Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд арванхоёрдугаар сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилд хотын Христийн залуучуудын эвслийн сургалтын төвд түүхэнд анхных болох сагсан бөмбөгийн тоглолт 1891 оны энэ өдөр болсон байв. Тоглоомыг биеийн тамирийн багш Жеймс Нейсмит зохиосон бөгөөд түүний бичсэн уг тоглоомын 13 заалттай дүрмийн ихэнх нь өнөөг хүртэл үйлчилж байгаа. Тоглоомын өмнө сурагчидаа бөмбөг шидэж оруулан дасгал хийх зорилгоор манаачаа хоёр хоосон хайрцаг олж ирэхийг Нейсмит гуйсан байв. Манаач нь хоосон хайрцаг олоогүй учир тоор жимсний хоёр сагс олоод иржээ. Тэднийг танхмийн тагтны хоёр талд 3 м 05 см-ийн өндөрт өлгөсөн байлаа. Анхны тоглолтод есөн хүнтэй хоёр баг оролцжээ. Сагсыг 1893 онд тортой төмөр цагиргаар сольсон байв. АНУ-д уг тоглоомын дүрмийг 1894 онд хэвлэв. Сагсан бөмбөгийн самбрыг 1895 онд хийгээд анхны албан ёсны тэмцээнийг тогложээ. Багийн тоглогчдын тоог 1897 онд таван хүн болгосон байна. Сагсан бөмбөгийн үндэсний холбоод 1920-иод онуудад байгуулагдаж, анхны олон улсын тэмцээн АНУ, Итали, Франц зэрэг орнуудын армийн багуудын хооронд явагдсан түүхтэй. Францад эмэгтэйчүүдийн анхны олон улсын тэмцээн 1923 онд хийгдэн түүнд Англи, Итали, АНУ-ын баг тогложээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбоог 1932 онд Женев хотноо байгуулсан юм.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна
1804.12.21. Худал, ичгүүргүй худал ба статистик гэсэн гурван янзын худал байдаг” гэж хэлж байсан Британийн ерөнхий сайд ба зохиолч Бенжамин Дизраэли, 1804 оны арванхоёрдугаар сарын 21-нд төржээ. Тэрээр боловсролоо Лейдены ихэ сургуулиас авсан бөгөөд хожим Их Британийн 40 ба 42 дахь Ерөнхий сайд, Сан хөмрөгийг захирч байлаа. Зохиолчийн хувьд тэрээр уран зохиолдоо байронизм гэх урсгалыг барьж, бүхнийг хийхийхийг зөвшөөрсөн “баатрын” онолыг үргэлжлүүлжээ. Романууддаа тэр өөрийгөө болон улстөрчийн хөргийг гаргадаг байсан нь тухайн цагтаа том дуулиан байлаа. Тэр уран зохиолыг өөрийн нийгэм, эдийн засгийн бодлогыг сурталчлах сурталчилгаа болгож чадсан байв.
1899.12.21. Оросын хамгийн алдартай, долоо хоног тутмын уран зохиол, мэдээллийн “Огонек” зурагт сэтгүүл “Биржийн мэдээ” сонины хавсралт болон анхны дугаараа гаргажээ. Уг сэтгүүлийг томоохон хэвлэн нийтлэгч С. Проппер гаргасан байлаа. «Огонек» 1902 оноос бие даан гарч 120 мянган хувиар хэвлэгдэн алдар нэр нь өсөв. ХХ зууны эхээр найман хуудсаар гарч байсан уг сэтгүүлийн гуравны нэгийг гэрэл зургийн сурвалжлага эзэлж байлаа. Октябрийн хувьсгалын дараа сэтгүүл хэвлэгдэхээ больсон байснаа хориод онд Зөвлөлтийн сэтгүүлч, редактор Михаил Кольцовын санаачлагаар түүнийг сэргээсэн байв. 1923 онд 42 мянган хувиар хэвлэгдэж байсан сэтгүүл жилийн дараа 125 мянган хувь,1925 онд хагас сая хувиар хэвлэгдэн тараагдаж байжээ.Өөрчлөлт шинэлэлийн гэх жилүүдэд сэтгүүл хамгийн дээд хэмжээгээр уншигч нартаа үнэлэгдэж байсан билээ. 1995 онд сэтгүүлийн хэмжээг барууны зурагт сэтгүүлүүдийн стандартад оруулсан ба шинэ “Огонек” Оросын хамгийн эртний сэтгүүл хэвээр үлдэн уламжлалаа хадгалсаар байна.
Эх сурвалж: www.zms.mn