Б.ДОЛЖИНЖАВ

 

Орчлон хэмээх нэгэн тэнхлэг дээр зэрэгцэн оршдог бодгаль бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Хүн төрөлхтөн оюун ухаанаараа, уудам их далайд  дураараа шумбадгаараа загас, хязгаар нь үл мэдэгдэх тэнгэрт хүслээрээ  дүүлэн нисдгээрээ шувууд ялгарна. Гэвч бид цөм дэлхий хэмээх “эмэгтэй”-н хэвлийгээс мэндэлсэн ах дүүс. Амьсгалж буй агаар, гишгэж буй хөрс, ундаалж буй уснаас эхлээд дөнгөж дэлбээлж буй бяцхан хөх яргуй, өтгөн ой шугуй бүгд бидний хамтын өмч, “ээж”-ийн минь өгсөн бэлэг билээ. Гэвч цаг хугацаа улиран одох тусам, оюун ухаант хүмүүн нь бусдынхаа “бэлэг”-ийг булааж, ганцаар эзэмшиж, үлдсэн хэд нь хоосон шахам үлдэх болжээ. Нэгэн эрхэмтэй ярилцаж, тухайн хүний талаар судалсны дараагаар ийн бодолд автан хэдэн өдрийг өнгөрөөв. Тэр бол “Шувууны Жаргал” хэмээх гэрэл зурагчдын эчнээ танил болсон Ламжавын Жаргалсайхан юм.

 “Эхийн сэтгэл гэж энгүй их хайр, шувуу ч гэсэн үр удмаа хамгаалж, халамжлах нь гайхалтай. Хүний бараа харвал бор галуу хэдэн бөрсгөр багачуудаа урдаа оруулж хаагаад, отгон шунгуур дэгдээхэйгээ нуруундаа үүрч зугтаад л....Яагаад хүн өөрөө үр хүүхэдгүй юм шиг бусад амьтны дайсан болчихдог юм бэ” хэмээн “Jargal’s Bird Photo” гэсэн  цахим хуудаснаа далавчаараа ангаахайгаа халхалсан бор галууны зургийн дээр ийм тайлбар бичснийг нь уншчихаад зэрэгцэн орших “ах дүүс”-ээ хайрлах түүний сэтгэлийг биширч билээ.

 Гадаад харилцааны яамнаас ажлын гараагаа эхэлж, одоогийн ОХУ хуучны ЗХУ-д Элчин сайдаар сууж байсан Л.Жаргалсайхан шувууны зураг дарах хоббитой. Тэрээр үүнийгээ хобби хэмээн нэрлэх боловч ихэнх шувуудын амьдрах орчин,  ямар авиа гаргадаг, өнгө зүсээ хэрхэн хувиргадгаас эхлээд цовоо цоглог уу, үржлийнхээ үед ямар бүжиг бүжиглэдэг гэдгийг нь хүртэл мэддэг түүнийг бичигч би шувуудын “нэвтэрхий толь” гэж боддог юм. Бор бялзуухай, шар шувуу, тагтаа, тогоруугаар шувуудын ертөнцийг төсөөлдөг хэн бүхний хувьд түүний “Амьдралын тойрог”, туулж өнгөрүүлсэн бүхэн оюун санааны хувьд нэгэн том нээлт болох буй за.

 

Шувуудын сэтгэл зүйч

Миний гурван зээ охин хэлд орохдоо аав ээж, өвөө эмээ гэх үгийн дараа шувуу гэдэг үг сурсан. Тэд маань эрвээхэй, шавьж  надад олж, зааж өгдөг. Амьтнаас цэрвэж айна гэж ёстой байхгүй. Бид өөрсдөө амьд байгалийн нэг хэсэг гэдгийг хүүхэд зөнгөөрөө мэдэрдэг.

