Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарыг онцолж байна. УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:Төрийн мэдлийн эмнэлэгтэй болох ажлыг эхлүүлнэ

-Баянзүрх дүүргийн бүх шатны төрийн албан хаагчид  цар тахлын эсрэг тэмцэж, хүнд цаг үеийг иргэдтэйгээ хамт, эрсдэл багатай давж гарахын тулд хичээн ажиллаж байна. Хэдий бид хүнд нөхцөл байдалтайгаар ирэх оноо угтаж байгаа ч 2021 он баянзүрхчүүдийн хувьд ололт арвинтай, өгөөжтэй жил байна гэдэгт итгэлтэй байна.  Бид  оны төгсгөлд 80 мянган иргэнээ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж дууслаа. 2021 оны эхэнд, үлдсэн өрхүүдээ шинжилгээнд бүрэн хамруулахаар төлөвлөж байна. Бид цар тахлыг иргэдийн дунд тархахаас урьдчилан сэргийлж чадахаас гадна эрсдэлтэй байж болохуйц тохиолдлуудыг илрүүлэх нь ач холбогдолтой юм. Азаар бидний өнгөрсөн хугацаанд авсан бүх шинжилгээ сөрөг гарсан нь халдвар олон нийтэд тархаагүй байгааг илтгэж байна.  Эмнэлгийн байгууллагууд халдварын эрсдэл хамгийн өндөртэй гэдгийг бид олон жишээгээр харлаа. Тиймээс оны дараа БЗД-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн гамшгийн үед ашиглах эрсдэлийн төлөвлөгөө, халдвар хамгааллын дэглэм, стандарт дүрэм журам баримталж байгаад нь хяналт тавьж ажиллах болно. Ер нь бид ирэх онд эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөлөө. Тухайлбал, БЗД-ийн иргэн бүр даатгалаараа эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой улсын эмнэлэгтэй болох шаардлагатай байна. Учир нь БЗД-ийн иргэд сүүлийн 20 гаруй жил эрүүл мэндийн үйлчилгээгээ хувийн эмнэлгээс авсаар ирсэн. Тиймээс эхний ээлжинд төр өөрийн мэдлийн эмнэлэгтэй болж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүй өгөхөд онцгой анхаарах ёстой. 

 

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Багануурын дулааны цахилгаан станцыг барина

-Их уурхайгаараа овоглосон  Багануур дүүргийнхээ ард иргэдийн өмнөөс “Зууны мэдээ” сониныг уншиж байгаа эрхэм танд учран золгож буй шинэ оны  мэндийг хүргэе.   Энэ онд хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх салбар болох Эрүүл мэндийн салбарын менежментийг оновчтой болгож, улсын клиник эмнэлэгтэй өрсөлдөхүйц орчин үеийн оношлогоо, эмчилгээний үйлчилгээг бий болгож урьдчилан сэргийлэх үзлэгийг хэвшүүлснээр халдварт болон халдварт бус өвчлөлийн гаралтыг бууруулахаар зорилоо. Боловсролтой ирээдүйг бий болгохын тулд зөвхөн багш бус, сурагч, хүүхдүүд тэр тусмаа эцэг эхийн хамтын ажиллагаа чухал.  Тиймээс эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хүүхдийн сурч боловсрох орчинг сайжруулж, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулж ажиллана. Халамжийн бодлогыг зөвхөн зорилтод бүлэгт, тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүд, анхаарал илүүтэй шаардлагатай чиглүүлж, жил бүр 200 гаруй байнгын ажлын байрыг шинээр бий болгож, амьдралын баталгаа болсон зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллана.   Багануурын дулааны цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг эхлүүлж, эдийн засгийн бие даасан байдлыг ханган, эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэрийг бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих суурь нөхцлийг бүрдүүлнэ.  Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хэдий хүндрэлтэй байгаа ч 2021 онд 8.1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөлөө.  

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан: Эко дүүрэг маань эрүүл дүүрэг болох зорилт дэвшүүллээ

-Нийслэл хотын үүд хаалга, өнгө төрхийг тодорхойлсон  Хан-Уул дүүрэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Хан-Уул Эко дүүрэг” болгох зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж ажилласан. Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлэн гадна талбайг цэцэрлэгжүүлэн ажиллалаа.
Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх хууль бусаар олгогдсон нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөвшөөрлийн эрхийг цуцлуулан цэцэрлэг, сургууль барьж, ногоон байгууламж бүхий долоон цэцэрлэгт хүрээлэн барьж байгууллаа.  Энэ мэтчилэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул дүүрэг бүхий салбартаа Эко жишиг үйлчилгээ, эко байгууламж бий болгон ажиллаж байна. Үргэлжлүүлэн ирэх дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул Эко дүүрэг маань “Хан-Уул Эрүүл дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллана.  Тухайлбал, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийн бохирдлыг цэвэршүүлэх чиглэлээр судалгаа хийж холбогдох байгууллагуудтай хамтран хөрсний бохирдлыг бууруулах ажил зохион байгуулна. Байгалийн нөөцийн хууль бус ашиглалт, нөхөн сэргээлтэд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллана. 
Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна.

