С.САРУУЛ
Залуучуудыг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэл, шинжлэх ухаанч хөгжилд уриалах, залуу үеийн мэргэжлийн боловсрол, ур чадвар, мэргэшсэн боловсон хүчний бодлогыг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог журамтай.Энэхүү журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2020 оны шагналыг хүртээх тухай зарлиг гаргаж, “мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжээрээ өөрийн ажиллаж буй салбартаа онцгой амжилт гарган тэргүүлж, үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй” шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшууллаа.Коронавируст цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан юм.
Шинжлэх ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгоны Насантогтох “Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал ус зайлуулах шинэ технологи” сэдэвт судалгааны бүтээлээрээ хүртлээ.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн машин үйлдвэрлэлийн салбарын Хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор Лхагваагийн Тэлмэнбаяр “6061 маркийн хөнгөн цагааны хайлшийн гадаргууд бүрхүүл тавьж, зэврэлтэд тэсвэртэй болгох нь” сэдэвт судалгааны бүтээлээрээ хүртлээ.
“Монос” ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор Дашнямын Хандмаа “Бактерийн эсрэг болон судас үүсгэлтийг дэмжих үйлдэлтэй эмчилгээний ион агуулсан микробөмбөлөг гарган авч, эдийн нөхөн төлжилтөд ашигласан нь” сэдэвт судалгааны бүтээлээрээ тус тус хүртлээ.
Төмөр замын хэт хүнд даацын төмөр бетон гүүр ба түүний хүчитгэсэн дам нурууны барилгын технологи, арга аргачлалыг боловсруулан практикт нэвтрүүлж, Монгол орны говийн уур амьсгалд тохируулан барилгын ажлыг хээрийн аргаар өөрийн оронд анх удаа гүйцэтгэсэн “ГБЭТ” ХХК-ийн Ерөнхий инженер Эрхэмбаярын Тодгэрэл хүртлээ.
Мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндэсний бүтээн байгуулалтын ажилд үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаан Бавуугийн Мөнхжаргал мөн хүртлээ.
Мөн шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох тухай журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тэтгэлгийг уламжлал ёсоор зарлаж, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг шалгарууллаа.Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 30 оюутан суралцагчид олгох тухай зарлиг гарч, холбогдох журмын дагуу тэтгэлгийг олгоод байна.
Эх сурвалж: www.polit.mn