Т.САЙХАН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /01.05/ хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болон шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааны эхэнд Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: - Шүүхийн тухай хуулийн төслөөр нийтийн сонсгол явуулах  хүсэлтээ УИХ-ын дарга болон Хууль зүйн байнгын хорооны даргад оны өмнөхөн явуулсан. Учир нь ажлын хэсэг тус хуулийн төсөл дээр ажиллах явцдаа маш олон өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ оруулсан өөрчлөлтийн талаар иргэд мэргэжлийн байгууллагаас санал аваагүй, хэвлэл мэдээллээр мэдээлээгүй учраас нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -  Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүхийн бие даасан байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ даруй хуралдаж Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ гэдэг тодорхой санал оруулж ирж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар- Шүүхийн хараат бус байдалтай холбоотойгоор нэг анхаарах зүйл бол сошиал медиагаар тодорхой хэрэг маргааны талаар иргэд үзэл бодлоо илэрхийлдэг. Нөгөө талдаа энэ асуудлыг зохион байгуулалттай тавьж, араас нь эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх хурлын өмнө маш олон зохион байгуулалттай ажил хийдэг гэсэн үг. Тиймээс ийм нөлөөлөлд автахгүй байх заалтыг тусгасан уу. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн албаны нэр хүндийг давхар хамгаалах ёстой. Хууль бус нөлөөллийн ажиллагааг зохион байгуулалттай явуулж байгаа асуудал байгааг ажлын хэсэг ярилцсан, шүүгчид тодорхой саналууд гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлд харьяалуулж, алдар хүндэд хууль бусаар, хэрэгт нөлөөлөх зорилгоор халдаж байгаа үйл ажиллагааг хэв шинжээр нь Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө хуулийн байгууллагад хандаж, шүүгчдээ хамгаалахыг нь үүрэгжүүлж өгч байгаа. Тиймээс үүнийг албан ёсоор үүрэгжүүлж, институцээ хамгаалдаг байх ёстой болж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:-Сүүлийн үед шүүх Засгийн газрын хамтын шийдвэрийг шүүдэг болчихоод байгаа юм. Засгийн газрын хэн нэгэн хамаарал бүхий этгээддээ давуу тал олгосон зүйлийг энд оруулахгүй байгаа.  

Эх сурвалж:www.polit.mn