Ч.ОЛДОХ
Авлигын эсрэг олон улсын өдөр өчигдөр тохиож, Казахстан улсын Авлигатай тэмцэх газар цахим хурлыг удирдан зохион байгуулав. Цахим хуралд 15 улсын төлөөллөөс гадна НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээ гэсэн байгууллага оролцлоо.
Казахстан улсын талаас хүсэлт тавьсны дагуу Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тус хурлыг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын хүнд үед манай салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглах боломжоор хангаж, энэ хурлыг зохион байгуулж буй Казахстан улсын Авлигатай тэмцэх газрын хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлж, БНХАУ, Хонгконг, БНСУ, Азербайжан, Англи, Тайландын авлигатай тэмцэх байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж идэвхтэй хамтран ажиллаж байна.
Мөн Интерпол, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигын эсрэг олон улсын академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга гэсэн олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, сургалт явуулах, албан хаагчдыг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллаж ирлээ. Бид дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлыг даван туулж, удахгүй сайн цаг ирэхэд, өндөр түвшний айлчлалаас гадна албан хаагчдаа харилцан илгээж, авлигын эсрэг мэдлэг туршлагаа хуваалцан, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Цахим хурлаар улс орнууд авлигын эсрэг олон улсын сайн туршлага, стандартуудын талаар санал солилцсон байна. Энэ үеэр иргэний хяналт, авлигын эсрэг цахим хэрэгслүүд, үндэслэлгүй хөрөнгөжих, авлигын хэргийн ял шийтгэл гэсэн өргөн хүрээний асуудлыг онцлон хэлэлцээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.10 ПҮРЭВ № 236 (6461)