Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаан /12.17/ үргэлжилж байна.  Чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:-  Сонгуулиар  хөрөнгө их зардаг байдлыг зогсоох хэрэгтэй. 
СЕХ-ноос гаргаж байгаа зардал өндөр тавигддаг. 400-500 сая төгрөгт хүргэж энэ зардлыг хөөргөддөг. Тиймээс ухуулагчдын зардлыг бууруулах нь зөв гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -УИХ-ын сонгуулийн тухай хуульд 200 сонгогч тутамд нэг ухуулагч гэсэн заалт орсон. Энэ заалт сонгуулийн зардлыг хамгийн их өсгөж байгаа. Үүнээс татгалзая гэсэн боловч АН-ын бүлгээс энэ саналыг оруулж ирсэн юм билээ.  

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Хуулийн төсөл дээр 800 сонгогч тутамд нэг ухуулагч байна гэж оруулж ирснийг АН-ынхан 200 болгох санал гаргасан юм байна. Ухуулагч нарын тоо заахгүйгээр цөөн байлгах зохицуулалт хэрэгтэй. Үүн дээр мэдээллийн технологи ашиглая. Блокчэйн буюу гар утсаараа санал өгдөг зохицуулалт руу шилжье. Үүнийг ашиглах боломж хэр байгаа вэ. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших үү гэдэг асуултад хариулт авмаар байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвшихгүй гэдэг заалт оруулсан. Үүнийг одоогийн хуульдаа тодорхой оруулж өгөөч. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшиж сонгогдвол 10 жил Ерөнхийлөгч байх нь. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сонгуулийн зардлын тайлантай холбоотой хэсгийг хасаагүй. 
Сонгууль их зардалтай болж байгаатай санал нэг байгаа. Гэхдээ энэ асуудал сонгуулийн тогтолцоо болон Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагдана. Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх асуудлыг Үндсэн хуульд заасан. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар Үндсэн хуулийг тайлбарлаж болохгүй. Тиймээс Үндсэн хууль болон сонгуулийн ерөнхий хуулиа баримталж байгаа. 

Эх сурвалж:www.polit.mn