Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 58.1 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхим болон цахимаар нэгдсэн хуралдаанд оролцов.

Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд гишүүн  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлэх, хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр тус тус заасан.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ороод байсан ч хэлэлцэгдэж амжаагүй байгаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулах горимын саналаа албан бичгээр ирүүлснийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт горимын саналаа тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь дэмжлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Засгийн газраас өргөн мэдүүлж Улсын Их Хурлаас хэлэлцэхээр шийдвэрлэсэн Шүүхийн тухай хуулийн төслийн 60 орчим хувьд өөрчлөлт орж, төслийн үзэл баримтлал үндсэндээ өөрчлөгдсөн гэж үзэж байгаа тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах горимын саналаа албан бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулаад энэ саналыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад анхаарч хэрэгжүүлэх боломжтой гэдгийг хэлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа энэ талаарх горимын саналаа тайлбарлаж үг хэлсэн бөгөөд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид ... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2.1-д “эх оронч үндэсний үзлийг дээдлэх, Монгол Улсын иргэн бүрийг үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх, эх оронч үндэсний үзэл, улс үндэстний ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, уйл ажиллагааны эх үндэс болно” гэсэн үндэсний аюулгүй байдлын үйл ажиллагааны зарчим, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бэх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах зорилтод хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэхээр заасан нь хуулийн төсөл боловсруулах гол үндэслэл болсон гэдгийг онцлов.

Монголчуудыг оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудал үндсэндээ орхигдсон учраас энэ асуудлыг төрийн бодлого болгож бүх шатны сургалтын хөтөлбөрт хуульчлан тусгах нь чухал болоод байна. Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын бага ангийн хүүхдүүдэд нэн түрүүнд хүн байхын ухаан суулгах, цаашлаад бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүнлэг чанар, сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн хичээлийг оруулах хэрэгтэйг эрдэмтэн мэргэд сануулсаар байна. Энэ үндсэн дээр санаачлан боловсруулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл нь иргэний боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн харилцааг зохицуулах зорилготойг төсөл санаачлагч дурдлаа.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 99 зүйлтэй бөгөөд хувь хүн хүүхэд наснаас эхлээд зан төлөв, ёс зүй, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нийгмийн үүсгэл санаачлагын нийт байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгджээ.

