Т.САЙХАН

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байхаар заалт оруулж ирсэн талаар байр сууриа илэрхийллээ.   Хуулийн төсөлд Эрүүгийн хуулиар ял шийтгэл эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гэж заасан. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -МАН-ын нөхөд, эрх баригчид аа, та бүхний үнэн төрх чинь гарч байна. Энэ бол нэг хүнд зориулсан заалт. Намбарын Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оролцуулахгүйн тулд 2009 оноос хойш арван жил махыг нь зулгааж, сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж байна. Нэг үе та нарыг удирдаж явсан, та нарын хамтран зүтгэгч. Оюутолгой, Тавантолгойн баялгийг ард түмэнд өгье гэсний төлөө аймшигтай хонгилын эздэд чирэгдэж, гүтгэгдэж яваа хүн. Ингэхээр нийт жирийн ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд битгий халдаач ээ. Энэ заалтыг бодож үзээч ээ. Хэдий хүртэл сонгох, сонгогдох эрхэнд халдах юм бэ. Гүтгэж авлига албан тушаалын хэрэгт холбогдуулчихаад эрхэнд нь халдаж байгаа явдлыг эргэн бодооч. Хэнийг сонгох уу, сонгохгүй вэ гэдгийг ард түмэн өөрсдөө шийддэг.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:-Миний ойлгож байгаагаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсон. Үүнд сонгох, сонгогдох эрхтэй холбоотой заалтыг онцгойлон тусгасан. Тэгэхээр энэ бол зөвхөн тухайн үеийн эрх барьж байгаа намын хийж байгаа заалт биш. Ерөнхийлөгчийн сонгууль бус төрийн албан хаагчийн хувьд ч мөн л ийм шаардлага байдаг. Төрийн өндөр албан тушаалтан цэвэр байх ёстой гэсэн зарчмыг аль ч нам барьж ирсэн болов уу.

Эх сурвалж:polit.mn