Т.САЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Шүүхийн тухай багц хуулийн төслийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулж  Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлжээ.  АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгасан байна.  Одоогийн мөрдөж буй Авлигын эсрэг хуулийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг.

Тэгвэл өөрчлөлт оруулж буй хуулийн төсөлд АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилдог нь хэвээр, зөвхөн дарга нь дэд даргаа томилдог болох өөрчлөлтийг тусгасан гэдгийг онцолж байв.   ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “АТГ-ын дэд дарга нь төрийн албан тушаалтад хамаардаг. Түүнийг Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаагаар хангадаг байсныг энэ удаагийн өөрчлөлтөөр болиулж байгаа.  Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтны ангилалд багтдаг албан тушаалын жагсаалтаас АТГ-ын дэд даргыг хасч  байна гэв.  Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

- Монгол Улсын 2005 онд Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Энэ хуулийн төсөл бидний нэгдэн орсон конвенцыг зөрчиж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг нь улс төрийн хүсэл зоригоос хамаардаг. Даргыг нь хэн томилох вэ гэдгийг олон талаас нь ярьж байж 2008 онд хууль нь батлагдсан түүхтэй. 10 гаруй жилийн дараа энэ байгууллагыг татан буулгах ажиллагаа эхэлж байна гэж харж байна. Яагаад гэвэл даргыг хэн, хаанаас томилох вэ гэдэг нь өөрөө энэ байгууллагын тогтолцоотой холбоотой асуудал юм. Хамгийн том асуудал нь энэ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-АТГ-ын дэд дарга нь эзэнгүй байгаа. Хурдан эзэнтэй болгох ёстой. Хуучин хуулиар улстөрчдийн томилгоо хоёр талдаа гараад, ажил алба хоёр талцдаг, эрх үүргээ булаацалддаг байсныг нэг болгож, АТГ-ын дарга нь өөрөө үүрэг хариуцлагаа үүрээд явах нь зөв. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа түүнтэй адилтгах зэрэг тогтоохыг хасна гэжээ. Гэхдээ одоогийн эрхэлж байгаа ажлынх нь ажил үүрэг хэвээр хадгалагдана биз дээ. Хуулиар эрх үүргийг нь хязгаарлаж байгаа юм биш биз. Мөн бүрэн эрх үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэжээ. Хууль батлагдсанаас хойш дэд дарга шинээр томилогдсон өдрөөс эхлэх үү.

Ажлын хэсэг:

-Ажлын чиг үүрэгтэй холбоотой асуудалд өөрчлөлт орохгүй. Дэд даргыг энэ хууль батлагдаж, төрийн албаны хуулиар хугацаагүй томилогдоно гэсэн үг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-УИХ дээр дарга, дэд даргыг томилохын тулд тохироо хийдэг байдлыг нэг мөр болгох гэж байгаа нь буруу биш байж магад.  Гэхдээ хуульд ТЕГ-ын дэд даргын үүрэг, АТГ-ын дэд даргын үүрэг гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ нь олон толгойтой болгодог байсан. Харин энэ удаад толгойг нь нэг болгож байгаа нь муугуй санаа байж магадгүй. Тагнуулын даргыг Засгийн газар томилдог, дэд даргыг Ерөнхий сайд томилдог ч тэргүүн дэд дарга гэж нэг албан тушаал гаргаад ирсэн. Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга гэсэн асуудал хуульд бичигдсэн зүйл байхгүй шүү.

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.9 ЛХАГВА № 235 (6460)