Б.ДАМДИН-ОЧИР

 

Монголын төр 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд COVID19 цар тахлыг дотооддоо алдсанаа нийтэд мэдэгдсэн. Ингээд маргаашаас нь улс даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоож, үүнийг нэг удаа сунгаад байна. Дахин сунгах эсэхийг өнөөдөр шийднэ.Тэгвэл дэлхийг түгшээж, нөмөрч буй COVID 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар гаргасан “түр” хуулийн хүрээнд байгуулагдсан Түр хороо гэж бий. Түр хороо энэ хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй.  Гэхдээ хууль батлагдсан энэ оны дөрөвдүгээр сараас хойш Түр хороо хоёр дахь бүрэлдэхүүнээрээ 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд анх удаа хуралджээ.  Өөрөөр хэлбэл, халдварыг алдаж, хатуу хөл хорио тогтоохоос найм хоногийн өмнө хуралдсан байгаа юм. Энэ хурал дээр ямар асуудал яригдсан, хэн юу хэлсэн талаар товчлон хүргэе. Хуралдааны эхэнд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар COVID19-ийн эсрэг авч буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар товч танилцуулжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Гадаадаас ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн мэдээллийг ил тод байршихүй байгаагаас болоод биднийг болоод та бүгдийг ч зовоодог байх. Жагсаалтад оруулаад өгөөч, онгоцонд суулгаад өгөөч гээд. Энэ асуудал ил тод байх юм бол аль аль талдаа амар болох гээд байна. Тэгэхгүй болохоор юу гэдэг юм байнга одоо УИХ-ын гишүүдийг холбогдох албан тушаалтнуудыг зовоодог та нарыг бид нар зовоодог. Хоёрдугаарт хэдий хэмжээний хөрөнгөөр та нар хоорондоо яаж гүйгдэж зохицуулагдаж зарцуулагдсан бэ. Энэ мэдээлэл дээр бол найман тэрбум орчим төгрөгийн хандив авсан юм байна. Үүнээс долоон тэрбум орчим төгрөг зарцуулсан юм байна. Тэгвэл төсөв хооронд гүйлгээд Засгийн газар шийдвэр гаргаад хэдий хэр хэмжээний хөрөнгийг зориулалтын бусаар гэдэг юм уу энэ COVID19-ийн эсрэг энэ урьдчилсан сэргийлэх ажилд зарцуулсан бэ. Гурав дахь асуулт нь COVID 19-тэй тэмцэх зорилгоор баталсан хууль дээр  Засгийн газар холбогдох яамнууд агентлагуудад ийм, ийм томилгоо ингэж хийнэ гэсэн зүйл заалт ерөөсөө байхгүй байгаа юм. Ямар хуулийн ямар заалт бариад Төрийн албаны хууль болон бусад хуулийн шаардлага хангаагүй албан тушаалтнууд энд тэнд томилогдоод байгаа юм бэ?

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар:

-Иргэдийн мэдээллийг ил тод нээлттэй болгох асуудал чухал байгаа. Долдугаар сарын 20-ны өдөр УОК-ын даргын хувьд гадаадаас ирж байгаа иргэдийн мэдээллийг ил тод болгох чиглэлээр үүрэг өгсөн. Ер нь бол иргэдээс хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал тавиад байгаа юм. Наашаа ирж байгаа онгоцны билет, энд ирээд тусгаарлагдах байранд 50 мянган төгрөг төлөөд 21 хоног байх 1 050 000 төгрөгтэй холбоотой санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэдэг асуудал их тавьж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөс 224 сая төгрөг тавигдсан байсан. Энэ мөнгө бол долдугаар сар гэхэд үндсэндээ дууссан. Тийм учраас 300 сая төгрөгөөр нэмж энэ санд мөнгө байршуулсан. Мөн бид НҮБ-ын дэргэдэх олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагаас мөн дэмжлэг авч, наймдугаар сараас хойш 500 гаруй иргэдэд 2,7 тэрбум төгрөг зарцуулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:

-Засгийн газраас цар тахлын үр нөлөөг бууруулах, иргэдийн орлогыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг дэмжих энэ чиглэлээр 12 төрлийн багц арга хэмжээ хэрэгжүүлсэн. Энэ онд төсөвт ирж байгаа ачаалал нь 2,4 их наяд төгрөг болж байгаа. COVID19-ийн эсрэг хуулийг хэрэглэж төсөв хооронд буюу хүүхдийн мөнгө дээр шилжүүлэг хийх зайлшгүй шаардлага үүссэн. Төсөвт 20 мянгаар тооцоод 240 тэрбум төгрөг суусан байсан. Нийт тодотгол хийхээс өмнөх энэ оны нийт хүүхдийн мөнгөнд 874 тэрбум төгрөг шаардагдаж байгаа.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат:

-Төрийн албаны 25.1 дэх хэсгээр бол “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилно” гэдэг зохицуулалт байгаа. Тэгэхээр саяын Төрийн албаны тухай хуулийн 25.1 дэх хэсэг, дээр нь COVID19-ийн эсрэг хуулийн 3.2 дахь хэсгийн дагуу өнөөдөр Засгийн газраас эрх бүхий албан тушаалтнуудыг түр хугацаагаар томилж байгаа. Энэ хугацаа нь COVID19-ийн эсрэг хуулийн дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг өдөр хүртэл хүчинтэй байна. Энэ хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусгавар болбол цаашаа бид нар Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтаа зарлаад нөхцөл шаардлагыг нь хангуулаад явна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Тэгэхээр COVID19-ийн эсрэг хуулийн 3.2 дахь заалтын дагуу Засгийн газрын томилгоонууд хууль зөрчихгүй гэж байна. Засгийн газраас гадна орон нутаг дахь томилгоонуудад энэ хуулийн заалт бас хамаарна биз дээ. Өөрөөр хэлэх юм бол аймгийн Засаг дарга томилгоо хийх юм бол энэ хуулийн заалтын дагуу томилох нь байна. Төрийн албаны хууль хамаагүй юм байна. Яамны сайд нар агентлагийн дарга томилгоо хийхдээ энэ хуулийн заалтын дагуу Төрийн албаны хуулийг үл тоогоод томилчих юм байна. Энэ бол хууль зөрчихгүй биз дээ?

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат:

-Зарим нь бас зөрүүтэй ойлгогдож магадгүй байгаа. Хуулийн заалт нь бол УИХ-ын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн гэдэг ийм зохицуулалт орсон. Энэ хоёр сонгуулийн хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн төрлийн тухайн асуудлыг шийдсэн тухайн салбарын хууль тогтоомжоор шийднэ гээд ийм зохицуулалт л явж байгаа. Тэгэхээр энэ заалтыг л барина гэсэн үг.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Чуулган дээр Ц.Даваасүрэн гишүүн “...Дэлхийд 21 хоногийн тусгаарлалттай улс орон гэж алга” гэж хэлсэн. Тэгэхээр энэ 21 хоногийн хугацааг хэрхэн яаж тооцож байгаа юм бэ. Бас экспортын асуудалтай холбоотой нөхцөл байдал нь ямар байгаа юм бэ. Дараагийн нэг зүйл бол урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийн биелэлт ер нь ямархуу түвшинд байна вэ?

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар:

-Дотоодын халдвар халдаагүй, өвчин байхгүй байгаа учраас наймдугаар сарын 1-нээс нийгэм эдийн засгаа хэвийн горимд шилжүүлэх шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. БНХАУ-тай тохирч хилийн боомтуудаар, ялангуяа өмнөд боомтууд дээр ногоон гарц, түр журмыг гаргаж уул уурхайн бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүллээ. Дотоодын үйлдвэр үйлчилгээ, худалдааны салбарын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн. Одоо бол Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаанд ямар нэгэн хориг саад байхгүй.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Манай улсад тусгаарлалтын хоног 21, бусад улсуудад 14 хоног байгаа. Энэ нь бусад улсууд дотооддоо халдвар халдсан, гаднаас ирж байгаа хүмүүсээс нэг, хоёр хүн тэндээс халдвартай гарахад бол тэр улсуудад халдварын тархах эрсдэл багатай гэж үзэж байгаа. Манай улсын хувьд нэг хүн халдвартай хүн ард иргэдийн дотор гаргахад дотооддоо халдвар халдана гэсэн үг. Тийм учраас нэг ч хүнийг дотооддоо халдвар халдуулж дотооддоо халдвар тархаахгүй гэж байгаа учраас 21 хоногоо баримталж явах нь зүйтэй.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:

 -Өчигдөр хилээр 1341 авто тээврийн экспортын автомашин нэвтэрсэн. Экспортын нүүрс бол 135 мянган тонн байгаа. Оны эхнээс 24,2 сая тонн нүүрс,  1 150 000 тонн зэсийн баяжмал, 7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон. Гаднаас авч байгаа зээл тусламжийн хувьд 199 сая ам.долларыг бол төсвийн дэмжлэг дээр хүлээж авсан. Цаашдаа төсвийн дэмжлэг хүлээж авахаар яриа хэлэлцээр хийж байгаа. Дээр нь бол шууд төслийн журмаар одоо яг энэ эмнэлгийн тоног төхөөрөмж хамгаалах хэрэгсэл зэрэг энэ чиглэлээр ковидтой холбоотой түнш байгууллагуудаас төслийн шугамаар бол нийтдээ 117,8 сая долларын хэлэлцээр хийгдсэн. Азийн хөгжлийн банкнаас 32,1 сая доллар. Дэлхийн банкнаас 29 сая доллар. Японоос 9,8 сая долларын ийм зээлийн хэлэлцээр хийгдсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-COVID19-ийг дэлхийн улс орнуудын зарим нт яг тарваган тахал шиг,  зарим нь бол энэ байдаг л нэг уушгины хурдан тархдаг ханиад гэсэн байдлаар хүлээж авч байна. Манай улс дотооддоо алдаагүй л гэж байгаа юм. Би дотооддоо алдаагүй гэдэгт итгэдэггүй хүний нэг.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Дотооддоо алдаагүй улсын нэг гэж ойлгож болно. Манай улсын хувьд дотооддоо ерөөсөө коронавирусийн халдвар алдаагүй гэдэг тогтоогдсон. Гэхдээ үүнийг ямар нэгэн байдлаар ханиад гэж ойлгож болохгүй. Маш аюултай вирус амь насанд эрсдэл учруулна гэж ойлгох нь зүйтэй. Тийм учраас энэ вирусын халдварыг дотооддоо халдварлахгүй байх арга хэмжээнүүд дээрээ бол хатуу байр суурьтай байх нь зүйтэй гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Ямар ч байсан ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебргэйсус Монгол Улсад баяр хүргэж “...Халдвар хамгаалал урьдчилан сэргийлэх зөвлөмжийг үнэхээр гайхалтай одоо мөрдөж чадсаны үр дүнг Монгол Улс харууллаа” гэж хэлсэн. Энэ сайхан мэдээ. Тэгэхээр энийгээ бид цаашдаа баталгаажуулж хамгаалах асуудал бол нэн чухал.

