг дүгнэлтэд, “Энэхүү хуулийн төсөл шүүгчийн хараат бус байхад халдаж байна. Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргыг УИХ томилдог. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр эдгээр албан тушаалтныг чөлөөлөх асуудлыг ярих нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл. Тиймээс АН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэж байгаа гэх үндэслэлээр чуулганы хуралдаанд оролцохгүй” хэмээж байв.
2019.03.28
Нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хуулийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн. Мөн зарим гишүүн нэг удаа үйлчлэх заалт оруулахыг санал болгож байсан. Гэсэн ч эрх баригчид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлагыг өөрчилдөг агуулга бүхий хуулийн заалтыг дэмжиж батлав. Хуулийн үйлчлэлээр АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилов. Мөн Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналаа Ерөнхийлөгч оруулж, парламент батлав. Прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилсон. Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний зарлигаараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилсон. Түүнчлэн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн.
2019.11.14
Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлав. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Шүүхийн сахилгын хороо ажиллах, ШЕЗ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллах 10 гишүүнээс бүрдэнэ. Мөн шүүхийг тойргийн журмаар байгуулна гэх заалтуудыг оруулж батлав.
2020.04.23
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Шүүхийн багц хуулийг шинэчлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай баримтлах, Үндсэн хуулийн мөрдөгдөж байгаа зохицуулалтуудад захирагдах, хуулийг хуульчдаас гадна иргэн, хуулийн этгээдийн хэрэглээнд нийцүүлэх, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад учирч байгаа эдийн засгийн болон бусад хүндрэл, бэрхшээлийг цогцоор нь харж, нэг мөр шийдвэрлэх” шаардлагыг хатуу баримтлах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзлээ.
2020.05.24
Морин цагаас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэв.
2020.08.18
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж, ҮАБЗ-өөс шүүгчдийг томилдог асуудлыг нэн тэргүүнд зогсоохоо мэдэгдэв. Тэрээр мэдэгдэлдээ “Шүүгчийн сахилгын хороо гэх Үндсэн хуулийн байгууллагатай болно. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана. Тийм учраас бид энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна” гэв.
2020.08.25
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Шүүхийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 2019 оны аравдугаар сард мөн хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байв. Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг батлах, шүүгч хүрэлцэхгүй тохиолдолд танхим хооронд томилох эрхийг ерөнхий шүүгчид олгохоор уг төсөлд тусгасан байв.
2020.08.28
УИХ-ын чуулганы хуралдаанд Х.Нямбаатар сайдын санаачилсан хуулийн төсөл орж ирэв. Гэвч зарим гишүүд захиалгат хууль хэмээн эсэргүүцэж хууль санаачлагчид буцаасан юм.
2020.10.20
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүн Шүүхийн тухай багц хуулийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.
2020.10.27
МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн багц хуулийг буцаах шийдвэр гаргасан юм. Харин 13 гишүүний өргөн барьсан Шүүхийн хуульд дэмжлээ.
2020.11.27
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой. Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улстөржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийллээ. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгаагаа мэдэгдэв.
2020.12.25
УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
2020.12.28
Улмаар хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа.
2021.01.05
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 17 цаг орчим үргэлжилж хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусчээ. Ийнхүү Шүүхийн хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ өөрчлөлтийг Үндсэн хуулийн дагуу хийх үү. Эрх баригчид өөрсдөдөө давуу байдал олгохоор хийж байна уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.1.7 ПҮРЭВ № 4 (6481)