Д.ОТГОНБАЯР
-Зам мөн сайхан тавьжээ.
-Ямар өргөн юм бэ.
-Энэ чинь одоо хот руу биш хөдөө рүү явж байгаа зам биз дээ.
-Энэ том том машинууд яваад байхыг бодоход даацын хувьд ёстой асуудалгүй байна аа даа...
Замын тухай нэг иймэрхүү яриа хөөрөө өрнүүлсээр бидний хэдэн сэтгүүлч, зохиолч өнгөрсөн аравдугаар сарын эхээр БНХАУ-ын Эрээн хотоос Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны төв Мандалт балгас руу таксигаар явлаа. Эрээнээс Мандалт балгас хүртэл 180 гаруй км бөгөөд хоёр цаг яваад хүрнэ гэж таксины жолооч Зоригт хэлээд өөр олон юм ярьсангүй. Ярих ч зав түүнд алга. Вичат /Wechat/-аараа ярьж, Зүүн Сөнөд Эрээн хоёрын хооронд ирж буцах хүмүүсийн явах өдөр хуваарь бас захиасыг авах хүргэх ажлыг зохицуулаастай. Түүний ярианаас сонсохул, улс тунхагласны баярын өдрүүд тохиож байгаа учир унаа цөөн байгаа тул нааш цааш явах гэсэн хүнд унаа тэрэг олоход амаргүй байгаа гэж ойлгогдов. Замын хураамж авдаг цэгүүд дээр жижиг тэрэг зогсохгүй шууд гарч яваад, харин хажуугийн эгнээнд том машинууд зогсож байгааг хараад учрыг лавлавал, “Баярын өдрүүдээр долоо хүртэл хүний суудалтай жижиг тэрэгнээс сүйтгэл авдаггүй хөнгөлдөг учраас зогсохгүй байгаа юм” гэж тайлбарлав. Аравдугаар сарын эхээр болдог БНХАУ тунхагласны баярын өдрүүд тохиож байсан хятад улс даяараа амарч, аялж, өвөрмонголчуудын хэлдгээр бол “тойрохоор явах” урсгал нэмэгддэг. Ийм үед замын хурааамжийн хөнгөлөлт гэдэг жижигхэн юм шиг атлаа наашаа цаашаа явах хүмүүст сэтгэл санааны хувьд таатай бодол төрүүлсэн дэм юм даа гэж бодогдов.
Бидний зорьж очсон газар бол Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошуу. Шилийн гол аймаг нь зүүн, баруун Сөнөд гэх хоёр хошуутай. Зүүн Сөнөд нь Монгол Улстай хил залгаа. Тодруулбал, Монгол Улсын Дорноговь аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн зарим сумтай шууд хиллэдэг гэсэн үг. Хошууны төвийг Мандалт балгас гэх ба хэвлэлийн мэдээгээр бол 30 гаруй мянган хүн амтай хот аж. Цагаан алчуур толгойдоо ороосон хөгшчүүл элбэг харагдах нь монгол хүн гэж ойлгогдох бөгөөд гэхдээ ингэж монгол алчуураа зүүсэн улс нь гол төлөв настай эмэгтэйчүүд байлаа. Мандалт балгасанд ирээд “Баяж” гэдэг нэртэй буудалд буув. Эзэн нь, ажиллуулдаг улс нь өвөрмонголчууд байсан нь, бас манай аялллын багийн зарим нөхөд өмнө нь энд ирж байсан нь Зүүн Сөнөдөд олон монгол хүмүүстэй тэр дундаа зохиолч уран бүтээлчидтэй сайхан танилцах завшаан болов. Бас намрын дунд сарын билэгт сайн өдрүүд тохиосон цаг үетэй давхцсан нь энд, Сөнөдөд насны найр, хүүхдийн даахь үргээх ёслол, хурим гээд хүмүүний нэгэн насанд цөөхөн таардаг баярт учралуудыг тэмдэглэж байгаатай таарч, заримд нь бүр оролцох боломжийг бидэнд олгов.
