Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар /12.18/ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Хуулийн төсөлд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой саналыг гишүүд гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тайлбар өглөө. 

Тэрээр "Энэ хуулиар виз олгох журмыг сайжруулж, хяналттай, шуурхай болгохыг зорьсон. Манайхан жуулчны визээр орж ирсэн хятад иргэдийг нийлүүлж тоолоод жилд 300-500 мянган жуулчин ирсэн гэдэг худал тоо гаргаад байдаг.

Гэтэл урдаас орж ирэх жинхэнэ аялал жуулчлал бол хил орчмынх юм. Яагаад гэвэл энэ жуулчид 24 цагийн хугацаатай орж ирдэг. Визээ даруулаад хилээр орж ирээд, хилийн багана дээр зургаа авахуулна, ойр орчмынх нь жуулчны газарт хоол идээд, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг ойр зуурын худалдан авалт хийнэ гэж тооцоход нэг жуулчнаас ойролцоогоор 10-15 мянган юань авч үлдэх боломж бий. Манайхан өөрсдөө хил гараад хамаг мөнгөө тушаадаг, аялал жуулчлал оруулж ирье гэхээр хаалт тавьдаг байж болохгүй. 

Эрээнд ирсэн нэг сая жуулчнаас ядахдаа 100 мянгыг нь ч болтугай оруулж ирээд байвал Замын-Үүд орчмын иргэд, Ханги-Мандалын цаана байдаг дөрвөд хошууны Монгол иргэд орж ирэх боломж бий болох юм. Тиймээс энэ саналыг оруулж ирсэн. Энэ хэмжээгээрээ визийн орлого ч нэмэгдэнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn