Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. 

Шадар сайд Я.Содбаатар "Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэй байгаа. Оторт явж байгаа нийт малчдад дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарим барааг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Уг хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ. Хүнсний бүх төрлийн улаанбуудай, ургамлын тосны жагсаалт батлах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдлээ. Улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгох ажлыг эхлүүллээ" гэлээ. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Өвөлжилт хаваржилтыг давж туулахтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим мянган өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой гарах тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn