Т.САЙХАН
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцэслэн баталлаа. Мөн АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга нь томилох хуулийн өөрчлөлтийг дэмжин эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Ажлын байр, ядуурал, хүний хөдөлмөр хийх сэтгэлгээ гэсэн асуудлуудыг түр хороо хэлэлцсэн. Монголбанк санаачилга гаргаж байна. Засгийн газар дэмжмээр байна. Бодлогын хүү 11-ээс зургаа болж буурсан. Найман их наяд төгрөг цугласан. Түүнийг зөв зарцуулж чадахгүй байна. Зах зээл дээр мөнгө алга. Хатуухан хэлэхэд өөрсдөө алдаа гаргачихаад онцгой байдал тогтооно, хаана гэж байгаа нь буруу. Бусад улс бүр аргаа барахаараа хааж байна шүү дээ. Ажлын байр алдахаас болгоомжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Одоо гарч байгаа хууль цаг үе өөрчлөгдсөн учраас эргэж харах хэрэгтэй. Зарим үр дүнгүй арга хэмжээг хасах хэрэгтэй. Цахилгаан дулааны мөнгийг хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. 200 МВт буюу бидний барьж чадахгүй байсан станцыг барих хэмжээний мөнгийг хөнгөлөлтөд гаргахаар болсон. Бид мөнгөгүй гээд станцаа барьж чадахгүй арван жил болсон. Гэтэл станц барих хэмжээний мөнгийг гаргаад ирлээ. Ийм их хэмжээний мөнгө зарцуулсан юм чинь бусад арга хэмжээгээ эргэж харах хэрэгтэй. Одоо хамгийн аюултай асуудал эмнэлэг болчихлоо.
Шадар сайд Я.Содбаатар:
-Би хаагаад байгаа юм биш. Халдварт өвчин нь дэгдэнэ гээд мэргэжлийн хүмүүс нь зөвлөөд байна. 400-450, цагаан сар гэхэд 2800 хүн өвчлөх нь гэж байна. Дэлхий нийтэд 3-4 аргаар л ноцолдож байна. Нэг нь хөл хорио. Бид маш нарийн тооцоо судалгаа, математик аргачлалаар бодож байгаа болохоос биш дээшээ харж байгаад гаргадаг шийдвэр биш. Бизнес эрхлэгчдээ бодолгүй яах вэ. Бид байгаа боломждоо тааруулж арга хэмжээг авч байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Алдаагаа засдаг, шуурхай хариуцлага тооцдог байх ёстой. Архангай аймгаас ирээд товчоон дээр амиа алдсан асуудалд ямар хариуцлага тооцсон бэ. Хуульдаа хариуцлага тооцох асуудлыг оруулж өгөх ёстой. Төрийн байгууллагуудын уялдаа холбоотой ажиллаж чадаж байна уу. Анхан шатан дээр хариуцлагагүй үйлдлүүд гарч байна.
Шадар сайд Я.Содбаатар:
- Товчоон дээр хүн амиа алдсан асуудалд хариуцлага тооцно. Эрүүл мэндийн шалтгаантай хүнийг нэвтрүүлэх журам нь арваннэгдүгээр сард гарсан байсан. Идэр ес эхэлсэн байхад төрийн албан хаагчид хүнд нөхцөлд ажиллаж байна лээ. Халуун үзэх гэхээр халууны шил нь ажиллахгүй гэх мэтчилэн. Нэг үеэ бодвол дулаан байртай болсон байна лээ. Бид журмын дагуу иргэдийг хүндрэлгүй оруулах асуудалд анхаарал хандуулах үүрэг өгсөн. Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох чиглэлээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УОК-оос хариуцлагын асуудал ярих хэрэгтэй. “Энхсаран”, Баянзүрх дүүргийн эмнэлэг гээд алдаж л байдаг. Хариуцлага тооцмоор байна.
Шадар сайд Я.Содбаатар:
-Анхны хоёр голомтыг сайн хумиж авсан. Өнөөдрийг хүртэл төмөр зам, Энхсаран, жолооч Д-ын голомтыг үндсэнд нь хумисан гэж тооцож байна. Сэлэнгэ аймгаас бусад газарт өвчин гараагүй 20 гаруй хонож байна. Үндсэн эдгээр голомтууд дарагдсан. Энхсаран сувиллаас коронавирусын голомт илэрсэн асуудлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-ШШГЕГ-ны харьяа хорих ангиудад 4500 орчим ялтан хоригдож байна. Мөн цагдан хорих байруудад албадан саатуулагдсан 1000 гаруй, шүүхийн шийдвэрээр баривчлагдсан гээд нийт 6300 гаруй хүн цагдан хорих, хорих байруудад хоригдож байна. Судалгаа хийгээд архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны 700 гаруй хүний судалгааг ШШГЕГ-аас гаргасан. Өнгөрсөн долоо хоногт БГД-ийн цагдаагийн I хэлстээс хүн амины хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэнийг саатуулж, хорих байгууллагад хүргэх явцад түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар PCR шинжилгээ хийхэд сөрөг болох нь батлагдсан. Цаашид хорих анги болон саатуулах байранд ийм хүндрэл гарах эрсдэлтэй байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэг ажиллуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.25 БААСАН № 249, 250 (6474, 6475)