Монголын  үндэсний  музейтэй хамтран “Алтан сан хөмрөг” дэх  түүхийн ховор дурсгалуудыг танилцуулж байна. Энэ удаа  XIII  зууны  үед холбогдох  "Бүсний  арал  чимэглэлүүд”  үзмэрийг  та  бүхэндээ толилуулж  байна.

Материал:  алт, зэс, оюу

Холбогдох он  цаг: XIII зуун

Дундад  эртний  монголчууд  дээл  хувцсан  дээрээ  төмөрлөг  толь, товруу  чимэглэлтэй  суран  бүс,  хаад  язгууртнууд нь  алтан  бүс бүслэдэг  байсан  талаар сурвалжид  тэмдэглэсэн  нь  бий. “Монголын  нууц  товчоо”-ны  117 дугаар  зүйлд  “Жамуха  Увас Мэргидийн   Дайр  усунаас  олзолж  авсан  алтан  бүсээ  Тэмүжин андад  бүслүүлэв”,  мөн  238 дугаар  зүйлд   Уйгурын  Идүгүд  Чингис  хаанд  элч  илгээж  дагаар  орохдоо  “Чингис  хаан соёрхвоос  алтан  бүсний  горхиноос,  ал /улаан/ дээлний  үртэснээс  олбоос  тавдугаар  хөвгүүн  чинь  болж,  хүч  өгье” хэмээжээ.  Хэнтий  аймгийн  Дэлгэрхаан  сумын  Бухын  хошуунаас дээлний  хамт  алт  шармал зэс  бүсний  арал,  чимэглэлүүд  олдсон  нь  эдүгээ  Монголын  Үндэсний  музейд  хадгалагдаж байна.  Үүнээс  гадна  Сүхбаатар  аймгийн  Онгон  сумын  нутаг Таван толгой хэмээх газарт  малтсан  булшнаас  болор  бэлтэй, бүсэнд  хадаж  бэхлэх  зориулалттай  болор  товруу,  гархи,  зэс арал  илэрсэн  төдийгүй  ОХУ-ын  Эрмитаж музейд  манан шигтгээтэй  бүсний  бэл,  товруу  хадгалагдаж  буй  нь  чулуун тольтой  бүс  хэрэглэж  байсныг  нотлох  ховор  хэрэглэгдэхүүн  юм. Монголын үеийн  хүн  чулуун  хөшөөнд  төрөл  бүрийн  хээ чимэглэл  бүхий  горхи,  товруутай  бүсийг  товойлгон  сийлсэн бодит   түүхэн  баримт  бий.

Эх сурвалж: www.polit.mn