Шаламгай хөдөлгөөнтэй, яриандаа холбоо, хоршоо цэцэн үгс ихээхэн ашигладаг, үе үе чанга дуугаар нажигнатал инээх Ё.Эрдэнэтогтох хэмээн зохиолч, арав гаруй ном бүтээлээ гаргасан яруу найрагч Содбилэг нартай танилцсан нь Зүүн Сөнөд нутгийн талаар ихийг мэдэх түлхүүр болов. Манай аяллын багийн гишүүн зохиол-орчуулагч Н.Пүрэвдагва, түүхч С.Туяа нар Ё.Эрдэнэтогтох зохиолчтой танил төдийгүй бас зарим уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан улс аж. Хуучны танилууд хоёр талаасаа уулзаж таарсан нь Зүүн Сөнөдөд хаана юу үзэж болох гэх мэт дээр Ё.Эрдэнэтогтох зохиолчийг албан бусаар бидний аяллын хөтөч болгочив.
Зохиолч Ё.Эрдэнэтогтох нь уран бүтээлээрээ Өвөрмонгол төдийгүй Монгол Улсад танигдсан уран бүтээлч бөгөөд Зүүн Сөнөддөө засаг захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан хүн аж. Нутаг ус, үүх түүхээ ихэд сайн мэдэх төдийгүй, түүнийгээ сайхан ярих юм. Нутгийн музейгээ хамгийн түрүүн үзэхийг санал болгов. Байр байшингийн хувьд бэсрэгхэн боловч үүднээсээ эхлээд л музейн стандарт гэдгийг чандлан баримталсан нь илтэд мэдэгдэх. Музейн үзмэрүүдийн тухайд сонин. Энгийн юм гэдэг эгэлгүй юм болж болдог гэдгийг харуулсан гэлтэй. Таван хошуу малтай, нүүдэлчин мал аж ахуйтай гэж их ярьдаг бид түүнийгээ өөр талаас яагаад хардаггүй билээ гэж бодогдуулах. Музейн үзмэрийн нэгээхэн хэсэг нь зөвхөн адуу, тэмээний тамганд зориулагджээ. Энд Монгол Улс болон Өвөрмонголоос цуглуулсан 900 тамга хадгалагдаж байгааг үзмэр болгон дэлгэжээ. Монголд сүүлийн үед адуу тамгалахдаа азотын исэл ашиглах болж, үүнийг дагаад зузаан ширмэн тамганы оронд нимгэн төмрөөр хийснийг ашиглах болсон гэдэг. Энэ нь магадгүй манай Монголоос олон тамга Өвөрмонгол руу гарахад хүрсэн болов уу гэдэг бодол төрөв. Ё.Эрдэнэтогтох зохиолч ярихдаа адууны тамга гэдэг эртнээсээ монголчуудын өмчлөх эрхийг баталгаажуулсан хэлбэр байсан гэсэн нь содон сонсогдов.
Малын бүхий л эрхтний хэлбэртэй чулууг олж цуглуулан таван хошуу малын эрхтэн бүрийг дүрслэн харуулсан нь музейн бас нэгэн сонин үзмэрийн нэг байлаа. Байгалийн чулуугаар ингэж харуулж болно гэдэг санааг олсон нь бодож сэтгэж чадвал юугаар ч юуг хийж болохын нэг жишээ билээ. Өөр бас нэг ийм жишээ нь шагай. Тэмээний шагайнаас эхлээд бүр хуруу шилэнд хийсэн томруулдаг шилээр харж болох жижигхэн шагай хүртэл энэ музейд байна. Ийм жижигхэн шагай нь шувууных аж. Музейн үзмэрийн нэгээхэн хэсэг нь орчин үеийн, тэр дундаа шог зургаараа хятадад төдийгүй дэлхийд нэрд гарсан зураач Б.Билэгийн уран бүтээлд зориулагджээ. Энэ мэтээр Зүүн Сөнөдийн музейн үзмэрүүдийг нарийн тоочвол сонин содон зүйл олон.
