Т.САЙХАН

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийг парламент өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж, дэмжлээ.  Ингэснээр энэ долоо хоногт бүлэг, байнгын хороо, УИХ хуулийн хэлэлцүүлгийг хийж, батлах бололтой.     

Хууль шүүхийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг болох хуулийн заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьж, УИХ өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард яаралтайгаар хэлэлцэн батлаад байв. МАНАН-гийн томилсон Ерөнхий шүүгч, Ерөнхий Прокурор, АТГ-ын дарга нарыг энэ хуулийн заалтаар солино гэсэн агуулгатай мессежийг тухайн үед олон нийтэд өгсөн. Хууль батлагдаж,  ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагын удирдлуудыг ч ерөнхийдөө сольчихсон.    Харин өнөөдөр эрх баригчид энэ хуулийн заалтыг эрс өөрчлөх хуулийг оруулж ирлээ.  ҮАБЗ-ийн зөвлөмжөөр өөрчилж, солих ёстой гэсэн байр суурийг тухайн үед хүчтэй илэрхийлж байсан гишүүд ч өнөөдөр дараагийн хувилбарыг алга ташин дэмжиж байна.   Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Ерөнхийлөгчөөс хамаг эрхийг нь булааж авч байна. Үе үеийн Ерөнхийлөгчид шүүхийн эрх мэдэл арай давуу байдаг нь төсөв хэрэгжүүлдэггүйтэй холбоотой. Засгийн газрын зарцуулах төсвийн УИХ баталдаг. Өнгөрсөн хугацаанд цагаан захтнуудын үйлдсэн гэмт хэрэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд очсон. ҮАБЗ-ийн зөвлөмж гарч байж, 17 шүүгчийн бүлэг хэрэг шийдэгдсэн. Энэ буцна гэсэн үг үү.  Дээр нь ҮАБЗ дээр шийдвэр гарч байж Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой том хэрэг нааштай шийдэгдсэн. Бүлэглэлүүдийн захиалгаар энэ өөрчлөлт хийгдэж байна.  Оюутолгойтой холбоотой том дарга нар шоронд байгаа. Тэдний захиалгаар энэ Шүүхийн тухай багц хуулийг оруулж ирж байна гэж үзэж байгаа. Тэр хүмүүст оноосон ял шүүхийн шатанд хөнгөрсөн. Энэ хуулийн буянаар тэр хүмүүс гарч ирэхгүй гэсэн баталгаа бий юу.  Түүнчлэн шүүгч нарын Сахилгын хороог УИХ-аар авч хэлэлцдэг болох тухай асуудал яригдаж байгаа. Ингэснээр эрх баригчдын дуу хоолойг гүйцэлдүүлэх шүүгч нарын бүхэл бүтэн арми бий болох вий дээ.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-2019 онд баталсан уг хууль нэг талаар үүргээ гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, авилгач, хэнд ч дийлдэхээ байсан, газар шороогоо харийнхны халаасанд хийж байсан шүүгч нарыг хуулийн өмнө аваачсан. Өнгөрсөн хугацаанд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгаснаас наймынх нь гэм буруугүй тогтоогдсон.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-ҮАБЗ-өөр хуулийн байгууллагын удирдлагыг өөрчилдөг  хуулийг МАН-ын 65 гишүүн үүнийг баталсан. Та нарын баталсан энэ хуулиас юу хожив.  Шударга таван гишүүн гэж ярьж байсан бол одоо хулхи тав гэж ярьдаг болсон. Тэдний нэг нь УИХ-ын дэд дарга, нэг нь ЗГХЭГ-ын дарга, нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон. Тухайн үед эдний хэн нь ч албан тушаалд очихгүй гэж ярьж байсан. ҮАБЗ-ийн гурван гурван гишүүний хоёр нь МАН-ын гишүүнчлэлтэй.  Энэ хуулийг баталснаар шүүхийг дарамтад оруулсан юм байна. Тэгвэл энэ хууль батлагдсанаар ямар хохирол учирсан бэ. Энэ хуулиар хохирсон хүмүүсийг тэгвэл яах вэ.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Энэ хуулийн төслөөр тодорхой хэрэг, нэг нэгнийг яриагүй. Үндсэн хуульд заасан гүйцэтгэх эрх мэдэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэдэг гурван хүний хүрээнд үндэслэл тодорхой бусаар хариуцлага тооцогддог байж болохгүй. Энэ нь эргээд шүүгч, шүүх эрхийг айдаст, нөлөөнд автуулах сөрөг үр дагавартай.  Хэрэв энэ хуулийг дэмжихгүй бол та хонгилыг хэвээр байлгах сонирхолтой байна гэсэн үг гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.28 ДАВАА № 251, 252 (6476, 6477)