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар:

- Ер нь бол бизнес эрхлэгчдээ, аж ахуйн нэгжүүдээ дэмжье гэж ажиллаж байгаа. Нийгэм эдийн засгийн хүндрэл бэрхшээл ялангуяа ажлын байрыг хадгалах хамгаалах чиглэлд Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авсан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:

-Татварын алданги торгуулиас нэг удаагийн чөлөөлөлтөд  12783 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Дээр нь бол 1,5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөхөд 105 мянган аж ахуйн нэгжийн 45 тэрбум төгрөгийн татвар чөлөөлөгдсөн. Цалин хөлс, шагнал урамшуулал болоод хүн амын орлогын албан татвараас 700 мянга гаруй ажиллагсдын 175 тэрбум төгрөгийн татвар чөлөөлөгдсөн байна. Нийгмийн даатгалыг энэ жилийн хувьд долдугаар сарын 1 хүртэл бүрэн чөлөөлсөн. Нийтдээ 880 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал чөлөөлөгдсөн. 2021 онд үүнийгээ үе шаттай буцааж сэргээж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Маск, хамгаалалтын хувцасны үйлдвэрлэл, хангалт нь хэр байна вэ. Нөгөө талаар гар ариутгах бодис сум багийн түвшинд туйлын хангалтгүй байгаа. Үүнийг дотоодын үйлдвэр хангаж чадах уу.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Малгай, маск, хамгаалалтын хувцас хэрэгслийн хангалт одоогийн байдлаар хангалттай байгаа. Энийг алслагдмал, ялангуяа шаардлагатай байгаа орон нутгуудад хүргэхэд анхаарч байгаа. Гар ариутгагч мөн адил. Хил гааль дээр ажиллаж байгаа энэ нийт эмч эмнэлгийн ажилчид болон бусад ажилчдад илүү цагийн мөнгө урамшууллыг олгох ёстой хэмжээгээр нь олгож байгаа.

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар:

-Манай аж ахуй эрхэлж байгаа, ялангуяа үйлчилгээний салбарынхан энэ оны найман сарын 1 хүртэл амаргүй байсан. Тийм учраас бид нар нэгэнтээ дотоодод алдаагүй байгаа учраас аль болох энэ аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бол урлаг соёлын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, спортын арга хэмжээ зохион байгуулах, энэ үйлчилгээний салбарын гол, гол үйлчилгээнүүдийг хэвийг горимд шилжүүлэх энэ чиглэлээр бол шат дараатай ийм арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Цар тахал Монголд орж ирсэн тохиолдолд ямар нэгэн нөөц төлөвлөгөө байна уу?

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар:

-Нөөц төлөвлөгөө байгаа. Ер нь манай улс бол энэ COVID19 цар тахалтай тэмцэх чиглэлээр стратеги төлөвлөгөөгөө эрт баталсан.

ДЭМБ, олон улсын байгууллагууд ч гэсэн манай стратеги тактикийг “...Зөв байна” үзэж байгаа.

Хэрэв дотоодод энэ халдвар тархсан үүссэн тохиолдолд ямар байдал бий болох вэ. Энэ үед эрүүл мэндийн салбар хэчнээн ор дэлгэх вэ. Энэ дэлгэсэн орны дагуулаад амьсгалын аппарат хэд байх вэ. Хэчнээн эмч ажилтан хэрэгтэй вэ. Аль бүс нутагт гарвал яах вэ гэдэг талаар нэг бүрчлэн цаасан дээр буусан төдийгүй бид нар энэ бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа гэдгийг бас хэлье.

Манай дотоодод өвчлөл орж ирлээ гэхэд эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлтээр бол хүн амын дунд халдвар нэг хувьд нь тарлаа гэхэд 332000 хүн халдварт өртөнө. Үүний 4935 хүний биеийн байдал хүндрэх, 1645 хүний байдал маш хүнд байдалд орж эрчимт эмчилгээнд орох, 1481 хүн нас барах магадлалтай байна гээд ингээд мэргэжлийн байгууллагуудын гаргасан тодорхой дүгнэлтийн дагуу стратеги төлөвлөгөөтэй явж байгаа гэдгийг хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.9 ЛХАГВА № 235 (6460)