Манайхан соёлын биет бус өв гэж ярьж хэлдэг. Харин өвөрмонголчууд “Соёлын бодат бус өв” гэх ба үүнд зориулан бас тусгай музей байгуулжээ. Соёлын бодат бус өвийн төвд зочилсон хүмүүс монголчуудын дөрвөн улиралд хэрхэн яаж монгол гэртээ амьдарч ирснийг харуулах бэсрэгхэн жижиг дөрвөн гэрт зочилж, дээс томох, ширдэг ширэх, дээл оёх гэх мэт соёлын биет бус өвд багтах зүйлсийг хэрхэн яаж хийж байгааг үзэж, бүр өөрөө оролцох боломжтой. Өвлийн гэр гэхэд хойморт нь үстэй зузаан дээлнүүд тавиастай бол хаврын гэрийн баруун хатавчны хөшгийг сөхөж, шалыг авч өтөг хийж, хананд нь хурга ишгэнд зориулсан өвс уясан гэх мэтээр дөрвөн улирлыг даган өөрчлөгдөх монгол гэрийн олон талт байдлыг харуулжээ. Биднийг очих үед соёлын бодат бус өвийн төвийн музей дээр тус музейн ажилтан Наранхуар эгч эсгий дээр ширмэл ширж байгаатай таарав. Үүнийг хараад зун нь ах шинэ гэр барьж, айл болохыг угтаж ээж маань өвлийн үдэш цагаан эсгийгээр ширдэг ширж байхад ээждээ тусалж байсан хүүхэд насны дурсамжаа саналаа. Ээжийн маань ширээсний ар өвөр яг адилхан гоё байхад миний ширсний ар тал бөөн орооцолдсон юм болж байсан юмдаг. Ээждээ тусалж гарыг нь түр амрааж байгаад аав минь баярлаж, харин ээж ур муутайхан ширээсийг минь үргэлжлүүлэн гоё болгож байсан дурсамжаа санан Зүүн Сөнөдийн соёлын бодат бус өвийн төвд гоёлын ширээсэнд хэдэн хатгаас нэмэв.
Энэ хоёр музейг байгуулах, үзмэртэй болгох ажилд хошууны засаг захиргаанд томхон алба хашиж байсан зохиолч Ё.Эрдэнэтогтох, одоо ч хуулийн байгууллагад алба хашиж байгаа Содбилэг зохиолч нар биечлэн оролцсон байна. Ё.Эрдэнэтогтох гэж энэ зүгээр суудаггүй эрхэмийн санаачилсан, оролцсон бүтээн байгуулсан ажил Зүүн Сөнөд хийгээд Мандалт хотноо олон байна. Гиннесийн дэлхийн амжилтын номд бүртгэгдсэн “Цомцог гэр”. “Цомцог гэр найрын өргөө” гэсэн хаягтай энэ гэр томоороо дэлхийн амжилтын номд бүртгэгджээ. Тодруулбал, гэрийн дотор талбай нь 800 ам.метр, 192 нарийн, 24 бүдүүн уньтай, дотор баганыг дөрвөн метр урт гурван мод залган хийсэн, 1000 хүний хүлээн авалт хурим найрыг хийх боломжтой. Дэргэд нь 25-40 болон 100 хүн хүлээн авах боломжтой жижиг цомцог гэрүүд бас байна. Энэхүү цогцолборыг санаачлагч нь Ё.Эрдэнэтогтох зохиолч бөгөөд Гиннесийн амжилтын номд түүний хүү Гантигийн нэр дээр 2018 оны наймдугаар сарын 31-нд бүртгэгджээ.
Бид бас нэгэн барималчин уран бүтээлчийн урлангаар зочлов. Урлангийн эзэн Хүрэлбаатар гэж шавилхан бор залуу. Урлан нь хоёр давхар байшингийн багагүй хэсгийг эзэлсэн буюу нэлээдгүй том гэсэн үг. Түүний ажлын байр бол нэг талаасаа хувийн эзэмшлийн урлан, нөгөө талаасаа улсаас дэмжлэг авдаг сургалтын байгууллага. Чулуу болон модоор сийлбэр бүтээл хийдэг байна. Энэ урланг үзэх зуур манай улсын нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байдаг нохойгоо дагуулсан морьтой хүн, жингийн есөн тэмээ цувран алхаж буйг харуулсан тэмээтэй хөшөөний тухай яриа хөөрөө болов. Учир нь тэмээн жингийн цувааны баримал уг урланд том жижиг нэг бус байсан болохоор тэр. Ялгааг нь Хүрэлбаатар тайлбарлахдаа тэмээн жингийн цувааг тэн ачаатай нь, ачаа тус бүр ямар ялгаатай байгааг тодруулан гаргаж харуулж хийсэн гэв.