Тэр бол жирийн нэг шувууны зурагчин биш. Шувуудын ааш аяг, өнгө зүс, алхаа гишгээг  андахгүй. “Ажиглахын тулд эхлээд шувуугаа таньдаг байх ёстой. Нисч байгаа сүрэг шувууг дурандаад “Төдий тооны шувуу байна. Тэд нь эр, тэд нь эм, тэд нь залуу” гэж ялгаж чаддаг. Өд сөд нь гуужихдаа ямар болдог, үржлийнхээ үед ямар зан авир гаргадгийг нь мэдэж байж шувуу ажиглана. Үржлийн үе нь болохоор шувууд гоёж гоодчихсон, өнгө зүс нь гялалзаад хамаг гоо үзэсгэлэнгээ тодруулчихсан байдаг. Хүнээр бол оо энгэсэг түрхээд гоёлын хувцсаа өмсчихсөн мэт” гэж ярьсан нь үүнийг бэлхнээ илтгэнэ. Ямар шувуу ааштай, ямар нь дөлгөөхөн, хэн нь уймраа гэдгийг ч тэр ажиглаад л мэднэ. “Жендерийн мэдрэмж гэсэн пост хараад галуу нугас санаанд орлоо. Хос шувууны нэг нь үнэн үглээ, уймраа. Ижилдээ болох болохгүйг заагаад загнаад байх шиг л байдаг. Үүрээ засах, тордох, үр төлөө хашиж хандах гээд ажил ихтэй байлгүй” хэмээн “Jargal’S Bird Photo” цахим хуудастаа бичжээ. Түүний хөтөлдөг энэ цахим хуудас залуу үеийнхэнд шувуудын нууцлаг ертөнцийн  хаалгыг нээх түлхүүрийг атгуулж өгсөн юм. Тухайн шувууны зургийг нь оруулаад нэр, онцлог, ааш зантай  нь бичдэг нь шувуудын ертөнцийн талаарх илүү их зүйлийг мэдэх хүслийг өдөөхийн сацуу хайрлан, хамгаалах юмсан гэсэн бодлыг сэтгэлийнх нь гүнд шигтгэж орхидог юм. Зургийг нь дарахдаа л сэтгэл хөдлөлийг мэдэрдэг түүнийг  шувуудын сэтгэл зүйч гэлтэй.

Нийтлэлийн эзэн Л.Жаргалсайхан Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1981 онд төгсөөд Гадаад харилцааны яамны Зөвлөлт, Хятадын хэлтэст 15 жил ажилласан. Үүнээс есөн жилийг нь ЗХУ-д суух Элчин сайдын яаманд ажиллаж өнгөрөөв. Ийн 1997 онд “Бороо Гоулд” уул уурхайн компанийн гадаад талын төлөөлөгчөөр ажилд орж, компанийнхаа аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийг ахалж байв. “Бороо”-гийн уурхай, энэ л хэлтэс түүнийг хоббитой нь холбож өгсөн юм билээ. Энэ тухай “Хорь орчим жил уурхайд ажиллахдаа байгаль орчноо нөхөн сэргээхийн тулд хэдэн арван мянган мод бут тарьж, төгөл, цөөрөм байгуулсан. Тухайн байгалийг унаган төрхөнд ойртуулах нь миний үүрэг юм. Ингэхдээ тэнд цугладаг шувуудыг ажиглаж, бүртгэж, зургийг нь авч эхэлсэн. Шувуудыг ажиглаж эхлээд мод, бутны талбайд ургасан жимсийг хүмүүсээс харамлаж, “Амьтан, шувуудад үлдээ” хэмээн загнаад сүйд болдог байсан нь инээдтэй” хэмээн дурссан юм.

