Т.САЙХАН
Ардчилсан намын X их хурал баасан, бямба гаригт боллоо. Өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдсан намын Их хурал улс төрийн хүрээнд анхаарал татаж байсан нь ойлгомжтой. Мөн ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн оролцох вэ гэдэг хар зураг энэ удаагийн их хурлаар гарах байв. Гэвч АН-ын зовлон дуусаагүй, эхэлсэн гэдгийг саяны Их хурлын уур амьсгал харууллаа.
АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын түр удирдлагын хувьд ҮБХ-гоо хуралдуулж, Их хурлаа зохион байгуулсан. Тус хурлаар намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгодог дүрмийг өөрчилж, ҮБХ, Их хурал гэсэн хоёр шатлалаар сонгох асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Харин АН-ын өмнөх дарга С.Эрдэнэ Ц.Тувааныг дүрмийн бус зүйл хийж байгаа учраас түүний гаргасан шийдвэрүүд хүчингүй гэдгийг хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байв. Мөн С.Эрдэнэ дарга “Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ миний бие хэвээр байгаа” хэмээн Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлсөн “А49” дугаар тушаалаа гаргаснаа ч Их хурал зохион байгуулахтай зэрэгцэн олон нийтэд хүргэв.
Хуучин даргын зүгээс үндсэн дүрмийн дагуу дараагийн даргыг тодруулахгүйгээр эхлээд дүрмээ өөрчилж байгаа нь өөрөө дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг мэдэгдсээр байгаа юм. Мөн энэ үеэр АН-ын нүүр царай болдог гишүүдийн нэг болох Д.Сосорбарамын хэлсэн үг олны анхаарал татсан гэхэд болно. Тэрээр “Би АН-ын Их хуралд оролцоогүй. Х.Баттулгын гарт орсноороо АН сүйрч байна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.
Харин намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан бүх зүйл дүрмийн дагуу явагдаж байгааг тайлбарласан юм. Тэрээр “УИХ-ын сонгуулиар манай нам УИХ-д олонхи болж чадаагүй. Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох намын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Ийм дүрмийн заалттай. Тэгэхдээ дараагийн намын даргыг сонгогдтол аль нэг дэд дарга нь даргын үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл, аль нэг дэд дарга руу намын даргын эрх, үүрэг шилждэг. Энэ үйл явц болж, дараагийн дарга сонгогдох хүртэл миний бие намын даргын үүрэг гүйцэтгэж, тамгыг аваад үйл ажиллагаа явуулаад байж байна. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх нь өрөөсгөл” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ийнхүү АН-ын их хурал хүлээлтэд хүрсэнгүй. Намын гишүүд хоёр талд гарч маргалдсаар өөх ч биш, булчирхай ч биш болж өндөрлөв. Намын тамга яг хэний гарт байгаа вэ гэдэг нь ч тодорхой бус байна. Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ хэвээр байгаа бол түүнийх хүчинтэй юу. Үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааных хүчинтэй юу гэсэн том асуултын тэмдэгтэй үлдэж байна. Хэрэв С.Эрдэнэ дарга хэвээр байгаа нь цар тахлын үед зохион байгуулсан Их хурал, намын дүрмийн шинэчлэл ч хүчингүй болж таарах нь.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.21 ДАВАА № 243 (6468)