Өвөрмонголд халуун орны лам гөрөөс гэдэг амьтныг гаршуулан нутагшуулан өсгөж байгаа тухай орчуулагч Н.Пүрэвдагва 2023 онд Зүүн сөнөдөөр зорчсон тэмдэглэлдээ бичиж байсныг уншиж байсан юм. Энэ удаад өөрөө нүдээр үзэж сонирхов. Өмнөд Америкийн Аргентин, Боливи, Перу, Чили, Эквадор зэрэг орны уугуул иргэд болох инкүүд гаршуулж тэжээн ачаа уналгад хэрэглэдэг гэрийн тэжээмэл амьтан. Дунджаар 113 кг жинтэй, 45-60 кг ачаа өдөрт 25-30 км зайд зөөж чаддаг. Мах, ноос, арьс ширийг нь ашигладаг. Ус бага хэрэглэдэг, олон янзын өвс ургамлаар хооллодог ч идэш багатай, номхон дөлгөөн авиртай амьтан гэсэн танилцуулгатай энэ амьтныг лам гөрөөс, тэмээн гөрөөс гэх мэтээр арай өөр өөрөөр нэрлэсэн байдаг аж. Харин өвөрмонголчууд хонин тэмээ гэж нэрлэжээ. Биднийг очих үеэр их сүрэг нь оторт явсан тул цөөн хэд нь хороондоо байлаа. Зэгзийсэн өндөр хөлтэй, тэрэндээ гоёлын гутал өмсчихсөн эсвэл гоёо зүүчихсэн юм шиг харагдах үстэй, бие нь хониноос томгүй атлаа хүзүү нь тэмээнийх шиг урт. Тиймээс тэмээн хонь гэж нэрлэсэн нь оносон ч юм шиг. Эндхийн нэг эрдэмтэн судлаад лам гөрөөсийг авчирч нутагшуулах боломжтой гэж олон жилийн өмнөөс ярьсныг хэдэн залуу ажил хэрэг болгож, зургаа долоон жилийн өмнөөс Австралиас цөөн тоогоор оруулж ирж туршиж эхэлжээ. Харин өнөө бол халуун орны лам гөрөөс өвөрмонголын тал нутагт тэмээн хонь болон нутагшиж, тоо толгой нь ч 2000 хүрчээ. Ашиг шимийн тухайд лавтайяа ноос нь үнэтэй аж. Өвөрмонголоос ирснийхээ дараахан Америк явсан найзтайгаа уулзаж, хоёул явсан газрынхаа сонин хачныг хуваалцахад лам гөрөөсний ноосоор хийсэн пальто монгол мөнгөөр бодоход 900 мянга орчмоор авсан, энэ нь 50 хувь хямдарсан үнэ байсан тухай яриа хөөрөө болсон юм.
Тэмээн хонины аж ахуйгаас гадна үхрийн аж ахуй эрхэлдэг гэр бүлийнхэнтэй танилцлаа. Гэрийн эзэн Үүлэндавалгаа, гэргий Ургамал хоёр дөч гаруй насны улс. Тэднийх махны чиглэлийн үхрийн аж ахуйтай. Тэдний дээр төвлөн эргэн тойронд нь байх бусад малчдад туслах төв байршдаг. Цас ухах машин гэх мэт тоног төхөөрөмжөөр улсаас хангаж өгдөг байна. Бас Үүлэндавалгаа өөрийн эзэмшлийн аж ахуйн байрандаа цас зуд хүндэрсэн нөхцөлд ойролцоо байгаа малчдын малыг оруулдаг бөгөөд үүнийх нь төлөө улсаас тодорхой төлбөр төлдөг гэхчлэн тогтолцоо, зохион байгуулалтын хувьд санаа авууштай зүйл энд бас байна аа.
