Т.САЙХАН
УИХ-ын цахим чуулган /12.18/ эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. .
2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр уг хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд хүүхдийг эх орон, ээж аав, элгэн саднаа хайрлах, дээдлэх учир утгыг ёсчлон сахиулж сургах, хүний жудагтай, хайр энэрэлтэй, найз нөхрөө эрхэмлэдэг, тэсвэр тэвчээртэй, аливаа атаа жөтөө, хийрхлээс ангид, ямагт өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, алдахгүй байхыг хичээдэг зан төлөвт сургахад энэхүү хуулийн төсөл чиглэнэ гэдгийг төсөл санаачлагчид хэлж байв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Үзэл баримтлал, зохицуулах асуудлыг харахаар чухал байна. Нэг л их боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хүмүүс байгаад байгаа ч яг цаанаа жудагтай, хүнлэг хүн ховордсон. Гэхдээ үүнийг хуулиар зохицуулах нь хэр зүйтэй вэ?
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Ерөнхий үзэл баримтлал нь олон жил судлагдаж, олон эрдэмтэд оролцож боловсруулсан тул хүндэтгэж байна. Гэхдээ боловсролын багц хуульдаа тусгаад явбал яасан юм бэ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Та салбарын сайдаар ажиллаж байхдаа Монгол ёс хүмүүжлийн хичээлийг хөтөлбөрийн хэмжээнд баталж, мөрдүүлж байгаа. Тиймээс хэлэлцэх эсэхийг нь шийдээд дараа нь боловсролын тухай хуультай зохицуулж болно.
Гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгаанаас үзэхэд 2017 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 77.1, 2018 онд 76.6 хувь нь 15-40 хүртэлх насны залуучууд байна. Түүнчлэн 2018 онд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 45.7 хувь нь бүрэн дунд боловсролтой, 17.5 хувь нь дээд боловсролтой иргэд байна.
Эх сурвалж:www.polit.mn