Дэлхий “ээж”-ээс хүртээсэн унаган байгалиа хайрлан хамгаалах юмсан гэсэн чин сэтгэлээс  нь “урган гарсан” хоббитойгоо учраад тэр хэдийнэ есөн жилийг үдэж байна. Хором мөч өнгөрч, цагийн зүү урагшлах тусам хоббиндоо улам шунан дурлаж, шувууны зураг дарах их аянд мордох орой нойр нь хулждаг болжээ. Энэ талаар “Шувуу судлаач залуус  хээр гараад  ховор, сонин шувуу харахаараа над руу утсаар ярина. Би шөнө, орой ч хамаагүй хүрээд л очно. Ховор, сонин шувуу харна, зургийг нь дарна гэдэг бидэнд хамгийн баярт үйл явдал. Шувуунд явах шөнө сэтгэл хөдлөөд унтаж чаддаггүй. Нисч яваа шувууны гоо үзэсгэлэн, авир төрх, нүдний галыг нь  гэрэл зурагт буулгана гэдэг амаргүй” хэмээв. Ямарваа нэгэн зүйлд чин сэтгэлээсээ дурлана гэдгийн сайхан чанар нь чухам энэ биз ээ. Чухамдаа өнгө үзэсгэлэнт, гоёмсог Шарга зөгийч, Ягаан тодол, хэдийд ч таарсан золбоолог байдаг Начин шонхор, хамгийн урт хөлтэй Эгэл хилэнжигүүр, үржлийн үедээ ижлээ хайгаад бүрээ үлээх мэт дуугардаг. Усны бух шувуу цөм Л.Жаргалсайханы камерын дуранд өртөж, түүний шувуу судлаач нөхдийн сэтгэлийг баясгах гэж Монголд мэндэлсэн мэт.

 

“Амьтны зургийг урлаг болгож хөгжүүлнэ”

Монголын хамгийн том биетэй “Борцгор хотон” шувуу. “Хошууных нь ягаан уут нь ус хутгаж, шүүдэг нарийн хийцтэй, агшиж сунадаг шүүрэн шанага шиг эд гэнэлээ”

Жилийн 70-80 өдөр нь зурганд гардаг Л.Жаргалсайхан шувуудын гоо үзэсгэлэн, авир төрхийг илтгэсэн ганц сайн зураг дарах гэж 100, заримдаа 1000 гаруй кадр авдаг ч сэтгэлд хүрэх нь цөөн байдаг аж. Тэр байтугай бүтэн өдөр яваад авсан зурагнуудаа санаанд хүрэхгүй бол бүгдийг устгах үе тохиолдох нь бий. Энэ тухай “Миний хувьд  санаанд хүрсэн зураг буулгасан нь цөөн. Зурагаа боловсруулаад гэрэл тодролыг голно, өгүүлэмж зохиомж дутаад хасна, дэвсгэр нь таарахгүй хасна, гадны зурагчдын бүтээлтэй харьцуулж  үзээд хасна. Одоо амьтны зургийг урлаг болгож цааш хөгжүүлэхэд оролцох юмсан гэж мөрөөдөж байгаа” гэв.

Бидний бишрэн хардаг шувуудын зураг асар их эрэл хайгуул, судалгаа, тасралтгүй суралцахуйн шимээр бүтснийг түүнтэй ярилцсаныхаа дараа л мэдэж, уйгагүй зүтгэлээр нь бахархаж билээ. Харин үүний учрыг эс олсон хүмүүс “Сайн зураг авахад ямар камер хэрэгтэй вэ” гэж асуудаг аж. Үүнд нь нийтлэлийн эзэн “Хариулт нь камер дуран биш, харин уйгагүй уншиж, суралцах хэрэгтэй. Нэг цуврал, нэг шинэ төрлийн зураг авах гэж баахан юм интернэтээс ухна. Чөлөөтэй цаг гэж хийх юмгүй цагийг хэлдэг бол надад бараг гардаггүй дээ. Зурганд явна, боловсруулна, амьтны тухай уншина, зургийн арга барил судална, туршина. Хэдэн шавьжтай зууралдаад заримдаа нойргүй хононо” гэсэн хариулт өгдөг юм.

Эхлээд үзэж хараагүй шувууны зургийг буулгах, тэдгээрийн хөдөлгөөн нисэлт, ааш араншинг харуулахыг хичээж, танин мэдэхүйн зургийг голлодог байсан бол сүүлдээ амьтны амар амгалан, байгальдаа зөнгөөрөө жаргалтай амьдарч байгааг үзүүлэх юмсан гэж боддог болжээ. Энэ нь амьд байгаль ертөнцийг таньж хайрлан хамгаалахад оруулж байгаа түүний хувь нэмэр юм. Үүнээс гадна охид, зээ нартаа шувуу, амьтны хойноос явсан аяллын тэмдэглэлээ ном болгож, үлдээхийг бодож явдгаа хэлээд “Тэд маань ямар ч мэргэжилтэй бай амьд байгальд хайртай, амьдрал нь сонирхолтой байгаасай гэдэг хүсэл бодлын үзүүрт бий. Байгалийн тухай мэдлэг тухайн хүний боловсролын хэмжүүр юм” гэсэн юм. Тэрээр Монгол орны 300 гаруй зүйл шувууны гэрэл зурагтай “Монгол орны шувууд” лавлахыг судлаач Ц.Пүрэвсүрэнтэй хамтран гаргасан билээ.