 

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: Халдварын эсрэг нөлөөллийн аяныг зохион байгуулж байна

-Бид өөрсдөө эрүүл байж, ойр дотно, эргэн тойрны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь энэ жил бие биедээ өгч чадах хамгийн чухал бэлэг юм. Баянгол дүүрэг “СОVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалга, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна. Баянгол дүүргийн нийт 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төвүүд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд “Амны хаалтаа зүүцгээе”, “Гараа ариутгая”, “Хүн хоорондын зайгаа баримтлая”, “Гар барихаас татгалзъя”, “Гэртээ байцгаая” уриалга бүхий  хөдөлгөөнт сэрэмжлүүлэг, сурталчилгааны самбар, төхөөрөмжийг байршуулан иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл шуурхай хүргэн ажиллаж байна.  Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын лед дэлгэцээр “Халдвар хамгааллын дэглэмээ сахицгаая” зөвлөмжийг иргэддээ өгч байна.  2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Засаг даргаар томилогдож, ийнхүү сарын дотор буюу хуулийн хугацаандаа “Баянгол дүүргийн засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслөө боловсрууллаа. Зургаан бүлэг 129 зүйлтэй энэхүү хөтөлбөрт Баянгол дүүргийн 225840 иргэдийн төлөөллийн санал хүсэлт, Засаг даргын тамгын газрын хэлтэс, харьяа газруудын мэргэжилтнүүдийн боловсруулсан санал санаачилгууд багтсан. Түүнчлэн 2020 оны сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол заалтууд, бусад намуудаас дэвшүүлсэн сайн хөтөлбөрүүдийг багтааж, батлууллаа. 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: Олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ

-Улиран одож буй 2020 он дэлхий нийт төдийгүй бүс нутгийн хэмжээнд ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах томоохон сорилт болж өнгөрлөө. Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг аван өндөржүүлсэн бэлэн ажиллаж байна. Удахгүй бид хамтын хүчээр энэхүү хүндхэн сорилтыг ялан дийлсэн энх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ирж буй 2021 онд Сүхбаатар дүүрэг анх удаа улсын хэмжээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг барих барилгын ажлаа эхлүүлнэ. Цаг үеийн нөхцөл байдал ч эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нарийн мэргэжлийн болон төрөлжсэн эмнэлгийг улс орны хэмжээнд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэйг харуулж байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан хоёр цэцэрлэгээ ашиглалтад оруулна. Тэгээд өнгөрсөн онд хийсэн ажлаа үргэлжлүүлж иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг сайжруулах чиглэлээр гэрэлтүүлэг, камер, тохижилт, бүтээн байгуулалт гээд хороо бүрт нэн шаардлагатай байгаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд анхлан санаачилсан “Хог хаягдлын ухаалаг менежмент”-ээ улам сайжруулах, боловсрол, нийгмийн салбар гээд иргэ­дийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй Засгийн газар, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан бүх ажлуудаа хийж хэрэгжүүлнэ. 

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: Ажлаа аваад бүх хороодод ажилласан, асуудлыг шийднэ

-Цар тахал дэгдсэн хүнд үед өвчлөлөөс иргэдийг сэргийлэх ажилд идэвхийлж, нийслэл, дүүргээ хөгжүүлэх үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласан нийт ажилтан, алба хаагчиддаа талархал илэрхийлье.  2021 онд амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Манай дүүрэгт “Жишиг гудамж”, “Жишиг хороо”, “Дэд бүтцийн төв” гээд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн. Улаанбаатар хотын гэр хороолол дунд анх удаагаа 200 гаруй өрх хашаандаа сайхан амьдарч, төвийн дулаанд холбогдлоо. Хэд хэдэн спорт цогцолборууд баригдсан. Дүүргийн хүн амын ая тухтай байдал хангагдаж, ажлын байр шинээр үүсч, залуучууд бүтээн байгуулалтдаа оролцож, өдрөөс өдөрт хөгжиж байна. Онцгой дэглэмийн үе таарсан учир ажлаа аваад бүх хороодоороо тойрч ажилласан.  Цаашид байшин хорооллын хувьд хүүхдийн тоглоомын болон ахмадын салхилах талбай, гудамж талбайн хашаа хашлага, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орон сууцны гадна дулаалга, дээвэр, лифт, хог хаягдал зэрэг маш олон тулгамдсан асуудал байна. Энэ бүхнийг засч, сайжруулахад анхаарч ажиллана. Гэр хорооллын хувьд гудамжны зам, жалга, ил задгай хог хаягдал, үер усны далан, дахин төлөвлөлт, газрын маргаан зэрэг асуудал бий. 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай: Гэрэлтүүлэгтэй, хоггүй, цэвэр орчинтой дүүрэг болно

