Т.САЙХАН
АН-ын X их хурал өнөөдөр /12.18/ эхэллээ. Ардчилсан намын нийт гишүүдээс сонгогдсон 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр улс орон даяар нэгэн зэрэг холбогдон хуралдаж байна. \
Тус их хурал цахимаар хуралдахын тулд Ардчилсан намын ҮБХ, аймаг нийслэл, сум дүүргийн намын хороо анхан шатны үүрүүд цахим хурлыг бүтэн сарын турш хийсэн бөгөөд нийт гишүүдийн 80 гаруй хувь нь намын их хурлаа цахимаар хийхийг дэмжжээ. Мөн “Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг боловсруулсан ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн сарын хугацаанд ажилласан. Өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг дэмжсэнээр ийнхүү намын их хурлаар хэлэлцэхээр болоод байна.
Энэ удаагийн Ардчилсан намын их хурал нь тус намын гишүүд, дэмжигчид төдийгүй иргэд олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Харин энэ удаагийн хурлаар Ардчилсан намын даргын сонгууль болохгүй бөгөөд шинэчилсэн дүрмээ дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох их хурлаа дахин хийхээр тогтжээ.
Эх сурвалж:www.polit.mn