Зүүн Сөнөд нутгийн нэг бахархал нь Бударын чулуу. Бүр тодруулбал, Сүмтэй бударын чулуу. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Бударын чулууны хагас нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн нутагт оршдог. Бударын чулууны хамгийн алдартай хэсэг нь Бүргэд хад. Нимгэн нимгэн чулуун хуудсыг давхарлаад өрчихсөн юм шиг байгалийн гайхамшигтай бүтээл. Сүмтэй бударын чулууг Өвөрмонголын өөртөө засах орны газар зүйн цэцэрлэг гэж 2016 оноос албан ёсоор нэрлэх болсон гэнэ.
Ё.Эрдэнэтогтох найрагч Бүргэд хадны тухай, Гилгүүдэй баатрын тухай Чингис хааныг аян дайнаас ирэхийг хүлээж нутаг усаа хамгаалж үлдсэн гэх домог; “Ар хөвчийн унага” дууны
“Сүүмийн сүүмийн харагдах нь
Сүмтэй бударын чулуу
Сүүдрээ даган наашилдаг нь
Миний жаахан алдрай” гэсэн мөрийг ишлэн энэ нь Сүмтэй бударын чулуутай хэрхэн яаж холбогддог тухай домог түүхийг хуучлав. Тэрбээр нутаг усныхаа тухай ярихдаа түүх, домгийг дэлгэрүүлэн ярьж тайлбарлах юм. Өөрөөр хэлбэл тэрээр нутаг усныхаа болон хүн ардын үүх түүх, үлгэр домгоо асар сайн мэддэг зохиолч аж. Түүний гэргийг Номингэрэл гэх ба тэднийх хүү, охин хоёртой, ач зээгээ тойруулсан өнөр айл аж. Зохиолч Ё.Эрдэнэтогтох, Содбилэг нарын гэргий нар болох Номингэрэл, Улаанцэцэг гэж хоёр бүсгүй бидэнд Зүүн Сөнөдийн цагаан идээ, дээл гоёлын талаар олон зүйлийг танилцуулж өгсөн билээ.
Намрын дунд сард явсан тул найр хуримтай олон таарсан гэж эхэнд дурдсан билээ. Заримд нь оролцох завшаан тохиосон нь Өвөр Монголын аяллын гурав дахь өдөр Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны Баяннуур балгасын Баяндэлгэр гацааны ачтан буурал ээжийн насны найр байлаа. Найрын эзэн нь Сөнөд найрагч Ё.Эрдэнэтогтохын үеэл эгч Гэрэлмаа. Насны найрыг жилээ тосч хийдэг бөгөөд 61-нээс эхэлж хийнэ. Үүнээс залуу хүн багахан хүрээнд төрсөн өдрөө ёслохоос бус өргөн олныг хамруулдаггүй аж. Насны найрт ах дүүс, үр хүүхэд, нутаг усныхан нь цуглаж хоёр насны морь уралдуулж, найрын 64 бөх, ахмад буюу 50-иас дээш насны 32 бөхийн барилдаан зохиож гацаагаараа нааддаг юм байна. Баяндэлгэр гацаа тэмээний нутаг учраас түрүү бөхийн байд бие гүйцсэн атан тэмээ өгөхөөр зэхжээ. Сонин юм олонтой гоё наадам, идээ хоол элбэгтэй найр хийдэг аж. Гэхдээ архи, айраг сөгнөөд шахаж шавдуулаад байдаггүй, хөлчүүрхэж согтуурхсан улс үгүй амар л юм. Гацаа буюу багийн төв нь манайхны сумын Тамгын газраас ч том байшин барилгатай юм.
