Т.САЙХАН

УИХ-ын  чуулганы өнөөдрийн /12.24/ хуралдаанаар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:-СОVID-19 цар тахлын эсрэг улс орнууд тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Авлига хамгийн багатай Англид гэхэд цар тахлын зэрэгцээ авлига өссөн байна. Манай Улсын хувьд таван их наяд төгрөгийг зарцуулсан. Хүрэх ёстой хүмүүстээ хүрсэн эсэх нь тодорхой бус. 1000 гаруй хүнийг эмчлэхэд найман тэрбум төгрөг зарцуулсан. Цаана нь 600 дахин их мөнгө нь хаана байна. Шууд болон шууд бус авлига газар авч байна. Замын-Үүдэд гэхэд өмнө нь 2.5 сая төгрөгөөр хил хооронд тээвэр хийдэг байсан бол одоо 20 мянган юанийн авлига авч байж машин явуулж байна. Есөн сая төгрөгөөр явж байна гэсэн үг. Үүний үр дүнд авлигын мөнгийг ард түмэн төлж байна. 20 тонн мах экспортод гаргахад кг тутамд нь 500 төгрөгийн авлига Зам-Үүдэд төлж байна. Энэ асуудлаар Замын-Үүдэд холбогдох байгууллагууд нь очиж ажиллаач.

Шадар сайд Я.Содбаатар:-Замын-Үүдийн нөхцөл амаргүй байгаа. Дотоодод халдвар гарснаас хойш хөрш орны зүгээс бидэнд шаардлага тавьсан. Бид  Өвөрмонголын удирдлагууд, Элчин сайдын яам, ГХЯ гэх мэт Хятадын талтай  10 гаруй цахим уулзалт хийсэн. Мөн ажлын хэсэгт очиж ажилласан. Үүний өмнө хоёр ч удаа Шуурхай штаб Замын-Үүдэд ажилласан. Хоёр талын гэрээ хэлцэлээр явах учраас нөхцөл байдал бидний санаснаар бүтэхгүй байгаа. Тохирсон ганц зүйл бол 50 жолоочийг PCR шинжилгээ хийгээд Монгол талд 14 хоног, Хятадын талд 14 хоног PCR хийгээд нийт 28 хоногийн карантинд байж байгаад ачаа зөөж байна. Өмнө нь өдрийн 25-30 машин хөдөлсөн. Эхний ээлжид эрүүл мэндийн ачаа, хүнсний ачаа, түлшний барьцалдуулагчтай ачаа орсон. Эхний удаад 30 машин оруулж байсан бол дараа нь 60 машин, өнөөдрийн байдлаар 100 машин орж байна. Ирэх ням гаригт 32 жолооч хөдөлгөөнд оролцоно. 50 жолоочоор өдөрт гурван рейс хийж 150 машиныг оруулж, гаргана. Өмнө нь өвөлдөө 200 орчим машин гардаг байсан. Авлигын асуудал байгаа бол шалгуулсан нь дээр. Аудитын газар хөрөнгө мөнгөний зарцуулалтыг шалгасан нь зөв.

Эх сурвалж:www.polit.mn