Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Тус хуульд сонгуулийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр тоолохоос гадна 100 хувь гараар тоолохоор тусгасан. Мөн саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийхээр заажээ.  Түүнчлэн энэ удаагийн сонгуулийн хуульд эрх баригчид иргэний сонгох сонгогдох эрхийг зөрчсөн заалт оруулж, хүч түрэн баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анх УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нарын санаачилж өргөн мэдүүлсэн.  Хуулийн төслийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж тусгасан байсан нь шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон агуулгыг илэрхийлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байсан билээ. Гэтэл хуулийн батлахдаа “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчилжээ.  Энэ нь Үндсэн хуулийн зөрчилтэй хууль болсон юм.  Төрийн албан хаагчдад тодорхой хуулийн шаардлага тавьдаг.  Харин сонгох, сонгогдох эрхтэй холбоотой харилцааг ямар нэгэн намын үзэмжээр, даргын дур зоргоор биш зөвхөн Үндсэн хуульд заасан шалгуураар хангадаг.   Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн зөрчилтэйгөөр батлагдлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

-УИХ-ын гишүүн Т.Доржханд:  

- Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж ойлгоод байгаа. Үүнийгээ хуульдаа тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулийн заалт оруулчихаад яагаад үүнийгээ тойроод байгаа юм бэ. Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жил ажиллачихаад дахиж сонгогдож 10 жил энэ төрийг удирдах гээд байгаа юм уу. Бид нар ямар ийм удирдагчтай болох гэж нийгмийг байгуулж байгаа юм уу. Дарангуйлагчийг төрүүлэхгүй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан биз дээ. Үүнийгээ яагаад тодруулж өгөхгүй байгаа юм бэ.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

–Сонгуулийн тайлангийн зардал гэдэг 52 дугаар зүйлийг тэр чигт нь хасаагүй байгаа. Сонгууль их зардалтай болж байгаад тантай санал нэг байгаа. Энэ ганцхан Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдахгүй юм байна лээ. Хэд хэдэн хуулиар зохицуулах юм байна. Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэсэн асуудал байна. Үндсэн хуулиараа нэр дэвшүүлэхгүй гэчихээд Сонгуулийнхаа хуулиар нээгээд өгчихлөө гэсэн асуудал яриад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Үндсэн хуулийг тайлбарлаж болохгүй.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

- Эрх баригчид аа, Та бүхний үнэн төрх чинь л гарч байна. Энэ бол нэг хүнд зориулсан заалт. Намбарын Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оролцуулахгүйн тулд 2009 оноос хойш арван жил сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж байна. Оюутолгой, Тавантолгойн баялгийг ард түмэнд өгье гэсний төлөө аймшигтай хонгилын эздэд чирэгдэж, гүтгэгдэж яваа хүн. Ингэхээр нийт жирийн ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд битгий халдаач. “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг эргэж харах хэрэгтэй. Хэдий хүртэл сонгох, сонгогдох эрхэнд халдах юм бэ. Хэнийг сонгох уу, сонгохгүй вэ гэдгийг ард түмэн өөрсдөө шийддэг.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Миний ойлгож байгаагаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсон. Үүнд сонгох, сонгогдох эрхтэй холбоотой заалтыг онцгойлон тусгасан. Тэгэхээр энэ бол зөвхөн тухайн үеийн эрх барьж байгаа намын хийж байгаа заалт биш.  Ерөнхийлөгчийн сонгууль бус төрийн албан хаагчийн хувьд ч мөн л ийм шаардлага байдаг. Төрийн өндөр албан тушаалтан цэвэр байх ёстой гэсэн зарчмыг аль ч нам барьж ирсэн.

 

Хуулийн онцлох заалтууд

 

-Нэр дэвшигч сонгогчийн тооноос хамаарч аймаг, дүүргийн хэмжээнд 200 хүртэлх сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллаж болно.

-Сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд баримталсан  байна.

- Сонгуулийн сурталчилгааг радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур нэвтрүүлэхгүй.

- Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.

 

БУСАД АСУУДАЛ

 

-Чуулганаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.  Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

-УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын өргөн мэдүүлсэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг  дэмжив.

- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос гаргасан зарчмын шинжтэй санал тус бүрээр санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлахад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

-Засгийн газрын өргөн мэдүүлсэн, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлав.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.18 БААСАН № 242 (6467)