Т.БАТСАЙХАН
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Манай улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй гэдгийг судлаачид хэлсээр ирсэн. Өнгөрсөн онд шүгэл үлээгчийг хуулиар хамгаалах тухай хүчтэй яригдаж байсан ч тэгсгээд намжсан. Харин энэ удаа “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
- Энэ хуулийн төсөл оройтож орж ирлээ. Хүний эрхийг хангах асуудал манайд хангалтгүй байгаа. Гадаадад түр оршин сууж байгаа иргэдийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд ГХЯ-ны эрхзүйн туслалцаа хэр үзүүлдэг вэ. Ер нь үзүүлж чадаж байна уу. Судалгаа байна уу.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Шүгэл үлээгч бол ямар ч асуудлаар, хэн ч байж болно. Хуульд хэнийг хорооны гишүүнээр оруулах уу гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Зөвхөн хүний эрхийн асуудлаар долоогоос доошгүй жил ажилласан байх шаардлагатай. “Би чадна” гэдэг хүмүүс орох боломжгүй. Бид ардчилсан оронд амьдардаг, тэр утгаараа хүний эрхийн институт нь бүрдчихсэн болохоор яг ингээд л сэтгэл ханачихсан. Харахад хүний эрхийн бүх институт нь байна. Хуулийн давж болохгүй босгыг нүдээ аниад “Дарга хэлсэн” гээд л даваад байгаа. Ингэж давах тоолонд нэг хүний эрх зөрчигддөг. Нэг эрх нь зөрчигдсөн сэхээтний цаана хэдэн мянган энгийн иргэдийн эрх нь чимээгүй зөрчигдөж байдаг гэсэн үг. Хамгийн их дуу шуутай, үзэл бодлоо хэлдэг хүмүүсийн эрх нь зөрчигдөж байхад цаана нь дуугардаггүй хүмүүсийн эрх бүр зөрчигдөж байдаг.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Энэ хуулиар ХЭҮК-той ижил үүрэгтэй, эрх, үүргээ булаалцалдсан байгууллага бий болох вий гэсэн болгоомжлол байна.
ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид:
-Субъектив эрх зөрчигдсөн тохиолдолд хууль эрхзүйгээр шийдэгдэж чадаж байна. Харин нийтийн, бүлэг хүмүүсийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулийн зохицуулалт учир дутагдалтай байна. Тухайлбал, эрх зөрчигддөг атлаа түүнийгээ илэрхийлдэггүй бүлэг бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тээврийн жолооч, туслах малчин гэх мэт бүлэг хүмүүсийн эрх зөрчигдөх асуудал түгээмэл бий. Энэ хүмүүс асуудлаа хүний эрхийн зөрчил гэж харахгүйгээс гомдол гаргадаггүй. Ийм хүмүүсийн эрхийг хамгаалахад энэ хууль чиглэгдэж, хүний эрхийн хамгаалагч нар хамтарч ажиллах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Бүх хүн эрх ярьдаг, үүрэг ярьдаг хүн байхгүй болсон. Хүний эрх хамгаалах асуудал бүх хүмүүсийн үүрэг. Хүн бүр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Сүүлийн үед техник, технологи их хөгжсөн. Сошиал орчин “лайв” хийж бусдыг үг хэлээр доромжлох, хүний эрхийг зөрчих асуудал их гарч байна.Үүнийг хуулиар хязгаарлах боломж алга. Манайд хувь хүнийхээ үүргийг мартсан хүмүүс их байна. Манайд эрх чөлөө багадаагүй. Сүүлийн үед эх оронч дүр эсгэж байгаа хүмүүс ч өөрийнхөө эрх ашгийг төлөө явж байна гэлээ. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.16 ЛХАГВА № 240 (6465)