Т.БАТСАЙХАН

 

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

 

 -Цар тахлын хүнд нөхцөл байдлын үед Засаг даргын үүрэгт аж­лыг хүлээн авсан.   Архангай бол голомт бүрт­гэгдсэн аймгуудын нэг.  Одоогийн байдлаар нөхцөл байдал хэр байна вэ?

-Бид аймгийн хэмжээнд  COVID-19-ийн тохиолдол бүрт­гэгдсэнээс хойш холбогдох арга хэмжээг авч, түргэн шуурхай ажиллаж байна.  Үүний үр дүнд, тархалтыг хумьж чадлаа.

Одоогийн байдлаар 19 сум, Цэцэрлэг хотод  хөл хорионы дэглэмийг нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Голомт бүртгэгдсэн Батцэнгэл сумын хувьд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан байсан. Сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн хугацаанд нэмж, халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Тиймээс  мөн нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Үүнтэй холбоотойгоор Батцэнгэл сумын худалдаа, үйлчилгээний төв, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн нээгээд байна. Мөн сумын хяналтын постуудыг буулгаж, хүнс, мал, мах, түлээ нүүрс, өвс тэжээл, шатахуун тээврийг голомтот бүс нутгаас ирж байгаа бол PCR шинжилгээний бичигтэй оруулах, сумаас гарч байгаа хөдөлгөөний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний бичиг, QR код, зөвшөөрлийн бичгийг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу гаргахаар ажиллаж эхэллээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан төвлөрсөн барааны худалдаа, үсчний газар, нийтийн халуун усны газрыг мөн энэ сарын 21-ний өдрөөс халдвар хамгааллын дэглэмийн тусгай шаардлагын дагуу нээж ажиллахыг зөвшөөрөөд байна.

-Сэлэнгэ, Дархан, Говьсүмбэр гээд халдвар тархсан аймгууд өөр өөрийн хэмжээнд арга хэмжээ авч байна.  Архангай аймгийн удирдлагын зүгээс ямар зарчим баримталж байна вэ?

-Аймгийн төвөөс 60 км зайтай орших Батцэнгэл суманд халдвар бүртгэгдсэн.  Мөн ойрын хавьтал болох иргэн Ихтамир суманд зорчсон нь тогтоогдсон тул тэдгээр суманд хатуу хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийх шийдвэрийг нэн даруй гаргаж ажилласан. Энэ хугацаанд ойрын болон дам хавьтлыг бүртгэх, тусгаарлах зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч, хурдан шуурхай хэрэгжүүлж ажилласнаар халдвар цаашид тархах эрсдэл буурсан байгаа. Мөн шуурхай ажиллах мэргэжлийн багийг томилж, шийдвэр гаргах, зохион байгуулах үйл ажиллагаа, цаашлаад хөрөнгө санхүүгийн гээд тулгамдаж буй асуудлуудыг цаг алдалгүй газар дээр нь шууд шийдвэрлэн ажилласнаар өндөр үр дүн гарсан.

-Орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Аймгийн өвөлжилтийн байдал ч мөн хөндөгдөж байсан?

-Өнгөрсөн есдүгээр сард Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдэлийн үнэлгээгээр өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгийн нэгт Архангай аймаг орсон. Манай аймгийн хувьд зуншлага оройтсон учир өвч ургаагүй, өвс тэжээл нөөцөлж чадаагүй. Иймээс өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар зүүн талын долоон суманд бусад сумдаас илүү цас орсон.  Малын идэш тэжээлийн нөөц хомс байгаа тул үүнд анхааран ажиллаж байна. 

-Цаашид малчин айл өрхүүдэд чиглэсэн ямар ажил хийх вэ?

-Нэн тэргүүнд байгаль цаг уурын өөрчлөлт явагдаж, дулааны баланс өндөртэй болсон энэ цаг үед мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад онцгой анхаарна. Тодруулбал, малчин өрхийн өвөлжөөний орчимд малын ногоон тэжээлийн ургамал тариалж,  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, байгаль цаг уурын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Тус ажил амжилттай хэрэгжвэл ирэх жилээс малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлж, малчин өрх бүр өвөл, хаврын улиралд хэрэглэх өвс, тэжээлийн нөөцийнхөө тодорхой хувийг өөрсдөө тариалж авах таатай нөхцөл бий болох юм.  Мөн сум бүрт механикжуулсан зоорь барих ажлыг төлөвлөөд байна. Энэ нь малчид намрын улиралд малын тарга тэвээрэг сайжирсан үед махаа нөөцөлж, хавар махны үнэ өсөхөд зарж борлуулах боломжийг бүрдүүлэх юм.

-Та УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан.  Одоо өөрийн төрсөн аймагтаа Засаг даргаар ажиллах үүрэг хүлээлээ. Орон нутагт асуудал хэр байна вэ?

-Би өөрийн төрж өссөн нутгийнхаа Засаг даргаар ажиллах болсондоо баяртай байна.  Цар тахлын хүнд нөхцөл байдалд ажлаа хүлээж авсан хэдий ч нутаг орноо хөгжүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллах болно. Өнгөрсөн өдрүүдэд аймаг орноо хөгжүүлэх, ард иргэдээ ая тухтай амьдрах нөхцөл боломжийг авчирч, хөгжилд хөтлөх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг, аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлуулсан байгаа.

-Архангай бол АН ялсан цөөхөн газрын нэг.  Ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах дүр зураг харагдаж байна вэ?

-Дэлхий нийтийг донсолгоод буй цар тахлын хүнд нөхцөл байдал цаашид тодорхой бус хугацаагаар үргэлжлэх өндөр магадлалтай. Тиймээс эрүүл мэндийн салбарыг бэхжүүлж, чадавхижуулах үйлчилгээг чанартай, шуурхай хүртээмжтэй болгохын төлөө ажиллана. Улмаар монгол хүний хүмүүжил, хэл соёл, ёс заншил өв уламжлалыг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, өрсөлдөх чадвартай боловсролыг олгоход үндсэн бодлогоо чиглүүлж байна. Мөн манай аймгийн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбар, аймгийн нөөц боломжид тулгуурлан жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилт тавин ажлаа эхэлж байна. Цаашид төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чадварлаг болгож, орон нутгийн чанартай зам гүүрийг засч, Цэцэрлэг хотод дулааны цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, иргэдийг орон сууцжуулах, ногоон байгууламж байгуулж, иргэдийг ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах зэрэг хямралыг давж, хөгжлийг авчрах олон олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх дөрвөн жил бол иргэн бүрийн оролцоог хангасан эдийн засаг, нийгмийн дэвшил хүртсэн жилүүд байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.25 БААСАН № 249, 250 (6474, 6475)