Т.САЙХАН

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /12.30/ хуралдаж, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. 

 

Энэ хуулийн төслийг өмнөх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн уг хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжсэн. 

 

Тэгвэл Хууль зүйн байнгын хороо 2020 оны отгон хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонх дэмжлээ. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ.

 

Эх сурвалж:www.polit.mn