 Багаасаа тэр амьтны ертөнцийг их сонирхож, зун зусланд жараахай, соно шавьжаар их тоглодог байв. Эгэл сэхээтний гэр бүлд төрж, номтой эрт нөхөрлөсөн тэрээр Бианки, Тургенев, Марк Твен, Жейк Лондон, Б.Гржимек гэсэн зохиолчийн амьтны тухай номнуудыг их шимтэн уншдаг байлаа. Ээж нь Конан Дойлийн Шерлок Холмс, Д.Намдаг, Д.Гармаа, Ш.Гаадамба, Л.Түдэв гэсэн зохиолчийн номнуудыг өөрөө унших зураа ярьж өгснөөр ном зохиолд түүнийг  дурлуулжээ. Энэ тухай “Хүүхэд байхад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн зохиол бол Майн Ридийн Америк, Африкийн аялал, адал явдлын номнууд. 10 гаруй боть байсан санагдана. Хачин сонин амьтны гоё зураасан зурагтай. Одоо тэр номнуудын үнэрийг  хүртэл санаж байна. Түүнээс хойш халуун орны амьтны тухай Акимушкин, Гржимек, Адамсоны их сайн зурагтай номнуудыг уншиж эхэлсэн” гэж ярилаа. Аливаа зүйлийг хайрлан, хамгаалахын тулд танин мэдэх нь чухал гэдэг. Тэгвэл Л.Жаргалсайхан балчир насандаа амьтдын ертөнцийн талаарх мэдлэгийг олж авсан нь түүний байгалиа хамгаалах, амьтдын ертөнцийг сонирхон шохоорхох, тэдний баялаг амьдралын тухай хүмүүст сурталчилах эх үндсийг тавьжээ.

 

 “Миний амьдралын тойрог эерэг хүмүүсээр дүүрэн”

“Умардын нүдэн толбот шумбуур”

“Шувууны Жаргал” нэрээрээ хэвлэлийнхний хэзээний танил болсон, тэрээр саяхнаас шавьжны зураг дардаг болжээ. Түүнчлэн Монгол орны эрвээхэйн зургаар бүтээсэн 2021 оны он тооллын бичиг саяхан хэвлэлтээс гарсан юм. Ийн түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

 

-Аав ээж хоёр тань сэхээтэн хүн юм билээ. Тиймээс багаас тань эх байгалиа хайрлан хамгаалах ёстойг ухааруулж хүмүүжүүлсэн үү?

-Халхголд цэрэгт татагдсан залуусаас бичиг үсэгтэй хүнийг дуудахад хоёр хүн урагш алхсаны нэг нь миний аав байсан. Харин ээж маань арван хэдтэйгээсээ шинэ үсгийн багшаар ажиллаж эхэлсэн. Аав ээжийг бага байхад хүрээ хийдийн лам нараар бичиг үсэг заалгасан гэдэг. Аав цэргийн хүмүүжилтэй, үг цөөтэй, нямбай, дэгтэй хүн байсан бол ээж их яриа, урлагт их хайртай хүн байлаа. Зуны амралтаа хөдөө өнгөрүүлэхдээ амьтан, мод ургамлын тухай яриа дурсамжийг нь сонсоод, ан гөрөө хийх, тагтаа, царцаа, хорхой барьж тамлахгүй, жимс самар түүхдээ байгальд үлдээх, ургамлын үндсийг нь таслахгүй гэсэн зүйлийг үр хүүхэддээ захьдаг монгол эцэг эхийн хүмүүжлээр өссөн. Энэ нь хувь хүний дадал болон төлөвшсөн биз ээ.