Хурдан морины уралдаан нь манай монголтой харьцуулбал, харьцангуй богино зайнд уралддаг нь газар нутаг гэх мэт хүчин зүйлтэй холбоотой гэж насны найран дээр таарсан тэмээчин Давшилт ярив. Түүний ярьснаар бол хол бэлчээртэй тэмээ маллахад бэлчээр нутгийн хомсдолоос болж бэрхшээл учирч байгаа аж.
Монголд уралдаанд оролцож, бас Монгол Улсын энэ цагийн уртын дуучдын торгон магнай болсон дуучин Алтанжаргалтай хамтран дуулсан гэдгээр нь манайхан ихэд сайн мэдэх Цэвэрцэцэг гэдэг цэвэрхэн чиг төрсөн, бас сайхан чиг дуулдаг бүсгүйтэй Зүүн Сөнөдөд уулзаж танилцлаа. Дуулахыг нь сонсож, бас уран бүтээлийн халуун яриа өрнүүлсэн сайхан уулзалт болов. “Алтан хундага” нэртэй цомгоо бидэнд дурсгав. Монгол хувцас бүхий сайхан зургуудаар чимэглэсэн цомогт дууны үгийг монгол бичиг болон хятад, англиар бичиж оруулж. Бас CD-нээс гадна флаш диск бүхий хувилбартай. Өөрөөр хэлбэл, сонсох гэсэн хэн бүхэнд хялбар хэрэглээг бий болгосон зүгээр нэг дууны цомог биш бараг л ном гэсэн үг. Түүний уран бүтээлийн CD-ний танилцуулгад яруу найрагч Ё.Эрдэнэтогтох “Алтан хундага сөгнөсөн ардын дуучин” гэж тодруулан бичжээ. “Сөнөдийн содон дуучин” өргөмжлөлт дуучин Дүүрэнгийн Цэвэрцэцэг, Сөнөд нутгийн нэрт яруу найрагч Ё.Эрдэнэтогтох нар нэгэн нутаг усныхан гэдгээрээ ч, бас уран бүтээлээрээ ч өргөн хамтран ажилладаг уран бүтээлчид аж.
Цэвэрцэцэг дуучин цаашид монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломж гарах байх аа гэж ярьж байна. Алтанжаргалтай хамтран дуулсных нь дараа Монгол Улсад фэйсбүүкт түүний нэртэй олон хаяг бий болжээ. Дуучин Алтанжаргал Цэвэрцэцэг рүү утасдаж, энэ олон Цэвэрцэцэг гэсэн хаягны аль нь жинхэнэ чи вэ гэж асууж байсан гэнэ. Хариулт нь “Аль ч би биш” аж. Тодруулбал, фэйсбүүкт дуучин Цэвэрцэцэг гэж хаяг байвал тэр хуурамч гэсэн үг.
Насны найрын эхний дуу нь чихэнд нэг л ойрхон сонсогдсон нь манай нутгийн бүр тодруулбал, “Хотгойдын унага” гэдэг дуутай ая аялгуу нь төдийгүй үг нь давхцаж байгаа нь сонин санагдав. Лавлаж үзвэл, эл дууны нэр нь “Хөгшин хоохон”. Зүүн Сөнөдийн найр наадам энэ дуугүйгээр эхэлдэггүй аж. Нийтдээ 73 бадагтай, гэхдээ заавал нэг бадаг дутуу дуулдаг гэж Содбилэг найрагч хуучлав. Зүүн Сөнөдийн “Хөгшин хоохон”, хотгойд түмнийхээ сүлд дуу “Хотгойдын унага” хоёрын тухай үзэж судалж бичих ажлыг 2025 онд хийнэ гэж өөртөө нэгэн ажил нэмэв. Хамтран Сүмтэй Бударын чулуут Өвөрмонголын тал нутгаар тав хоног аялсан орчуулагч-зохиолч Н.Пүрэвдагва, түүхч С.Туяа, сэтгүүлч Н.Сарангэрэл, Ц.Энхмаа, яруу найрагч Ц.Галбадрах, гэрэл зурагчин Л.Номингэрэл нар маань ч бас дор дороо л уран бүтээлийн шинэ санаа оноотойгоор ирцгээсэн нь лавтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 252 (7496)