Т.БАТСАЙХАН

 

Үндсэн хуулийн цэц хөл хорионы үед нарийн дэглэм баримтлан ажиллаж байгаа.  Үндсэн хуулийн зөрчилтэй гэх гомдол, мэдээлэл овоорсон ч цар тахал гэсэн шалтгаанаар хэлэлцэхгүй байгаа юм.  Сүүлийн хоёр сарын хугацаанд бараг л хуралдаагүй. Тэгвэл нийслэлийн хэмжээнд хөл хориог чангаруулсан эхний өдөр буюу өчигдөр Цэцийн дунд суудлын хуралдаан  зарлагдав.  Сонгуулийн хуулийн зөрчлийг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ.  Тухайлбал,   Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцсэн юм.

Ингээд нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа болох дээрх зохицуулалт нь мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг хөндөөгүй байна гэж үзэж холбогдох дүгнэлтийг гаргав.

Энэхүү Хуулийн заалттай холбоотой маргаан өнгөрсөн сонгуулийн үеэр нэлээд гарсан.  Нэр дэвшсэн улстөрчдийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй цагдан хорьсон тохиолдол хэд хэд бий. Тухайлбал,  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Ганболд, Б.Бямбасайхан, Х.Бат-Ялалт нар сонгуульд нэр дэвших явцдаа хоригдсон юм. Тэднээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гишүүнээр сонгогдсон ч одоог хүртэл тангараг өргүүлээгүй. Харин ОУПХ-ноос Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгуульд нэр дэвших явцад зөвшөөрөлгүй баривчилсан, цагдан хорьсон нь түүний эрх ашгийг хэд хэдэн үндэслэлээр зөрчсөн гэж манай улсад хэрэг үүсгээд буй. Яг үүнтэй зэрэгцэн Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн хуулийн зөрчилтэй асуудлыг хэлэлцсэн нь мөн анхаарал татаж байв.  Нэр дэвшигчийг баривчлахад Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах нь шүүхийн хараат бус, бие даасан эрх мэдлийг үгүйсгэсэн хэлбэр гэж нэр бүхий иргэн Цэцэд хандсан байдаг.

Өөрөөр хэлбэл,  сонгуулийн үеэр баривчилсан нэр дэвшигчдийг хууль ёсны дагуу хорьсон, тэднийг хамгаалсан хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэдэг агуулгыг мэдээлэлдээ гаргаж.  Харин Үндсэн хуулийн Цэц

Маргаан үүсгэсэн заалт:

УИХ-ын сонгуулийн 35 дугаар зүйл Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

35.2.Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:

35.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;

35.2.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх

Энэ заалт нь Үндсэн хуулиар баталгаажсан хууль дээдлэх зарчмыг болон мөн хуулийн 47.1 “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 49.1 “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” 49.2 дахь хэсэгт “… төр, … байгууллагын албан тушаалтан, … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж нэр бүхий иргэн цэцэд хандаад байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.24 ПҮРЭВ № 247, 248 (6472, 6473)