-Байгалийн тухай мэдлэг хүний боловсролын хэмжүүр гэсэн тань их сонирхолтой санагдлаа. Бид улс төр, нийгмийн олон асуудлын талаар мэдлэгтэй, гадаад хэлтэй бол боловсролтой гэж боддог шүү дээ?

-Хүн амьд ертөнцийг өөрөөсөө дорд үзэх эсвэл хэрэглээний нүдээр харах хэчнээн хор хөнөөлтэйг одоо цагт илүү ойлгож байх шиг. Бага, бяцхан амьтан, ургамлыг хайрладаг, зөөлөн сэтгэлтэй  хүн тэдний орон зайг булаан түрэмгийлэхгүйг хичээнэ. Амьд байгаль хатуу ч шударга гэдгийг мэдэрч, илүү хүнлэг болно. Байгаль эхийн олон сая жилийн хувьсал өөрчлөлт, уялдаа холбоо, улирлын өнгө аясыг мэдэрвэл өөрийн ажил амьдралын хязгаар, бас боломжийг ухамсарлана. Хоосон орон зайд хоосон боловсрол хэрэггүйг ойлгоно. Компьютерээр жишвэл байгалийн ухааны тухай мэдлэг “Windows” үйлдлийн систем юм. Ийм системгүй бол ямар ч хэрэглээний программ татаад ажиллахгүй.

-Шувууны зургаас шавьжны зураг руу шилжсэн бололтой. Эрвээхэйний зургаар шинэ оны хуанли  хүртэл гаргасан байна?

-Шувууны зургийн оргил цаг нь хавар намрын нүүдэл, өглөө оройдоо буулгадаг онцлогтой. Харин шавьжны буюу макро зургийг өдөр шөнө, гэрт гадаа, өвөл зунаас үл хамааран дарж болдог. Гэхдээ аль алиных нь зургийг дарж  залуу үедээ ном болгон үлдээхээр зорьж байна. Шавьжны ертөнц агуу том, танин мэдэхүйн маш том далд уурхай бололтой. Усны цох гэж шүдэнзний толгой шиг бичил бяцхан биетэй амьтны зургийг нэг өвөл буулгах гэж их цаг зарцуулсан. Одоо тэр зурагаа харахаар ичдэг юм. Түүнээс хойш биологич залуустай хамтран хар цох, эрвээхэйний зураг авч сурч байна. Түмэн зүйлийн шавьжинд Монголоор нэршил оноож барахгүй ч шавьж судлаач доктор бүсгүй, эрвээхэйний шинжлэх ухааны болон гадаад нэршлийг судлаад заримд нь нэр оноож байгаа нь хойчид үнэлж баршгүй гавьяа болно гэж боддог. Бидний хүүхдүүд орчныхоо эрвээхэйг таниад Монголоор  нэрлэдэг болчихвол сайхан. Монгол хэл соёлоо хамгаалах, хөгжүүлэх ёстой бодитой ажлын нэг.  

-Судлаачидтай хамтран ажилладаг нь тухайн амьтны талаарх өргөн мэдлэгийг таньд өгдөг байж таарна. Тухайн зүйлийн талаар мэдлэгтэй байна гэдэг нь сайн зураг дарахын чухал нэг үндэс гэж бодож байна?

-Зураг сонирхож эхлээд сүүлийн арваад жилд сайн зурагчин, сайн судлаачидтай зам нийлснээрээ би их азтай. Гэрэл зураг, шувууны талаар байнга ярилцаад, харилцан суралцаад, хамт аялаад явах ёстой сайхан, их үр өгөөжтэй. Сүүлийн үед шавьж судлаач залуустай дотно хамтран ажиллаж байна. Тэр хэмжээгээр олон хүнд танин мэдэхүйн нэг зам мөр, гэрэл зургийн нэг шинэ төрөл нээж өгөхийг мөрөөдөж явна. Нөгөөтэйгүүр, судлаач нар дан залуус. Манай том охин “Аавын найз нар гээд гуайлаад байсан чинь надаас дүү юм билээ” гэж хошигнож байсан. Залуустай ажиллахад их сайхан, эрч хүчтэй, элдэв хашин хойрго зан аашгүй, шинэ юм бүтээх чин эрмэлзлэлтэй. Миний хувьд энергийн төв хайж хол аялах хэрэггүй, Хажууханд минь бөөн “энергийн төвүүд” явж байгаа.