-Энэ жил бүрэн гэрэлтүүлэгтэй дүүрэг төсөл хөтөлбөрийн хүрээнд 6000 гэрэлтүүлэг хийгдэнэ.  Мөн  “ДОНЧС” хөрөнгөөр “Баянхошууны хөтөл”-өөс Толгойтын эцэс, “Таван шар”-ын уулзвар I хороололд гэрэлтүүлгийн шон бүрэн чимэглэж тохижуулна.  Мөн хоггүй дүүрэг зорилт тавин ажиллана гэр хорооллын 36 хороо байр хороололд хогийг бүрэн ачиж тээвэрлэн хур болон үүсмэл хоггүй ая тухтай орчинг бүрдүүлнэ. Хог тээврийн ачилт тээвэрлэлтэд онцгой анхаарч хог тээврийн авто баазын техниз тоног төхөөрөмжийг сайжруулахаар ажиллаж байна. Дүүргийн ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайг 40 хувьд хүргэнэ.  Иргэн бүр мод тарих, орон нутгийн өмчит газар байгуулах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.  Хороолол дундах болон гэр хорооллын шороон замуудад чулуун болон хатуу хучилттай замуудыг хийн замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж орчин нөхцлийг сайжруулна. 

 

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: Ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

-Уурхайчдын өлгий болсон Налайх дүүргийнхээ иргэдэд 2021 оны мэндийг хүргэж байна. Манай дүүрэг 40-өөд мянган хүн амтай. Үүний 6500 орчим нь ахмад настан, 14000 орчим нь хүүхдүүд бөгөөд 18-55 насны 20 мянган ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд байна. Үүнээс 1880 иргэн төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна. Харин 14500 орчим ажиллах боломжтой иргэн байна гэсэн судалгаа бий. Манай МСҮТ-д бэлтгээд гаргачихсан 240 орчим мэргэжилтэн бэлэн байна. Ажлын байранд мэргэжилтэй хүн хэрэгтэй учир бид бага дунд боловсролтой иргэдийг Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, МСҮТ-тэй хамтран мэргэшүүлэхээр бэлдэж байгаа. Үүнд үсчин, тогооч, засварчин, операторчин гэх мэт 18 төрөлд хүмүүсээ бэлтгэхээр бэлтгэлээ хангасан. Ингээд бэлэн байгаа мэргэжилтэн болон бэлдэж байгаа мэргэжилтэн гээд 600 орчим хүн шахмал түлшний үйлдвэрт ажиллахаар тооцоолол байна. 
Манай уурхайчид амьдралын эрхээр бүрэн дунд сургуулиа төгсөөд шууд уурхайд ажиллачихсан байдаг. Энэ хүмүүсээ мөн сургалтад хамруулаад мэргэжилтэй болгож ажлын байраар хангагдах боломжийг бүрдүүлж байна. 

 

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр: 500 хүний суудалтай Соёлын ордон барина

-Багахангай дүүргийн бүх шатны төрийн албан хаагчид COVID-19-ийн  цар тахлын  эсрэг тэмцэж, хүнд цаг үеийг иргэдтэйгээ хамт, эрсдэл багатай давж гарахын тулд хичээн ажиллаж байна.Хэдий манай дүүрэгт өвчлөл гараагүй ч бид  2021 онд илүү их хичээж өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ажилд  ихээр анхаарч ажиллана. Багахангай дүүрэг нь Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэг дээр оршдог 29 жилийн түүхтэй дүүрэг юм.  Бид иргэдэд соёл урлагийг түгээх ажлыг сайжруулах, шинэ 500 хүний суудалтай соёлын ордон барих ажлыг 2021 онд эхлүүлнэ. Тус шинэ соёлын ордны барилга 2021 онд ашиглалтад орсноор дүүргийн төдийгүй хил залгаа сум, дүүргийн иргэдэд соёл, урлагийн олон төрөлт үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм. Бид сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүний хөгжил рүү хамгийн эхэнд чиглэсэн. Багахангай дүүргийн ард иргэд эрч хүчтэй, эрүүл саруул, эрдэм боловсролтой, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байхад мөрийн хөтөлбөрийн гол бодлого оршиж байгаа. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллах болно.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.4 ДАВАА № 1 (6478)