Хууль батлагдсанаар хүүхэд, залуучууд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшсөнөөр эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь эрс багасна. Хүүхэд, залуучууд ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшин, бага наснаасаа хөдөлмөр эрхлэх арга зүйд суралцсанаар нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, бүтээлчээр хөдөлмөрлөн баялгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хүн хүнээ хайрлах, хүндэтгэх, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах зан чанар төлөвшиж, бие бялдрын хөгжилтэй, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн тоо нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүсэж буй хохирол багасах, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон үргүй зардал буурах, иргэдийн нийгмийн хариуцлага сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг олон үр дагавар гарна гэж төсөл санаачлагчид үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан юм.  Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням олон улсын туршлагаас үзэхэд энэ хуультай ижил утгатай хууль боловсролын салбарт байдаг эсэх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хуульд хуулийн төсөлд тусгасан агуулгатай ижил зүйл, заалт байдаг эсэх, багшийн ажпын ачааллыг бууруулж, олон улсын жишигт хүрэхүйц үндэсний боловсролын тогтолцоо, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг хуулийг хэрэгжүүлэх арга зам, агуулга талаас нь хэрхэн зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа зөв хүн бий болгох, хүний хөгжил, хүн хүнээ хайрлах, хүнлэг сэтгэлтэй байх гэх мэт хүүхдийн төлөвшилд анхаарах ёстой чухал зүйлүүд нь боловсролын багц хуульд тусгагдсан байдаг эсэх талаар асуулт асууж тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан энэ хуулийн төслийг боловсролын багц хуулийн төсөлд тусгаж, тусад нь бүлэг зүйл, заалт нэмж оруулах саналтай байгаа, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төсөлд тусгагдсан заалтууд боловсролын салбарт мөрдөгдөж байгаа иргэний ёс зүйн хичээлийн хөтөлбөрт бүгд багтсан байдаг тул эдгээр хөтөлбөртэй ижил агуулгатай сэдвүүдийг бие даасан хууль болгохыг дэмжихгүй байгаа талаар саналаа хэлжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Х.Болорчулуун, Б.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Т.Энхтүвшин, С.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нарын асуултад төсөл санаачлагч гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар хариулт өгсөн юм. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баярсайхан, Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ё.Баатарбилэг, Ц.Анандбазар нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь хуулийн төслийн агуулга, үзэл баримтлал, хөндөж буй асуудал нь чухал учраас зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ заавал бие даасан хууль гаргана гэхгүйгээр Боловсролын багц хуулийн агуулгад шингээж өгөх, Соёлын тухай хуульд нэмж тусгах, үндэсний хөтөлбөр хэлбэрээр зохицуулах боломжууд байгааг анхаарахыг санал болгож байв. Мөн Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлэх Боловсролын багц хуулийн үзэл санааг гишүүдийн санаачлан боловсруулсан энэ хуулийн үзэл санаанд нийцүүлж боловсруулах нь зохистой гэж үзэж буйгаа илэрхийлж байв.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 50 нь буюу 79.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хороо 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж, энэ талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналуудын хамт нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй 11, дэмжээгүй 1, найруулгын 1 багц санал, мөн хамт өргөн баригдсан бусад хуулийн төслийн талаар гаргасан нийт 17 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 10 дахь заалтын 32.3 дахь хэсгийг “Энэ хуулийн 32.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, энэ хуулийн 32.2-т заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж, 13 дахь заалтын 40.1.7 дахь заалтыг ”Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэний гарах-орох мэдэгдлийг бүртгэх. Энэхүү мэдэгдлийг гадаадын иргэн гарах-орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ” гэж, мөн зүйлийн 14 дэх заалтын 40.1 дэх хэсгийг  “Монгол Улс нь гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь төрийн өмч байх бөгөөд улсын хилээр нэвтрэх зорчигчийн бүртгэлийн нэгдсэн сантай холбогдоно” гэж тус тус өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 61.9 хувь нь дэмжив.

Мөн төсөлд “Цахим виз” гэсэн 6/12 дугаар зүйл нэмж “12.1.Цахим виз нь Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 9 дүгээр хавсралтын холбогдох стандартад нийцсэн байна”, “12.2.Цахим виз олгохтой холбогдох харилцааг энэ хуулийн 9.2.1-д заасан журмаар зохицуулна” гэж зохицуулахыг дэмжив. Түүнчлэн “Визийн төв” гэсэн 7/13 дугаар зүйл нэмж “13.1.Визийн төв нь визийн мэдүүлэг хүлээн авах, хүлээн авсан визийн мэдүүлгийг виз олгох байгууллагад үнэн зөв, шуурхай дамжуулна”, “13.2.Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааг олон улс, эсхүл тухайн улсдаа ийм төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн эдгээдээр гүйцэтгүүлнэ”, “13.3.Визийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журмыг Засгийн газар батална” гэж зохицуулахаар тогтлоо.

Төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтын 9.2.1 дэх заалтын “тогтоох, виз олгох харилцааг зохицуулах” гэснийг “болон визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох,” гэж, мөн зүйлийн 8 дахь заалтын 18.1 дэх хэсгийн “120” гэснийг “150” гэж, мөн зүйлийн 10 дахь заалтын 24.4 дэх хэсгийн “буудал, орон байр, сууцаар” гэснийг “орон байраар” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалтын 15.1 дэх хэсгийн “виз олгоно.” гэснийг “виз олгоно. Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор өдрийн визийг хил дээр олгож болох бөгөөд тухайн виз нь зөвхөн хил орчмын бүлэг жуулчдад хамаарна” гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжив.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.