-Шувуудын зургийг дарахдаа харцнаас, үйл хөдлөлөөс нь таньд ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа мэт зүйлийг мэдэрч байв уу?

-Хүнд ямар нэг сэтгэгдэл төрөх мэт санагдвал тэр гайгүй зураг болох байх. Инээсэн чоно, уурласан аалз, гунигласан шувуу гэсэн элдэв сонин дүрсийг гаргачих юмсан гэж мөрөөдөж явдаг. Нөгөөтэйгүүр, тэр амьтны тухай шинжлэх ухаанч мэдээлэл тайлбарыг олж товч зүүлт бичвэл бүр санаа сэтгэл ханаад, би өөрөө ч баярлах, гуних мэт санагддөг. “Зургийн баатар чиний сэтгэлийг хөдөлгөж, чамд бодох, мөрөөдөх сэдэл өгч байгаа эсэхийг хар” гэсэн Анзель Адамсын гайхалтай үг бий. 

-Таны  хоббиг гэр бүл, ойр дотныхон чинь их дэмждэг санагддаг. Энэ нь таныг гэрэл зурагтаа олон цагийг зарцуулах, хоббигоо цааш хөгжүүлэх урам зоригийг өгдөг болов уу?

-Надтай дотно хүн бүр урам өгч, дэмжээгүй бол би ямар юмны сайн бүтээл гаргах вэ. Найз нар хаа холоос ном авч явуулна. Шувуу, шавьж хараад хэл дуулгана, “Ямар гоё хобби вэ” гэж хөөргөнө. Миний эхнэр шувуу, шавьж надаас илүү олж харна, зургийн сонголтыг хэлж өгнө. Бага охин жирэмсэн байхдаа нэг ховор ууль олж хараад намайг хотоос зуслан руу очтол манаад зүүрмэглээд сууж байсан жишээтэй. Том охин, дүү нар хилийн чанадаас ном лавлах, бичлэг явуулна, хоёр хүргэн компьютерийн программ хангамжийг зохицуулна. Миний гурван зээ охин хэлд орохдоо аав ээж, өвөө эмээ гэх үгийн дараа шувуу гэдэг үг сурсан. Одоо хоёр ой хүрч байгаа бага зээ маань шувуу, эрвээхэй гэж аав ээждээ хэлж байгааг хараад их баярлаж догдолно. Тэд эрвээхэй, шавьж  надад олж, зааж өгдөг. Амьтнаас цэрвэж айна гэж ёстой байхгүй. Бид өөрсдөө амьд байгалийн нэг хэсэг гэдгийг хүүхэд зөнгөөрөө мэдэрдэг. Тэр үеэс нь хүүхдийг дэмжээд урамшуулаад, байгалийн суурь ойлголт, хандлагатай болговол цааш нь өөрсдөө хайрлаад, сонирхоод, мэдээд явчихвал хүний мэдлэг, боловсрол, жудаг ёс зүй нь дагаад зөв төлөвшинө гэж би итгэдэг. Зээ охидууд бол миний оюун санаа, сэтгэлийн зүтгүүрүүд. Ингээд бодохоор гэрэл зурагт манай гэрийнхэн бүгд оролцоно, тусална. Тэр хэмжээгээр миний зураг авах сонирхол бөхөхгүй. Миний амьдралын ойрын тойрог нэг иймэрхүү, энгийн мөртлөө эерэг сайхан хүмүүсээр дүүрэн.

Үр хойчдоо Монгол орон ийм баян амьд ертөнц, шувуу, шавьжтай гэдгийг үлдээхийн тулд ном бичихээр төлөвлөж байгаа Л.Жаргалсайхан хөл өвдөж, хараа муудаж, камер дурангаа даахгүй болтлоо шувууны зураг дарна гэж билээ. Тун удахгүй түүний дарсан уурласан аалз, гунигласан шувуунаас эхлээд олон амьтны “маягтай” зурагнуудыг харна гэсэн итгэл дүүрэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.21 ДАВАА № 243 (6468)